Монгол эмэгтэйчүүд гоо сайхны баталгаагүй тарилга, эм бэлдмэлийн араас хошуурч байна

🕔 2017/04/06 11:01


Монгол эмэгтэйчүүд гоо сайхны баталгаагүй тарилга, эм бэлдмэлийн араас хошуурч байна

Монголчууд аливаа  нэг зүйлд хошуурахдаа, бусдад хууртагдахдаа амархан хүмүүс. Хэдхэн сарын өмнө луйврын "Житайм” сүлжээнд ороод эдийн засгаараа хохирсон иргэд өнөөдөр УМБГ-ын үүдийг сахиж сууна.

Тэгвэл сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон цахим хуудсанд гадны гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ болон нүүрний арьсыг маш гоё болгодог гэх тодотголтой тариа тарилга, эм бэлдмэлд  манай охид хүүхнүүд шунан дурлаж, араас нь хошуурч эхэллээ.

Гэвч энэ тариа, эм бэлдмэл хаанаас, хэзээ орж ирсэн нь мэдэгдэхгүй, хаяг хугацаа тодорхойгүй тариаг эмэгтэйчүүд  нүүр болон элдэв булчиндаа тариулж эрүүл мэндээр хохироох эрсдлийг дагуулаад байна. Үүнийг ойлгох сөхөө ч үгүй хошуурч,  дурлаж байна. "Гоё сайхан, тунгалаг гэгээн царайтай болж байвал элдэв эрсдэл золиос хамаагүй” гэсэн ойлголттой олон эмэгтэйтэй таарав. Тэд "гоё залуу болгодог, арьс чангаруулдаг” гэх эм тарилгыг бүр шүтэж, эрүүл мэндэд цаашлаад амь насанд эрсдэл гарахыг ч үл тоох юм.

Цагаан сарын дараахан юмдаг. "3, 4 дүгээр хороололд айлын гэрээр явж  гоо сайхны тариа хийж байна” гэсэн зар олж харав.

Зарын дагуу утас руу нь холбогдлоо. Нэг эмэгтэй "Миний дүү гэрийн хаягаа хэлчих, эгч нь очоод хийгээд өгнө. Үнийн хувьд 250 мянга шүү. Эхлээд 50 хувийг нь шилжүүлчих. Элдэв асуудал гарахгүй, баталгаатай найдвартай” гэлээ.

Учрыг нь улам лавшируулж "Ямар үйлчилгээтэй тариа вэ. Би энэ тариаг нүүрэндээ тариулсны дараа ямар өөрчлөлт гарах юм бэ” гэсэн асуултад тэрбээр "Өөрийн чинь цуснаас авч Солонгосын гоо сайхны тарианд хийнэ. Өөрөөр хэлбэл найруулна гэсэн үг. Тэгээд нүүрний судас дайруулахгүй тарина. Гүн үрчлээтэй бол сард 1-2 удаа хийлгэх шаардлагатай. Тариа хийлгээд 14 хоногийн дараа нүүрний арьс залуужиж, өнгөлөг болно, үрчлээ арилна. Эхэндээ бол эвгүй хөх эрээн арьстай болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ арьс гуужиж цаанаас нь шинэ толигор арьс гарч ирнэ” гэж тайлбарлаж өгөв.

Түүнчлэн тэрбээр үргэлжлүүлэн "БНСУ-аас албан ёсны зөвшөөрөлтөй оруулж ирсэн тариалгаа олон эмэгтэйд хийсэн. Тэдний царайг харах юм бол үнэхээр гоё болсон байгаа шүү” гэж ярих нь тариагаа рекламдаж, мөнгө олох гэсэн арга заль нь бололтой.

Ингээд тэр эмэгтэйгээр нүүрэндээ тариа хийлгэсэн гэх хоёр эмэгтэйтээ уулзлаа.

50 гаруй настай эгчийн нүүр толийж гялайсан харагдав. Хэн ч түүнийг харсан 50 настай гэж хэлэхээргүй залуу харагдав. Тэр эгч насаараа л ийм төрлийн тариа нүүрэндээ сийчүүлэн хийлгэж байгаагаа ярив. Гоё сайхан болгохын тулд тодорхой хэмжээний золиос эмэгтэй хүнд байх хэрэгтэй гэж өөрийгөө зөвтгөнө.

Харин 20 гаруй насны эмэгтэй Цагаан сараас өмнө нүүрэндээ тариа тариулжээ. Гэвч өөрийнх нь биеийн дархлаа, нүүрний арьсны онцлогоос болж нүүрэнд нь өөрчлөлт, өө сэв гарсан гэнэ. Зүүгээр сийчиж тариулсан сорви нь арилаагүй, нүүр нь бараан өнгөтэй, дээр нь их сорви үлджээ.

Нүүр нь зовиуртай эмэгтэй "Шөнө унтахад ч эвгүй юм. Хавдаад хөхрөөд байх юм яах вэ” гэж асуухад нөгөө тариа тарьсан эгч "Удахгүй зүгээр болчихно айлтгүй” гээд хийдэг тарианыхаа зургийг надад харуулав. Би энэ тариа баталгаатай эсэхийг нь асуув.

Энэ тариа яг хаана хэзээ үйлдвэрлэгдсэн он сарыг нь харж болох уу?

-Би өөрөө БНСУ-аас оруулж ирдэг юм. Баталгаатай найдвартай, хугацаа нь хайрцган дээрээ байдаг. Би хайрцгийг нь үлдээсэн байна.

Тариулсаны дараа ямар нэгэн эрсдэл гарвал яах вэ?

–Ямар нэгэн эрсдэл гарахгүй ээ. Гэхдээ хувь хүний арьсны онцлогоос хамаарч олон хоног нүүрний арьс гэмтэж эдгэрэхгүй явах тохиолдол бий.

-Та яг энэ тариаг тарих гоо сайхны мэргэжлийн эмч мөн үү?

-Мөн. Ингэтэл өөрөө энэ тариаг сонирхоод байгаа юмуу, эсвэл намайг сонирхоод байгаа юм уу. Одоо цагт хүүхнүүд энэ тарианд хошуурч байгаа шүү. Залуу хүн гоё сайхан харагдах хэрэгтэй. Чамд бол гурван удаа хийж байж духны гүн үрчлээ чинь арилна.

Ингээд "За би боломжтой үедээ таниар гоо сайхны тариа нүүрэндээ тариулъя” гэснээр   бидний яриа өндөрлөсөн юм. Харин хоёр хоногийн дараа гар утас руу нь залгахад холбогдохгүй байв.

Ийнхүү хөөрхөн болгох хяналтгүй үйлчилгээ Монголд цэцэглэж эхэлжээ.

Тэгвэл ийм замаар Монголд гоо сайхны үйлчилгээ үзүүлж, ашиг бизнес хийгчид олон байна. Найдваргүй баталгаагүй газарт гоо сайхны хагалгаанд орох, нүүрэндээ тариа тариулаад эцэстээ хохирогч болоод үлдэхийг үгүйсгэхгүй юм.

Сарын өмнө гэхэд гоо сайхны үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй, Монгол Улсад бүртгэлгүй эм тариагаар эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсан гоо сайхны газрын үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хаасан билээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн "Рапид харш” хотхонд БНСУ-ын иргэн Чоо Ганг Мен гоо сайхны газар ажиллуулж, өөрөө байрлаж байсан юм. Чоо Ганг Мен гэгч эмнэлгийн бус нөхцөлд, эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй орчинд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй "Miracle, kabellien” зэрэг тариаг хэрэглэн эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлж байсан гэдэг. Иймд гоо заслын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй хоёр нэрийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч устгалд оруулсан.

Хамгийн аюултай нь Монгол Улсын эмийн бүртгэлд огт байхгүй, чанарын баталгаажуулалтгүй эмээр гоо заслын тусламж үйлчилгээ үзүүлж, бүтээгдэхүүнийг зарж борлуулах, бусдад хийх зэрэг эрсдлийг гаргаад байгаа талаар НМХГ-ын байцаагчид ярьсан удаатай.

Дээрх Чоо Ганг Менийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Ингээд НМХГ-ын эрүүл мэнд, эм биобэлдмэлийн байцаагчаас  зарим зүйлийг тодруулсан юм.

Сүүлийн үед эмчилгээ болон эрүүл ахуй, биобэлдмэлийн талаар янз бүрийн мэдээлэл гардаг боллоо. Албан ёсны зөвшөөрөлгүй гоо сайхны эмчилгээг хууль бусаар хийж байсан үйлдлийг танайхаас илрүүлсэн?

–НМХГ-ын шуурхай утсанд "Эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлж байна. Шалгаж өгнө үү” гэсэн иргэний гомдлын дагуу манайхаас шалгалт хийсэн. Хан-Уул дүүргийн "Рапид харш” хотхонд "Белла” гоо сайхны салонд БНСУ-ын иргэн Чоо Ганг Менг аялал жуулчлалын визээр орж ирсэн хэрнээ Монгол Улсад 2 нэрийн бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирээд иргэдэд хэрэглэж байсныг илрүүлсэн.

Энэ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг зөрчсөн.  Тусгай зөвшөөрөлгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байсан учраас үйл ажиллагааг зогсоож, эмийг хурааж авч устгасан.

-Шалгалтаар очиход ямар байдалтай байсан бэ?

-Бид цагдаагийн байгууллагад хандаж, ямар зориулалтаар ямар визээр орж ирснийг нь шалгуулсан. Эрүүл ахуй, эмийн биобэлдмэлийн талаасаа ч зөрчилтэй байсан. Хог хаягдал, эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэм, эмчийн зөвшөөрөлгүй зэрэг зөрчлүүд олон байсан.

-Тухайлбал,  дээрх хоёр нэр төрлийн тарилгыг хэчнээн хүнд хийсэн байсан юм бол?

–Тухайн үед нэг эмэгтэйд тариагаа хийж байсан. Хэчнээн эмэгтэйд хийснийг мэдэхгүй. Тэрийг цагдаагийн байгууллага тогтооно.

-Хүүхнүүд ийм төрлийн тарианд хошуурч байна. Үүнийг тариулахын сөрөг болон эерэг тал нь юу вэ?

-Ийм төрлийн тариаг хийлгэх эсэх нь тухайн хүний эрхийн асуудал. Гэхдээ хамгийн гол нь хуулийн дагуу биш, хэрэглэж байгаа тариа нь  бүртгэлд ороогүй, чанарын баталгаагүй болохоор элдэв эрсдэл асуудал үүснэ. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хуулиараа чанарын баталгаажилтгүй эм. Тэгэхээр хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй эрсдэлтэй. Наанадаж гоо сайхнаараа хохирох, цаадаж амь насаараа хохирохыг үгүйсгэхгүй.

-Хэчнээн тариа хурааж авсан бэ?

–Нэг төрлийнх нь 52, нөгөө төрөл нь 43 хайрцгийг хурааж авсан. Өөрөөр хэлбэл, 52 эмэгтэйд хийх тун гэж ойлгож болно. Нийтдээ 95 хайрцгийг хурааж авч устгалд оруулсан.

О.Сайхан

Эх сурвалж:zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!