ЗАР »
ШӨХТГ АЖЛАА ХИЙГЭЭЧ
Эрүүл мэндийн салбарын өдөр, шөнөгүй толгойгоо гашилгаж байгаа нэг зүйл нь антибиотекийн зохисгүй хэрэглээ. Манай улсын иргэдийн дунд антибиотекийн зохисгүй хэрэглээ газар авсан гэхэд болно. Энэхүү хэрэглээг аалзны сүлжээ мэт иргэдийн дунд түгээж байгаа хүчин зүйл нь эмчийн жороор эм олгодоггүй эмийн сангууд. Нөгөөтэйгүүр өдөр, шөнөгүй хууль зөрчин телевизийн эфирээр гарах антибиотик бусад эм бэлдмэлийг сурталчилгаа юм. Ямар сайндаа л бага насны хүүхдүүд хүртэл дуу, дүрсэнд оруулсан рекламыг нь цээжлэн амандаа аялаж байх вэ дээ.
Монгол
Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эмийг импортлох, худалдах
зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, хүүхдэд хандсан
эмийн сурталчилгаа явуулах, жороор олгох эмийг сурталчлахыг хориглоно
гэж заасан байдаг. Гэвч энэхүү хуулийн заалт амьдрал дээр хэрхэн
хэрэгжиж буй нь хэн бүхний нүдэнд илхэн. Эм болон бусад бэлдмэлийг
хэрэглээд, хэзээ ч өвдөхгүй, бараг л үхэхгүй хэмээн эмийг рекламдан
борлуулахыг ч олон улсад хориглодог.
Гэтэл манай
улсад хэн дуртай нь нэг эм болон эмийн төрлийн бэлдмэл оруулж ирээд
түүнийгээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард
иргэдэд сурталчилж байна. Харин үүнд хэн санаа тавих ёстой вэ гэвэл
хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилготой Шударга өрсөлдөөн,
хэрэглэгчийн төлөө газар. Энэхүү байгууллагыг онцолсон учир гэвэл ШӨХТГ
нь Монгол Улсын зах зээл дээр шударга чөлөөт өрсөлдөөний нөхцөлийг
бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хууль бус зар сурталчилгааг
зогсоох, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхээ
хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги, бүтэц зохион байгуулалт, бүтцийн
нэгж, тэдгээрийн чиг үүрэг, орон тоог тодорхойлох үүрэгтэй.
Гэтэл
хэрэглэгчийн эрх ашгийг хамгаална хэмээх сүржин зорилготой байгууллага
маань ёстой л цахим хэрэглэгчдийн хэлдгээр "эс оршиж” байна. Нэг их
сүржин нэрнээс цаашгүй болжээ. Нэгэн үе О.Магнай тус байгууллагыг
удирдах хугацаандаа СӨХ-ны Дээд зөвлөлийг мөнгө хураадаг үйлдлийг
болиулсан, орон сууцны метр квадратын зөрүүгээс хохирсон иргэдэд нэг
тэрбум орчим төгрөг буцаан олгуулсан, нефть импортлогчдод хариуцлага
тооцон ажиллаж, ярианы төлбөрийг секундийн горимд шилжүүлсэн гээд нэлээд
ажлыг хийсэн. Наад зах нь "Тийм байгууллага хэрэглэгчдийн эрх ашгийг
тэгж зөрчиж байна шүү” гээд долоо хоногтоо телевизийн мэдээгээр
гаргачихдаг байлаа. Гэхдээ энэ нь өдөр, шөнөгүй зурагтаар гар гэсэн үг
биш. Ядаж л хамгийн наад зах нь телевизээр гарч байгаа рекламнаас эхлээд
зохицуулах ажил олон байна гэдгийг сануулах гэсэн юм.
Нэгэнт
л хууль эрхзүйн орчин нь бүрдээд, түүнд хяналт тавих байгууллага нь
оногдсон бол өөр өөрсдийн үүрэгт ажлаа хийвэл эмийн зохисгүй хэрэглээнд
толгой өвдөх шаардлагагүй болно шүү дээ. Хэвлэл мэдээлэл гэдэг хамгийн
хүчтэй зэвсэг гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл эмийн бизнес эрхлэгчид
хэвлэл, мэдээллийг ашиглаж, үйл ажиллагаагаа улам өргөтгөж байхад
мэргэжлийн байгууллага нь анхаарч байгаа ч юм алга. Нүд нь балай, чих нь
дүлий юм шиг дүнхийж суух юм.
Гэсэн хэрнээ элдэв,
хуралд зөвлөгөөний үеэр эмийн зохисгүй хэрэглээг бууруулах хэрэгтэй,
тэгэхгүй бол аюулын харанга дэгдсэн хэмээн ярьж суух жишээтэй. Үнэхээр л
манай улсад эмийн хэрэглээ ихэсч, аюултай нөхцөл байдалд хүрсэн бол
Эрүүл мэндийн яам болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар
хамтран Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиа хэрэгжүүлэхэд хяналт
тавибал яасан юм бэ.Тэгвэл ядаж л иргэд зурагтаар гарсан эм болгоныг авч
уух нь багасах л байх.
Үүнд иргэдийг ч буруутгах
аргагүй. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэгчлэн элдэв янзын
эмийн сурталчилгааг иргэдэд хүргээгүй бол тэд юунд авч уух вэ дээ. "Чи
ханиад хүрсэн юм уу. Тэр эмийг авч уугаарай. Зурагтаар сурталчилж байна
билээ. Сайн л юм шиг байна” гэх яриа иргэдийн дунд хэвийн л үзэгдэл.
Ингээд бодохоор зайлшгүй эмийн сурталчилгаанд хяналт тавих шаардлага
манай улсад тулгарсан байна шүү.
Эх сурвалж: Монголын мэдээ
Н.Батзаяа
Н.Батзаяа
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!