Болор цом ч ичмээр болдог болж дээ

🕔 2017/01/31 10:47

Болор цом ч ичмээр болдог болж дээ

 

Тэртээ 1983 онд анхны "Болор цом” наадам болж, Д.Пүрэвдорж агсан "Хүн төрөлхтөнд хэлэх үг” шүлгээрээ түрүүлж байснаас хойш даруй 34 жилийн нүүрийг үзжээ. Өмнө нь "Болор цом” наадам жинхэнэ шилдэг яруу найрагчдын шилмэл шүлгэн "хүлгүүд”-ийн уралдаан байлаа. Яруу найрагч Д.Цоодол  "Нэр нь тодроогүй баатрууд”, Б.Лхагвасүрэн "Шагнал” тэргүүтэй шүлгүүдээрээ "Болор цом” гардаж байхад жинхэнэ яруу найрагт энэ шагналыг өгдөг байж. Харин цаг хугацааны эрхээр хамгийн сайн шүлэг бичсэн найрагчид биш хамгийн их танил талтай, бэл бэнчинтэй, нутаг усандаа татаастай хүнд л "Болор цом” очдог болж. Тэр дундаа сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт "Болор цом” наадмыг зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.

 

Бодвол Монголын зохиолчдын эвлэлийнхэн аль нэг аймгийн Засаг даргын тамгын газраас ихэнх хөрөнгө мөнгийг нь гаргуулаад, "Болор цом” зохион байгуулчихдаг болохоор амтанд нь орчихоод байгаа юм биш үү. Тэгээд л хөдөө руу зулраад, тэр нутгийнх нь нэг нөхөр юу ч хамаагүй уншаад л түрүүлдэг "наймаатай” болчихлоо.

 

Ёстой "Болор цом” гэдэг чинь хамгийн их ичиж, бөгс улаймаар наадам болж дээ. Энэ жил гэхэд "Болор цом” Сүхбаатар аймагт болж, Б.Батсайхан гэдэг яруу найрагч түрүүллээ. "Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир аман хүзүүдэж, Ч.Ууганбаяр, Д.Гансүрэн, М.Уянсүх нар удаалсан юм. Б.Батсайхан гэдэг нь Сүхбаатар аймгийн харьяат яруу найрагч юм гэнэ билээ. Ард түмэнд тэгтлээ танигдаагүй, "битүү морь” юмдаг уу даа. Тэгээд дээрээс нь жаахан бэлдмэл энэ тэр хийж уралдсан "морь” бололтой юм.

 

Сүхбаатар аймгийн Засаг даргын эхнэрийнх нь садан ч гэнэ үү нэг балай юм дуулдсан. Түүнийхээ хүчээр, дээрээс нь Сүхбаатар аймгийнх учраас ийн "магнайдаа тоосгүй” ирсэн ч гэж яриад байна. За тэр шүлэг энэ тэрийг нь мэргэжлийн шүүмжлэгчид нь шүүмжилж, хэлэх юмаа хэлэх байлгүй дээ. Сошиалаар бол муугаар нь дуудаад л байна. "Хүрэл тулга” наадамд оролцож байгаа хүүхдүүд ч үүнээс дээр шүлэг уншина гээд л байх юм.

 

Зарим нь ч бүр дөрөвдүгээр ангид байхдаа ч түүнээс илүү шүлэг бичдэг байсан тухайгаа дурссан байна билээ. Өөр бусад нь болохоор "усан шүлэг” гэдэг тодотгол зүүсэн харагдсан. Олны үг ортой гэдэг дээ. Тэгээд шүлэг, яруу найрагт ойрхон хүмүүс бол бас ч гэж ханатай л дүгнэж байгаа байх. За тэр ч яахав, хамгийн гол нь "Болор цом” наадмаа ингэж завхруулахаа болих цаг болсон юм биш үү.

 

Ийм ичмээр юм хийчихээд, дараа нь хүний царай яаж харж чаддаг байна аа, энэ Зохиолчдын эвлэлийнхэн. Хэзээ ч билээ Ж.Мөнхбат гээд нэг намын нөхөр "Болор цом” хүртээгүй юу. Тэр үеэс л хэл ам гарсан шүү дээ. Таван саяар тэр цомыг нь худалдаж авсан энэ тэр гээд л. Түүнээс хойш Дарханд Ц.Хулан, Архангайд Д.Болдхуяг, Өвөрхангайд Л.Моломжамц гээд л ээлж дараалан түрүүлсэн. Тэр нутгийнх байсныхаа төлөө түрүүлэх эрхээр шагнуулсан гээд байгаа. Бас төв аймагт болоход нэг нөхөр түрүүлсэн дээ.

 

Бас л нутгийнх гэдэг шалтгаанаар түрүүлэх эрх олж авсан гэсэн элдэв яриа бий. Яахав, заримынх нь эцсийн шатанд уншсан шүлэг гологдоод байхааргүй л байсан болов уу. Заримынх нь ч гологдож л байсан байх. Гэхдэ энэ жилийнх шиг муугаараа дуудуулж байгаагүй юм байна. Дараа жилүүдээс үлдсэн бүх аймагтаа зохион байгуулаад, тэр нутгийнх нь л бол нэг хүнийг түрүүлүүлэх байх л даа. Харин тэр хүнийх нь шүлэг "Хүрэл тулга”-ын нэгийн даваанд тэнцчихээр гэсэн үнэлгээ аваасай билээ дээ, өөр ч юу гэхэв. Жил ирэх тусам л "Болор цом” ичмээр болж, зохион байгуулагчдынх нь ичих булчирхай жижгэрсээр л байх юм даа.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!