Хэвийн боов гэртээ хийх арга

🕔 2017/01/23 11:04

Хэвийн боов гэртээ хийх арга

 

Орц:

  • 4 кг гурилаар 16-17 ширхэг боов хийнэ /урт нь 25 см жин нь 350 гр/
  • 400 гр элсэн чихэр
  • Цөцгийн тос /масло/ юмуу шар тос 500 гр
  • Сод 0,2 гр
  • Ус 2 л
  • Хэв
  • Хэрэгтэй бол боов чанах тос

/5 кг гурилаар 20-21, 6 кг гурилаар 24-25, 8 кг гурилаар 32-33 ширхэг боов хийж болно./

Хийх арга:

  1. Эхлээд гурил зуурах тосоо /цөцгийн тос, масло, шар тос, сүүлний хайлуулсан тос/ саванд хайлуулна
  2. Гурил зуурах хэмжээний буцалгасан усанд элсэн чихэр уусгаад халуун бүлээн болтол хөргөнө
  3. Дараа нь сод уусгасан усанд хайлуулсан тосоо хийж сайтар хутгана
  4. Гурилаа хийсэн савандаа элсэн чихэртэй ус, сод, тостой усаа хийж зуурна
  5. Зуурсан гурилаа 25-30 мин амраана
  6. Амраасны дараа дахин халтал нухаад мөн 25-30 мин амраана
  7. Гурилаа хэвийнхээ хэмжээнд тохируулан жигд тасдана
  8. Тасдсан гурилаа махны машинаар машиндана
  9. Машиндсан гурилаа дахин нийлүүлэн нухаж, хагарахгүй, ямарч ан цавгүй болтол бөөрөнхийлнө. Үүнийг бэмбий гэдэг.
  10. Бэмбийгээ хэвлэх хэвнийхээ урт богинод тохируулан гонзгойлон бөмбийлгөөд гадна талаар нь цөцгийн тос, шар тос, сүүлний тос аль байгаагаараа тослоод 10 мин амраана.
  11. Хэвээ хээтэй талыг мөн тосолж бэмбийг хэвэнд тэнцүүлэн тавьж дундаас нь хонхойлон сайн дараад зах руу хөөж хүрээг жигд бөөрөнхий гаргахаар тал тал тийш сунган дарж улыг нимгэлж хээг тод гаргана.
  12. Хэвлэсэн боовны арын хээгүй талыг уртынх дагуу 2-3 эгнээ нимгэн зүсч хэвний нэг талаас барьж хэвлэсэн боовыг салган хоёр захаас нь бага зэрэг сунган тэгш гадаргуутай мод тавиур дээр өрөн тавина.
  13. Тосоо тогоондоо сайтар халаана.
  14. Ийнхүү бэлэн болсон хавийн боовоо чанахдаа тогооныхоо хэмжээнд тохируулж тосонд жигд хөвж байхаар цөөн цөөнөөр хийж чанаарай. Боовыг шаргал өнгөтэй болтол чанавал сайн. /Тосонд шаралгүй халуун зууханд /дуков/ хийж 30-40 мин шарж хийж болдог/

Ингээд цагаан сарынхаа хэвийн боовыг та өөрийн гэрт зардал багатайгаар, амттай бэлтгэж болно.  Чанасан хэвийн боовоо сэрүүн газар хадгалбол тохиромжтой. Харин тавганд засахын өмнө тосорхог зуурмаг юм уу зөөлөн алчуураар арчваас сайхан өнгөтэй болдог.

Хэвийн боовыг хавтгай цар тавганд 3,5,7,9 үэр засдаг. Харин нэг үеийг 3,4,5 ширхэг боовоор гурав дөрөв таван өнцөгтэй засдаг.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!