УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ “САЙДГҮЙ” БОЛГОСОН САЙД
Дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямралыг Монгол Улс хохирол багатайгаар давж гарахын тулд байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах явдал хэмээн тодорхойлсон нь бий. Мэдээж хэрэг энэ нь ачааны хүндийг уул уурхайн салбарынхан тэр дундаа шинэчлэгдэж, бодлого үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам үүрч таарна. Харамсалтай нь уул уурхайн салбар юун ачаа үүрч зүтгэх, агуйнхаа мухарт дугжиртал хурхирах баавгай адил ичиж орхисон гэлтэй. Сайд нь томилогдоод дөрвөн сар илүү хугацаа өнгөрчихөөд байгаад сайдгүй юм шиг л сураггүй байх юм. Батлан хамгаалах яам лугаа адил мэргэжлийн бус сайдыг орой дээрээ залчихаад өнөөх нь салбартайгаа танилцах гэж цаг барж байгаа бол өөр хэрэг.
Ц.Дашдорж уг нь мэргэжлийн тодруулбал өрөмдлөгийн технологич инженер хүн. Улстөрчийн хувьд ч, хашиж байсан албан тушаалуудыг нь ч аваад үзсэн эдүгээ сайдаар ажиллаж байгаа эрхмүүдээс тохой илүү явахаар туршлага хуримтлуулсан нэгэн билээ. Үүнийг намтар нь бэлхэнээ гэрчлээд өгөх аж. Засгийн газрын вэб хуудаснаа Цэдэвийн Дашдорж нь 1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй.
Тэрбээр 1990-1993 онд "Газрын тос" ХХК-д Өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд "Их тэмүүлэл” ХХК-ий Ерөнхий захирлаар ажиллаж байсан. 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байгаад 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож, 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан хэмээн танилцуулжээ.
Цаст Алтайн "казиночин”
Цаст Алтай бол түүний өвөг дээдсийн нутаг. Өвөг дээдсийнхээ нутгаас хоёронтоо УИХ-д нэр дэвшин төр түшилцэнэ гэдэг хэн хүний үрд тохиох аз завшаан биш. Харамсалтай нь түүнд нутаг усныхан нь гурав дахь удаагаа итгэл үзүүлэхээс татгалзсан. Харин Монголын төр түүнд татгалзаж чадаагүйгээр үл барам хамгийн хариуцлагатай салбараа гарт нь атгуулж орхисон. Алтайчуудтай уулзан Цэдэвийн Дашдорж гэж хэн бэ хэмээн хэрэг дурлах аваас "х ц сс” гээд толгой сэгсрэх юм билээ.
УИХ-д хоёр удаа сонгогдож, Барилга, хот байгуулалтын дэд сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллахдаа нутаг усныхаа төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй гэнэ. Улсын хэмжээнд гэрэл цахилгаанд холбогдоогүй, дизель мотор асахыг хүлээн дэнгийн гэрэлд бөвтнөдөг сумтай ганц аймаг бол Говь-Алтай юм байна. Автозамын хувьд ч зам нь там болсон байсныг нь Н.Алтанхуягийн Засгийн газар шинэчилсэн аж. Түүний УИХ-ын сонгуулийн өмнө сэтгүүлчид өгсөн ярилцлага сайтад тавигджээ. Эрхэм сайд маань "Айл бүрээс гэрэл гэгээ цацарч, үүрэн холбоо эрс сайжирч, дэд бүтэц зам харилцаа хөгжих үндэс суурь тавигдлаа.
Иргэд нь хөдөлмөрлөх, хөгжих хүсэл тэмүүлэлтэй, хүн бүр ажил орлоготой, дардан замаар аймаг хотуудтай холбогдсон, залуус нь мөрөөдөлтэй, түүндээ хүрэх итгэл зүтгэлтэй XXI зууны шинэ Монголыг, шинэ Алтайг бий болгох хүмүүс нь бид өөрсдөө. Үүний төлөө хамтдаа төсөөлөх биш, харин зүтгэх учиртай” гэсэн байх юм. Улстөрд хөл тавьсан цагаасаа хойш ингэж худал амлан баруун таван аймаг дотроо хүн ам цөөнтэй Говь-Алтайг хөгжүүлж чадаагүй нөхөр Монгол Улсыг эдийн засгийн хямралаас аврах торгон зангилаан дээр суугаад дарцаглах нь юу л бол.
Түүний оронд тамхины үйлдвэрлэх яам гэж байгуулаад сайдаар нь Ц.Дашдоржийг томилсон бол ядаж сорт энэ тэрийг мэдэхгүй юу. Эсвэл эдүгээ төрийн хэмжээнд яриад байгаа казино байгуулах асуудлыг түүнд даатгасан бол санаа амар байж болох юм. Учир нь тэрбээр казиночин гэдгээрээ алдартай шүү дээ. Үүнийг нотлох баримтыг " 24 ЦАГ” сайт түмэнд хүргэснийг олж уншлаа.
Уг мэдээлэлд дурдсаныг засваргүйгээр хүргэе. "Манай хойд хөршийн "АРД” цахим сайтад "Монголын парламентын гишүүн Ц.Дашдорж Сөүлийн казиногоос 100 мянган ам.доллар /200 гаруй сая төгрөг/ хожсон” тухай мэдээлэл гарч байхав дээ. Тус мэдээлэл дотор УИХ-ын гишүүн Цэдэвийн Дашдорж Өмнөд Солонгосын Ганнам дүүрэг дэх "InterContinental Seoul COEX” зочид буудлын "Seven Luck” казиногийн покерын тэмцээнд түрүүлж, шагналын мөнгө болох 100 мянган ам.долларыг хожсон хэмээжээ” хэмээн өгүүлжээ.
Сайдтай бил үү, манай яам
Уул уурхайн салбарынхан ингэж ярихад хүрээд байгаа бололтой. Сайд нь ажлаа авснаас хойш сонин хэвлэлд ганц ч ярилцлага өгөөгүй аж. Хааяа, өдрийн од шиг телевизийн дэлгэцнээ гарч таарвал хэлгүй кролле шиг ээрч муураад унах нь салбараа, ажлаа мэддэггүйн шинж гэлтэй. Эдийн засаг хямарчихаад, төр нь мөнгөгүйдэж, төсөв нь улайчихаад тэвдэж байгаа энэ хүнд үед түшиж тулах салбар гэвэл яахын аргагүй уул уурхай.
Гэтэл таг. Засгийн газар Таван толгойн орд газрыг хөдөлгөнө л гэсэн яриатай байгаагаас цаашгүй. Хэзээ, ямар байдлаар хөдлөх нь өнөө хэр тодорхойгүй байгаа. Уул шугамдаа бодлогыг нь бариад сууж байгаа яам Засгийн газраа дэмжээд хөдлөх арга зам нь энэ гээд сэтгүүлчдээрээ дамжуулаад олон түмэнд таниулж байх байлаа, сайн сайдтай байсансан бол. Монгол Улсын Ерөнхий сайд өмнийн говьд томилолтоор явж ажиллахад сайд нь бараа болох нь бүү хэл зүсээ ч харуулаагүй. Оюутолгой, Таван толгойн асуудалд болж байгаа, болохгүй байгаа зүйлүүдийг Дашдорж л ярьж танилцуулж, Ерөнхий сайд өөрийн биеэр уурхайнуудын үйл ажиллагааг газар дээр танилцаж яваа алтан боломжийг чухам тэр үед л ашиглах байсан юм , уг нь. Гэтэл юу хариуцдаг нь мэдэгдэхгүй газрын даргаа явуулчихаад сууж байх жишээний.
Дэлхийн зах зээлд алт, нүүрс, зэсийн ханш ашиглаж чадвал боломжийн хэмжээнд хүрч байгаа дуулдах юм. Гэтэл манайх алтаа ч олборлож чадахгүй байгаа сурагтай. Байгаа алтаа сандайлж суучихаад, эх оронч дүр эсгээд гаднаас ам.долларын зээл царайчлаад бадар барьж суух нь хэнд ашигтай юм бол. Хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал гуравхан сая хүн амтай улсаа дэлхий шогширтол хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд бий. Гагцхүү төрийн мэргэн бодлого, сайдад нь гүйлгээ ухаан, төрийн хүний овсгоо самбаа, туршлага байхгүйн улмаас гацчихаад байгаа болохоос биш.
Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал бараг л бэлэн болоод байсан санагдана. Гэтэл яав, таг чиг дүлий дүмбэ оргисоор өнөөдөртэй золгов. Бас олны чихийг дэлдийлгээд байсан Арева хөдлөх болсон тухай, Монгол Улсын зүгээс тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрч , Эрсдлийн санд байршуулах мөнгөнийхөө эхнийг хэсгийг шилжүүлэх болсон тухай сонсогдож байсан авч мөн л яасан ийсэн нь мэдэгдэхгүй таг чиг болох нь тэр.
Газрын тосоо боловсруулах юм болоод л тууз хайчлаад байсан. Гэтэл яав, бодлогын хувьд Ашигт малтмалын газартай нийлүүлэх нь зөв гээд л нэгтгэж орхисон. Өөр өөр бодлого чиглэлээр явж байсан хоёр агентлаг нэгдэж нийлэх, ойлголцох гэж явсаар дөрвөн сарыг барж байгаа. Азаар Баатарцогт гэж уул уурхайн салбарын ихэнх хууль, эрх зүйн төсөлтэй ноцолдсон нөхөр учир эвийг нь олоод эхэлсэн гэж дуулдсан. Өөр нэг сайдын чадал, мэдлэг дутаад байгаа салбар доторхи салбар нь хүнд үйлдвэр.
Алт, зэс, нүүрс гурвыг ялгахаа больтол мартаж, тамхи улс төр хоёроор хөөцөлдсөн инженер хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийг тодорхойлж барах уу. Үгүй л бололтой. Ийм нэг эрхмийг Монголын төр уул уурхайн салбарын оройд сайд хэмээгээд залчихаад байж байна даа.
Унах унаагүй сайд
Засгийн газрын 14 сайдаас Б.Чойжилсүрэн, Ц.Дашдорж нарт нэр дээр нь ямар ч унаа үгүй аж. Дашдоржийн хувьд цалингаасаа өөр орлогогүй юм шиг харагдуулсан ч компаний хувьцаа эзэмшиж, өөр бусад хэлбэрээр орлогоо бүрдүүлдэг юм байна. Тэрбээр энэ байдлаа улстөрчийн карьераа өсгөж буй хэлбэр гэж ойлгодог байж мэднэ.
Ингээд түүний хөрөнгө орлогын мэдүүлгээр хамтдаа аялая. Бэл бэчингээр нь жагсаавал дээгүүрт орох, ашиг сонирхлын зөрчилтэй Ц.Дашдорж Уул уурхай, хүнд үйлдвэрийн хөгжлийн сайдаар ажиллаж буй. Гэхдээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрээр 27 сая 724 мянга 920 төгрөг, гэр бүлийнхнээ 156 сая төгрөг олсон гэж бичүүлжээ.
Нэг тэрбум 750 сая төгрөгийн үнэлэмж бүхий гурван ширхэг орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай нэг байгууламж, бусад төрлийн гурван ч барилгатай. 70 адуу нь 36 сая 200 мянган төгрөгөөр үнэлэгдэх бол Монгол Улсын иргэн бүр эзэмших эрхтэй 0.07 га газрынхаа үнэлгээг бичээгүй байв.
Өр, зээлгүй ч хадгаламжиндаа 720 мянга 380 төгрөгтэй. Найман компанийн хувьцаатайгаас дөрвийг нь 100 хувь, нэгийг нь 50 хувь, бусдаас нь 8-20 хүртэл хувь эзэмшдэг аж. Тухайлбал, "УБ палас” ХХК, "Наранцолмон Трейд” ХХК, "Харанцолмон холдинг” ХХК, "Наранцолмон Майнинг” ХХК-ийг тус бүр 100 хувь эзэмшдэг хүн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж. Харин сонирхолтой нь түүний нэр дээр нэг ч автомашин байдаггүй юм байна.
Эх сурвалж: Монголын мэдээ