Дундговь аймгийн ИТХ ирэх оны төсвөө баталлаа
Дундговь аймгийн ИТХ хуралдаж 2017 оны төсвөө баталлаа. Ирэх онд тус аймаг 35 тэрбум 726 сая төгрөгийн төсөв зарцуулна.
Үүнээс орон нутгийн төсвийн зарлага 10 тэрбум 398 сая төгрөг байна. Харин төсөвтөө 4 тэрбум 878 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, үүн дээр нэмж улсын төсвөөс 5 тэрбум 722 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авахаар боллоо.
Дундговь аймаг өөрийн төсөвтөө 4.8 тэрбумын орлого оруулах боломжтой
Дундговь аймгийн төсвийн суурь орлого 4 тэрбум 659 сая төгрөг байхаар Сангийн яаманд хянагдсан байна. Аймгийн ИТХ- д олгогдсон эрхийн дагуу 53 сая 400 мянган төгрөгийг болон мөн сумд, тусгай зориулалтын байгууллагуудын ирүүлсэн саналаар тусгасан орлогыг нэмэгдүүлээд нийт 4 тэрбум 878 сая төгрөгийн дүнтэйгээр төсвийн төсөлд тусган хэлэлцэж баталлаа.
Газрын төлбөр, газрын дуудлага худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр зэрэг 11 төрлийн татвараас 3 тэрбум 745 сая 600 гаруй мянган төгрөг, орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү торгууль зэрэг татварын бус орлогоор 326 сая 700 мянган төгрөг аймгийн төсөвт төвлөрнө. Үүнээс хамгийн өндөр буюу 3 тэрбум 487 сая төгрөг нь Хувь хүний орлогын албан татварын орлого болж байна.
15 сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 1 тэрбум 669 сая 740 гаруй мянган төгрөг байхаар баталсан. Хамгийн бага буюу 63 сая 900 мянган төгрөгийг Цагаандэлгэр, хамгийн их буюу 227сая 341 мянган төгрөгийг Эрдэнэдалай сум төвлөрүүлэхээр болов.
Мөн төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харъяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогыг 155 сая 997 мянган төгрөгөөр баталлаа.
Төсвийн орлогыг сумдад хуваарилахдаа сүүлийн 3-5 жилийн гүйцэтгэл, татварын бодит баазын одоогийн түвшин, салбарын хуулиудаар тогтоосон норматив, аймаг, сумын ИТХ- аар тогтоосон үнэ тариф, нийт орлогод тухайн сум, байгууллагын эзлэх хувь хэмжээ зэргийг харгалзан аль болох бодитой байхаар хуваарилсаныг аймгийн ЗДТГ- ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А. Ганбат хэллээ.
Ирэх онд төсөвт оруулах хэмжээ нь 2016 оныхоос нэмэгдсэн хэдэн хэдэн татвар байна. Тухайлбал, улсын тэмдэгтийн хураамжийн орлого 2016 оныхоос 18 сая, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр болон хог хаягдлын хураамж тус бүр 10 сая, орон нутгийн орлогын 70- 80 хувийг эзэлдэг цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татвар 94 сая, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 20 сая, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 32 сая, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр 6 сая, авто замын хураамж 13 сая төгрөгөөр тус тус нэмэгдэн төлөвлөгджээ.
Төсвийн зарлага ирэх онд 3 тэрбумаар багасна
Ирэх онд Дундговь аймаг 35 тэрбум 726 сая 900 гаруй мянган төгрөгийн төсөв зарцуулна. Энэ нь 2016 оны төсвөөс 3.4 тэрбум гаруй төгрөгөөр багассан зардал болж байна.
Төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харъяа байгууллагуудын төсвийн зарцуулалтыг авч үзвэл, аймгийн ИТХ- ын дарга 153 сая 810 мянга, аймгийн Засаг дарга 6 тэрбум 279 сая 681 мянга, аймгийн ЗДТГ 1 тэрбум 90 сая, 15 сумын ИТХ 551 сая 955 мянга, ЗДТГ- ууд 3 тэрбум 413 сая төгрөг тус тус зарцуулна.
Мөн Байгаль хамгаалах сан 32 сая 800 мянга, замын сан 148 сая 500 мянга, аймгийн халамжийн сан 4 тэрбум 212 сая, жолоочийн хариуцлагын сангаас 16 сая 600 мянга төгрөг зарцуулахаар баталлаа.
Аймгийн төсвөөс сумдад 3 тэрбум 315 сая 260 гаруй сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ нь 15 суманд 160- 292 сая төгрөгөөр тус тус хуваарилагдан батлагдсан.
Монгол Улсын төсвийн тухай хуулиар Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх зориулалтаар 22 тэрбум 558 гаруй сая төгрөгийн төсөв Дундговь аймагт хуваарилагдсан байна. Үүнийг хуваарилалтаар нь тодруулбал, 21 цэцэрлэгт 3573 хүүхэд хамран сургаж, 391 орон тоотой ажиллахад зориулан 4 тэрбум 897 сая 561мянга, Ерөнхий боловсролын 19 сургууль 8457 хүүхэд хамран сургаж, 1002 орон тоотой ажиллахаар 11 тэрбум 833 сая 285 мянга, эрүүл мэндийн анхан шатны тусламж хүргэн ажилладаг 13 сумын эмнэлэг, аймгийн төвийн 2 өрхийн эмнэлэгт 3 тэрбум 238 сая, орон нутгийн музей, номын сан, театр, сумын соёлын төвүүд, аймгийн хүүхдийн театрт 1 тэрбум 950 сая 793 мянган төгрөгийг тус тус хуваарилах ажээ.