“Bank of Сhina” Монголд нутагшчихвал Засгийн газар, Төв банк, бүр УИХ-ын зүгээс ч хянаж зохицуулж чадахгүй!

🕔 2016/10/05 11:17

 

"Bank of Сhina”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас сонгуулийн дараа бүрэлдсэн шинэ парламентын гишүүдэд хамтран ажиллахыг урьсан албан бичиг илгээсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тус банкны тухайд хятадын төрийн мэдлийн банк гэдэг утгаараа, ороод ирвэл Монголын эдийн засагт стратегийн чухал нөлөөтэй төслүүдийг санхүүжүүлэх замаар үндэсний аюулгүй байдалд асуудал дагуулна гэх байр суурийг илэрхийлэгсэд эхнээсээ цөөнгүй байгаа.

Тэгвэл  "Bank of Сhina”-аас гадна Германы "Дойче”, АНУ-ын "Голдман Сакс” гэхчлэн гадны дөрөв таван банкнаас манай улсын банкны зах зээл дээр орж ирэх хүсэлтээ тавиад байгаа гэх мэдээлэл байгаа юм. Ер нь бол манай улсад гадны 4-5 банк төлөөлөгчийн газраа нээгээд, үйл ажиллагаа явуулж байгаа аж. Банкны тухай хуулиар хамгийн багадаа нэг жил Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээсний дараа салбараа нээх бололцоо байдаг. Гэхдээ дотоодын банкуудад учирч болох эрсдлийг хамгаалах үүднээс Банкны тухай хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гэдгийг, гадны банкууд ихэвчлэн хөрөнгө оруулалтын чиглэлээр манайд үйл ажиллагаа явуулах сонирхолтой байдаг гэдгийг сангийн дэд сайд хэлсэн байна. Түүнчлэн Сангийн яамнаас  тэдгээр саналуудыг судлаж үзээд, Монголбанкны зүгээс санал авахаар албан тоот хүргүүлсэн талаар хэлсэн байна.

Гэхдээ энд тодотгоход, манайд санал тавиад байгаа банкуудаас тухайн улсын төрийн өмчийн банк гэдгээрээ "Bank of Сhina”  ялгарч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Түүнчлэн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр саяхнаас ажиллаж эхэлсэн Ч.Хашчулуун эрхэм өмнө нь уг асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ "Хэрвээ салбараа нээх гэж байгаа банк нь арилжааных бол энэ нь асуудалгүй. Тэнд жам ёсны, зах зээлийн эрүүл өрсөлдөөн явна. Тийм учраас бид салбараа нээх гэж байгаа банк нь гадаадын төрийн мэдлийнх бол Монголын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг илүү анхаарч судалсан. Ерөнхийдөө аюултай, сөрөг үр дагавар нь илүү байна гэж дүгнэсэн.

Хамгийн аюултай нь ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Гадаадын төрийн мэдлийн банк салбараа нээснээр ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх, ямар компаниудад зээл өгөх вэ гэдэг дээр манай талаас зөвшөөрөл авалгүй, асуулгүйгээр зээлээ өгөөд явах бүрэн боломжтой. Ингэснээр Монгол Улсын стратегийн салбаруудад гаднын төрийн нөлөөтэй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдэх магадлал өндөр болно.Ялангуяа дотоодын банкууд гаднын төрийн мэдлийн томоохон банктай өрсөлдөх чадвар нь сул байгаа энэ үед. Жишээ нь, 2013 оны байдлаар банкны салбарын зээлийн өрийн үлдэгдлийн 80 орчим хувь нь нэгээс дээш  жилийн  хугацаатай зээлд, эх үүсвэрийн 47 хувийг хугацаагүй болон харилцах дансны үлдэгдэл эзэлж байв. Үүнээс гарахад манай банкуудын хувьд урт хугацааны санхүүжилт олгох боломж бага байгаа нь стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг гаднын банкны салбартай өрсөлдөх боломж хязгаарлагдмал гэж үзэхэд хүргэж байна.

…Төрийнхөө мэдэл, бодлогоор үйл ажиллагаа явуулдаг гадаадын банк манай улсын нийгэм, эдийн засгийн гол салбаруудад дураараа зээл олгож эхэлбэл манай Засгийн газар, Төв банк, бүр УИХ-ын зүгээс ч хянаж зохицуулж чадахгүй. Тийм л эрхзүйн орчин Монголд байна, эдийн засгийн ийм схем эдийн засгийн орчинд байна. Хөгжиж байгаа орнуудын туршлагыг харахад гаднын төрийн мэдлийн банк салбараа байгуулснаар тухайн улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул үүссэн байдаг. Тэгэхээр манай улс бусдын ийм бэлэн жишээнээс сануулга авч энэ асуудлыг эхлээд ҮАБЗ дээрээ ярьж шийдэх хэрэгтэй байх. Гэхдээ энд гаднын банкийг эсэргүүцэж байгаа юм ердөө байхгүй. Уг банкны өмчлөл нь гаднын төрийн мэдлийнх учраас л манай улсын дотоодын мөнгө, санхүүгийн бодлогод эрсдэл бий болгох аюултай гэдгийг хэлэх гээд байна. Салбараа нээх гээд ажиллаж байгаа гадаадын банкны буруу ч энд бас байхгүй. Харин өмчлөлийн хэлбэр, хожмоо үүсэх эрсдэлийг тооцохгүйгээр тэдэнд нээж болох ч юм шиг итгэл төрүүлж байгаа нь манайхны л буруу. Эцсийн шийдвэрийг Монгол Улс, монголчууд л гаргана. Биднийг шийдвэрээ гаргаагүй, зөвшөөрөөгүй байхад "Bank of China” орж ирээд бууриа засах боломжгүй. Өөрөөр хэлбэл, буруу нь тэдэнд биш, бидэнд байгаа юм.” хэмээн хэлж байсан юм.

Тэгэхээр Сангийн яамнаас Монголбанкинд хүргүүлээд байгаа гэх гадны банкуудын салбарыг нээх тухай асуудалд хятадын төрийн өмчийн "Bank of China” байгаа бол, уг асуудлыг эрүүл саруулаар харж байгаа хүмүүс байр сууриа илэрхийлэх болов уу.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!