ДУНДГОВЬ: "Чи ганцаараа биш" аяны хүрээнд эцэг, эхчүүдэд сургалт зохион байгуулж байна

🕔 2023/10/18 17:41



"Чи ганцаараа биш” нөлөөллийн аяны хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдад “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүүхэдтэй ажиллах арга зүй” сургалт зохион байгуулж байна. Нөлөөллийн аяны хүрээнд Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал тус аймагт ажиллаж, хүүхдийн төлөө ажилладаг төрийн байгууллагын ажилтнуудтай уулзалт хийж, сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдад хүний эрхэм чанар, хүүхэд-онцгой бүлэг, хүүхдийн эрх, эрх чөлөө, ялгаатай байдал, хөгжил, хамгаалал, хууль эрх зүйн орчин, боловсрол, гэр бүл, эрсдэлт нөхцөл байдал, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн арга зүй зэрэг сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцлаа.


Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргалаас энэ талаар тодруулахад: “Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар орон даяар “Чи ганцаараа биш” аян өрнөж байна. Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүсэлтээр энэхүү аяны хүрээнд тус аймагт ирлээ.

Үдээс өмнө Сайнцагаан сумын баг, сургуулийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн ажилтан, цагдаагийн алба хаагч гээд хүүхдийн төлөө ажилладаг төрийн байгууллагуудын хүмүүстэй уулзлаа. Мөн 5 сургуулийн 500 гаруй эцэг эх, асран хамгаалагчидтай уулзаж байна.


Хүүхдийнхээ төлөө анхаарал тавьж, сургалтад ирж, оролцож, хүлээж авч байгаа эцэг, эхчүүдэдээ талархалтай байна. Өнөөдөр насанд хүрэгчид, үүрэг хүлээгчид бид хамтын хүчээр Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон үүргээ биелүүлэх ёстой. Хэчнээн олон хүнд энэ мэдээллийг хүргэж чадна, тэр хэмжээгээр бид хүүхдүүдийнхээ төлөө нэгдэж, хамтарч, нөлөөлөл хийж чадна. Ингэж сайхан хүлээж авсан эцэг, эхчүүд, аймгийн БШУГ, ГБХЗХГ, сургуулийн нийгмийн ажилтнуудад их талархаж байна” гэлээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!