ХУУШИН НАРЫН УНШЛАГАТАЙ ОРОН БУЮУ ДАРА ЭХИЙН СҮМ

🕔 2016/09/22 13:09

 

Амгалант гацаанд Дара эхийн сүмийн үлдэгдэл бий. Их хүрээний хүн ардын амьдралын хэрэгцээг хангах арилжаа худалдааг өргөжүүлэх зорилгоор хятад худалдаачдын төвлөн суурьших Наймаа хотыг байгуулж Элбэг Амгалант гацаа, Амгаланбаатар хот гэх мэтээр нэрлэж байжээ.

 

Наймаа хотод 7 сүм байсны нэг нь Дара эхийн сүм. Хийц нь модон яс модтой, хөх тоосгон ханатай, муутуу цаасан сараалжин цонхтой байв. Эргэн тойрон хөх тоосгон хэрэмтэй, хэрэм нь өмнө талдаа том хаалгатай, зүүн талдаа жижиг хаалгатай. Гол сүм нь ардаа жижиг сүмтэй, уг сүмийн баруун зүүн талаар жижиг эгнэсэн сүмүүдтэй.

Гол сүмд хятад хийцийн Дара эх бурханыг халхавчтай залж, зүүн баруун талын 2 давхар сүмд Хуушин хаад, Цагаан өвгөнийг залсан байдаг. Жил бүрийн зуны эхэн сарын 15-ны өдөр "Дара эх бурханы буултын өдөр” хэмээн хуушин (16 Найдан) нар хурал ном үйлддэг. Энэ өдрөөс эхлэн гурван хоног хятад ший тоглон, хятад монгол хүмүүс цуглан өнгөрүүлдэг бөгөөд хүн бүр хүж асааж, цаас шатааж, хорин мөнгө өргөж, гороо мөргөл хийж, хуушин нар хулсан төлөг үзэж өгдөг байжээ.

Өвлийн цагт хуушин нар сүмийн гаднах чулуун довжоон дээр улаан олбог дэвсэж, хэнгэрэг балбаж, Дара эх бурханыг тахидаг. Их хурлын үеэр хоёр чулуун багананд хятад үсэгтэй хар туг өлгөж, ший янгуу тоглоход Баруун сүмийн 2 дахь давхараас хуушин нар, хятад ажилчид үздэг байжээ. Тус сүмийг их хэлмэгдүүлэлтийн 1937 – 1938 онд нураасан байна.

Дара эхийн сүмийн хийц, гоёл чимэглэл, өнгө будаг зэрэг нь хятадын сүм хийдийн уран барилгын жишээ юм. Гол дуганыг 1994 – 1995 онд сэргээн засварласнаар эдүгээ Дара эхийн хурал тогтмол хурах боломжтой болжээ.

 

Дара эхийн сүмийн хоёр чулуун багана: Гол сүмээс урагш хүрлээр хийсэн сангийн бойпор байгаад түүний хоёр талд боржин чулуугаар хийсэн, маш уран сийлбэртэй, 11 метр өндөр хоёр багана бий. Баруун талын багананд "олон тивийн амьтдыг зуурдын орноос гэтэлгэн тэнхрүүлэх”, зүүн талын багананд "түмэн амьтныг их энэрэнгүй сэтгэлээр аварна” хэмээн хятадаар бичсэн байдаг. Чулуун баганан дээр хүн, амьтан, хээ угалз, бичиг үсгийг маш уран чадварлагаар сийлж хийснээрээ онцлог юм. Эдгээр хоёр чулуун баганыг 1994 онд улсын хамгаалалтанд авчээ.

Хуушин нарын уншлагатай орон буюу ДАРА ЭХИЙН СҮМ

 

Хуушин нарын уншлагатай орон буюу ДАРА ЭХИЙН СҮМ

 


 
"Монгол орны лавлах” ном
Buyan Choi
https://www.facebook.com/tamirbuyan/posts/1263916410295594

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!