Ц.МӨНХБАТ: “-ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛ, ХӨГЖЛИЙН ТУЛГУУР ЗОРИЛТУУДАД АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА”

🕔 2022/12/05 10:39

Ц.МӨНХБАТ: "-ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛ, ХӨГЖЛИЙН ТУЛГУУР ЗОРИЛТУУДАД АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА”

2020 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ, тэндээс нэр дэвшиж сонгогдсон Засаг дарга, түүний баг бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдөр яг хоёр жилийнхээ ойтой золгож байна. Энэ үед МОНЦАМЭ агентлаг, "Дундговийн амьдрал” сонины сурвалжлагчид аймгийн Засаг дарга Цагаанхүүгийн МӨНХБАТ-тай уулзаж үйл ажиллагааны хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар ярилцсан юм. Уул ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

  -Таны баг аймагт Засаглалаа хэрэгжүүлээд өнөөдөр яг хоёр жилийн ойнд хүрлээ. Эргээд санахад ажлаа хэрхэн эхэлж байв, хамгийн эхэнд төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?

   -Юуны  өмнө  бид бүхний үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцан олон түмэнд хүргэх болсонд талархлаа илэрхийлье.

       Миний ажилд томилогдсон өдөр бол 2020 оны 12 дугаар сарын 1 байсан. Өвлийн уур амьсгал орчихсон, ковидын халдвар улс оронд гарчихсан үе таарсан л даа. Хэдийгээр тэр үед манай аймагт ковидын халдвар орж ирээгүй байсан ч Онцгой комисс байгуулагдаж урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах хатуу дэглэм хэрэгжүүлэх асуудлаар байн байн хуралдсан, эргүүл пост, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих ... гээд олон асуудал өрнөж байсан. Манай багийнхан ажлаа юунаас эхлэхээ ярилцаад эрхлэх асуудлын хүрээний бүх агентлагийн үйл ажиллагаа, төрийн албан хаагчдынхаа ажил, амьдралын нөхцөлтэй танилцах нь зөв, энэ үндсэн дээр шийдвэрлэх асуудал, тавих зорилт, хэрэгжүүлэх ажил, асуудлаа тодорхойлох нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. Ингэж танилцах явцад олон  зүйл тодорхой болж өнгө төрх мэдэгдээд ирсэн л дээ.  Яг энэ үед Байгаль, цаг агаарын давагдашгүй хүчин зүйл ч таарлаа. Дараалсан  хүчтэй нөөлөг салхи, шороон шуурганы цохилт манай аймгийн нийт нутгийг хамарч  есөн хүний эрдэнэт амийг  авч 300-400 мянган мал хорогдсон энэ хүнд үед орон нутгийн ард иргэд, малчдын гүнд ажиллаж  эд материал, санаа сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн.

      "21” гэсэн тоог манай аймагтай холбож яриад нэлээд хэдэн жил болчихсон үе. Энэ тоог аймгийн ажлын үзүүлэлт, үнэлгээ мэтээр ойлгодог нөхцөл байдал олон түмэнд тарчихсан нь аймгийн хэмжээнд Засаглалыг хэрэгжүүлэх болсон манай багийнханд амаргүй байсан . Өрсөлдөх чадварын энэ үзүүлэлт нутаг орны байршил, газар зүйн онцлог, дэд бүтэц, үйлдвэржилт, ялангуяа уул уурхай, боловсруулах үйлдвэрийн хөгжил... гээд  олон зүйлээс хамаарах нь ойлгомжтой ч энэ байдлаар удаан байж болохгүй тул ард иргэдийн амьдрал, хөгжлийн тулгуур асуудлуудаар тодорхой зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

                        "ДУНДГОВИО НОГООРУУЛЪЯ”

   -Та бүхэн "Дундговио ногооруулъя” "80 мянган мод тарья” гээд л эхэлсэн  шиг санаж байна. Тэр хаврын гамшигт үзэгдэл энэ зорилтыг дэвшүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн үү?

    - Шууд шороон шуурганаас энэ санаа төрсөн  ч биш байх.  Ер нь говь нутагт хөрсний доройтол, цөлжилтийн тухай олон жилийн өмнөөс яригдсан. Эхлээд бид ер нь таримал хэдэн модтой юм бэ гээд үзсэн чинь 250 мянга орчим модтой гэсэн үг. Аймаг маань 80 жилийн түүхтэй. Мэдээж, анхны жилээс л мод тарих оролдлого эхэлсэн байж таарна гэвэл 80 шахам жилд 250 мянган мод тарьжээ дээ. Тэгвэл 80 жилийн ойгоо угтаад 80 мянган мод тарья гэсэн хөдөлгөөн өрнүүлсэн. Энэ нь  гурван жилд дахин 250 мянган мод буюу 80 жилд тарьсантай тэнцэх мод тарьж ургуулъя гэсэн үг л дээ. Ер нь ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, Дундговио ногооруулах нь цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа юм гээд л мод тарьдаг, тарих сонирхолтой хүмүүсийг аймагтаа ирүүлэн  сургалт зохион байгуулаад л, Монгол улсын Зөвлөх агрономич хүн ирж хичээл зааж биечлэн үзүүлээд л, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадын төв замын аймгийн төвийг  дайрсан хэсгийн хоёр талаар мод тарьж хашаа хамгаалалт бариад л , ёстой  "Хөлтэй нь хөлгөж, хөлгүй нь мөлхөж” гэгчээр их ажил өрнөөд явж байтал Монгол улсын Ерөнхийлөгч ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлаад энэ ажил бүр өндрөө авсан.  Ингээд аймгийн дарга нарыг төвд дуудан Байгаль орчны сайдтай гэрээ байгуулахад ер нь манайх 2030 он хүртэл 10,8 сая л мод тарих боломжтой юм гэсэн тооцоотой очсон.  Энэ тооцоогоо танилцуулахад Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга "Наад тоогоо нэм. Үндэсний хөдөлгөөнийг олон улсын байгууллага, тэдний төсөл хөтөлбөр дэмжиж байна. Дагаж мөнгө санхүүгийн дэмжлэг ч орж ирнэ. Уул уурхайн  дэлхийн хэмжээний компани хажууханд чинь Өмнөговьд байгаа төдийгүй  тус аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 330 сая мод тарих санхүү шийдэх асуудал яригдаж байна” гэхээр Манайх 30 сая модыг 2030 он хүртлэх хугацаанд тарья гэж амлаад гэрэээнд гарын үсэг зурсан. Аймгууд олонхи нь 20 сая мод тарина гэж гэрээ байгуулж байхад 30 сая мод тарина гэж гэрээ байгуулсанд Монгол Улсын Ерөнхийлөгч тухайлан баяр хүргэж их л талархалтай хандсан. 

            Мод тарих суурь дэд бүтэц буюу мод үрсэлгээний агро парк сум бүрд байгуулахыг зорьж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж энэ оны эцсийн ИТХ-ын хуралдаанаар батлуулах гэж байна.. Ингэж зориод Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр  аймгийн төвд мод үрсэлгээний "Агро парк” байгуулъя гэдэг дээр тохирсон. ТЭЗҮ хийж байна. Дараа нь төсөв мөнгө нь яригдана, урьдчилсан байдлаар  10-20 тэрбум төгрөг хавьд бодож байна. Нөгөө нэг боломж нь БНСУ манайд "Куяаны төгөл” 100 га газар  байгуулаад 12 жилийн дараа энэ жил хүлээлгэж өгье гэсэн саналаа тавьсан. Бид энэ зорилтын хүрээнд дахин 100 га-д мод тарих ажлаа үргэлжлүүлээч гэсэн саналаа тавьчихсан, Солонгосын тал ч газрын асуудлыг шийдчихвэл саналыг хүлээж авахаар тохирсон байгаа. "Куяан-2” ч гэдэг нэртэй юмуу, ямар ч байсан төсөл үргэлжлэх боломж нээгдсэн. Бас Аж ахуй нэгжүүд ч мод үрслэгээний газар авах хүсэлтээ илэрхийлсээр байгаа. Бид энэ хүсэлтэд жимс, жимсгэний модны үрсэлгээ илүү чухал гэдгийг хэлж ярилцаж байна. Говийн хөрсний онцлог нь жимс, жимсгэний модонд илүү тохиромжтой тул энэ тал дээр түлхүү төвлөрөх бодлого барьж байна.  Ингээд зориод ажиллахаар асуудал  гарч л байна. Газрын тухай хуулиар газрыг зөвхөн дуудлага худалдаагаар олгоно гэхээр  ингэж үрслэгээ хийх хэдэн га-гаар хэмжигдэх газар авах боломжтой ААН ховор. Нэгэнт үндэсний хөдөлгөөн зарласан болохоор энэ асуудлыг УИХ нааштай шийдэх биз.

            Цөлжилттэй тэмцэх, "Дундговио ногооруулах” манай зорилт ингэж үндэсний хөдөлгөөний хүрээнд хүчээ авч байгаад баяртай байгаа. Харин тарьснаар биш, ургаснаар модоо тоолоод явж байна.

              ХҮНИЙ ХӨГЖИЛ- ХӨГЖЛИЙН ТУЛГУУР ҮНДЭС

<!-- [if !supportLists] --> -          <!-- [endif] --> 2020 оныг Хүний хөгжлийг дэмжих жил болгосон. Ямар ч сайхан зорилт дэвшүүлсэн тэр бүхнийг эцсийн эцэст хүн л шийддэг болохоор  энэ их чухал зорилт санагдсан. Энэ хүрээнд ярилцвал?

     -Хүн рүү тухайлан чиглэсээн бодлого зайлшгүй хэрэгтэй. Манай аймгийн хэмжээнд төрийн албан хаагчийн орон тоо 3200 гэж үзвэл 300-400 орон тоо байнга сул, ажлын байр зарлагддаг ч ажиллах хүн тэр бүр байдаггүй. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн байнга дутагдалтай.    Эндээс л "Хүний хөгжлийг дэмжих”  зорилт дэвшүүлэх шаардлага урган гарч хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлээд явж байна. Их, дээд сургууль төгсөгчдийг орон нутагт нь тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд элсэхэд нь, сурах хугацаанд нь бодлого хэрэгтэй юм билээ.

 Их, дээд сургуульд суралцаж байгаа 50 гаруй оюутантай энэ талаар аймгийн Засаг дарга гэрээ байгуулаад  байгаа. Тэдэнд зохих дэмжлэг үзүүлээд явж байна, энэ тоо жил бүр өснө байх.

   Манай аймаг сургалтын чанараар  ЭЕШ-ын онооны дундажаар улсдаа дээгүүрт ордог байснаа сүүлийн жилүүдэд 15-16 дугаар байр луу ухарсанд анхаарал хандуулахаас аргагүй. Энд "Хүний хөгжлийг дэмжих” бодлогын хүрээнд нэлээд ажил хийж байна.  БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа консул манай аймагт ирээд зорилтот бүлгийн хүүхдүүдийг дэмжих чиглэлээр 20 гаруй сая төгрөг өгсөн. Зорилтод бүлгийнхэнд бүх л сувгаар дэмжлэг олгодог. Ер нь хүүхдийг сайн суралцсаны төлөө урамшуулах нь бас хэрэгтэй гэж үзээд Элсэлтийн ерөнхий шалгалтаа хамгийн өндөр оноотой өгсөн 80 хүүхдийг аймгийн 80 жилийн ойн өмнө тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулсан. Ингэхэд дээрх мөнгөн дээр өөр эх үүсвэрээр дахин 20 сая төгрөг нэмж нийт 40 сая төгрөг зарцуулсан нь тэднийг их, дээд сургуульд очихдоо өмсөх хувцас, ном, хичээлийн хэрэгсэл авах дэмжлэг болсон байх.

            Суралцагсдыг ингэж ЭЕШ-ийн оноогоор урамшуулахаар бэлтгэсэн, хичээл заасан багш нарын асуудал яригддаг, тэдэнд урамшил хэрэгтэй.  Ингэхээр багш нарыг хувийн амжилтаар нь биш багаар нь урамшуулах, тухайлвал, физикийн, математикийн, англи хэлний... гэх зэргээр сурагчдынх нь тухайн хичээлээр өгсөн ЭЕШ-ийн оноо жишээ нь  585-610 бол 10 сая, 610-650 бол 20 сая, 750-800 бол 30 сая төгрөг багт нь олгоно гэсэн болзлын журам гаргах маягаар Хүний хөгжлийг дэмжих 300 сая төгрөг зарцуулах хөтөлбөртөө Боловсролын талаар бүлэг  гарган тэнд дахин 300 сая төгрөг , бас гадаад, дотоодод явж туршлага судлах, юм үзэж нүд тайлах нь хүний хөгжлийг дэмжих нэг арга гээд энэ зориулалтаар 150 сая төгрөг тусган уул хөтөлбөрт нийт 750 сая төгрөг зарцуулах юм. Өмнөговь аймаг төрийн албан хаагч нарыг дотоод, гадаадад туршлага судлуулах "Хөгжлийн гүүр” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг, түүндээ жил бүр 300-400 сая төгрөг төсөвлөдөг юм билээ.  Манайх санхүүгийн асар их боломжтой энэ хөрштэйгөө жиших аргагүй ч хэр хэмжээндээ  зохих хөрөнгө чиглэлд тусгаад хэрэгжүүлээд явах нь зөв гэж үзсэн.

             ЭЕШ-ын үр дүнг ингэж урамшуулахаас гадна бид ер нь сургалтын чанарыг сайжруулах бодлогоо хэрэгжүүлэхийн тулд    Ерөнхий боловсролын "Оюунлаг” сургуультай хамтран ажиллахаар тохирч "Санамж бичиг” байгуулсан.  Эдний сургууль ЭЕШ-ын үнэлгээгээр жил дараалан улсдаа тэргүүлдэг, төгсөгчид нь дэлхийн шилдэг их сургуулиудад олноор элсдэг сайн сургууль. Тийм болохоор  аймгийнхаа бүх сургуулийн  захирал нарыг авч "Оюунлаг” болон  23 дугаар цогцолбор сургуулийн сургалтын орчин, арга барил, туршлагатай танилцуулсан. "Оюунлаг” сургуулийг үүсгэн байгуулагч, манай аймгийн уугуул Доржпүрэвийн Батсайханыг урьж ирүүлэн   хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд нийт сургуулийн багш нарт томоохон сургалт зохион байгууллаа.  Сургалтын агуулга нь  яаж сургалтын чанарыг сайжруулах вэ гэдэг үндсэн асуудалд чиглэгдсэн, үр дүн ч гарна байх.

            Төрийн албанд хичээл зүтгэлтэй ажиллавал үнэлдэг юм байна гэсэн сэтгэхүйг ажиллаж байгаа албан хаагч нартаа бий болгоход  Хүний хөгжлийг дэмжих бодлогын нэг зорилт оршино. Тийм болохоор жил бүр боломждоо тулгуурлаад цөөн ч гэсэн албан хаагчид орон сууцны дэмжлэг олгож байна Өнгөрсөн жил 4, энэ жил 10 албан хаагчид тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг олголоо.  Эрүүл мэндийн шалтгаантай албан хаагч хэдэн хүнд эмчилгээнд нь зориулж тус бүр таван сая төгрөг олгосон. Энэ бодлого хөтөлбөрийн хүрээнд цаашид үргэлжилнэ. Аймагт  орон сууцны хэд хэдэн хороолол зарим нь баригдах шатанд, зарим нь зураг төслийн шатандаа явна. Тэрнээс төрийн албан хаагч нартаа хөнгөлөлттэй нөхцлөөр олгуулахыг зорьж байна. "Мандал” хороолол гээд 250 айлын сууц  Шаргын хөшөөний хойт талд баригдаж эхэлнэ. Төлбөрийн хэдэн хувийг урьдчилан хийснээс хамаарч м.кв-ын үнэ ялгавартай шаталсан хэлбэрээр олгохоор  барих компани нь шийдсэн байгаа. Төлбөрөө 100 хувь хийснийг хамгийн хямдаар буюу м.кв нь 1,7 сая төгрөгөөр эхлэх,  төлбөрийн эхэлж хийсэн хувь буурах тусам м.кв-ын үнэ шатлан өсөх юм билээ.  Энэ хорооллын дэд бүтцийн асуудлыг улсын төсвийн хөрөнгөоруулалтаар шийдэх  замаар төрийн албан хаагч 25 айлыг хамгийн хямд нөхцлөөр оруулж ипотикийн зээлд хамруулах асуудал үндсэндээ болж байгаа. Цаашид зураг төсөл нь хийгдэж байгаа, Өмнөговийн төв зам, Нисэхийн замын огтлолцлын дэргэд 500 айлын "Түмний хороолол”, Нисэхийн хойт дээр Хаус хороолол баригдахад энэ бодлогыг үргэлжлүүлэх зорилготой. Хүний хөгжлийг дэмжих нь хөгжлийн үндэс, тулгуур гэдэг үүднээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж олон түмэн ч дэмжиж байгаа.

                         ХӨДӨӨ АЖ АХУЙ, МАЛЧИД РУУ ЧИГЛЭСЭН БОДЛОГО ЧУХАЛ

    - Аймгийн маань эдийн засгийн үндэс хөдөө аж ахуй. Тэнд ажиллах хүчний дийлэнх малчид. Энэ  талаар ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

     -Малчдын маань аж амьдралын гол эх үүсвэр болсон мал аж ахуйн бүтээгдэхүүнийг яаж үнэ хүргэх вэ гэдэгт л манай бодлого чиглэж байна.  Одоогийн чэнжийн гар дамжуулж аргацаасан борлуулалт явцгүй нь хэн бүхэнд харагдаж байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг малчдаас илүү орлогыг чэнж нар  олж байна шүү дээ. Тэгэхээр энэ  дүр зургийн өөрчлөх,  одоогийн энэ тогтолцоог халах нэг арга нь мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр барих явдал юм. Одоогоор махны үйлдвэр байгуулах саналтай хоёр ААН явж байна. Ер нь Монгол улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Хүнсний хувьсгал”-ын хүрээнд гар дээрээс ил задгай мах зардаг явдлыг халж  заавал үйлдвэрийн аргаар боловсруулж ангилсан, пакетласан, лабораторийн шинжилгээгээгээр хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангах нь нотлогдон баталгаажсан байж гүйлгээнд гарах юм байна. Тэгэхлэр хүссэн хүсээгүй махны үйлдвэр орон нутагт байгуулагдана.

            Харин арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөл дэмжигдэх боломж хязгаарлагдмал байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн яамны бодлогоор Дархан хот, Улаанбаатар хотын ойролцоох Эмээлтэд баригдах арьс ширний үйлдвэр л жижиг зах зээлтэй манай орны хувьд хангалттай гэж үзэж байгаа. Тэр үйлдвэрүүд хэзээ ч баригдаж ашиглалтад ороо билээ, манай малчдын хувьд их л хол харагдаж байгаа байх.  Ер нь бол арьс шир үнэгүй хаягдаад байгаа одоогийн байдал цаашид үргэлжлэх аргагүй. Харин манай аймгийн хонины ноос үйлдвэрийн хамгийн сайн чанартай түүхий эд юм байна. Алтай, Хангайн нурууны завсар хоорондын салхи дайрдаг завсрын  бүсийн хувьд манай хонины  ноосны микрон нь 14-15 буюу  бусад нутгийн хонины ноосноос илүү ноолуурхаг  онцлогтой. Бусад нутгийн хонины ноос 7-8 микрон, ямааны ноолуур 24-25 микронтой байдаг гэж үзвэл манай аймгийн хонины ноос энэ хоёрын дундах сайн чанарын үзүүлэлттэй. Иймд бидний нэн түрүүний зорилт бол  жилд хонины ноосоо цуглуулах. Энэ ажлыг  гүйцэтгэх "Хонины ноос хяргах явуулын цех”-ийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Шинэ хөдөө” төсөлд хамруулахаар төлөвлөж байна.    Нэг тэрбум төгрөгөөр тийм цех эхний ээлжинд 6-7 суманд байгуулна.  Энэ нь суурь хонь багтах угсармал  хашаа,  хулдаасан асар бүхий хонь ноослох талбай, залгуулаад угаалгын ванн байх юм.  Машин дээр ачаад явчих энэ цех 8-10 хүнтэй байна. Хашаатай хонийг асар луу оруулж машинаар хяргана. Машинаар хяргах нь нэг хонийг 2 минутанд хяргах тул цаг хэмнэнэ. Гараар хяргахад наад зах нь 15 минут зарцуулдаг хугацааг хэмнэхээс гадна жигд хяргана, арьсыг гэмтээхгүй. Суурь хонийг өчнөөн хүн хэдэн өдөр хяргадаг бол энэ цех хэдхэн цагт гүйцэтгэх болно. Цехийн  ажилчид хонь хяргасны хөлсөө малчнаас авна. Малчид ноосоо чэнжид газар дээр нь худалдаад мөнгөө авчихна. Хонио угаалгачихна. Тэгэхлээр малчин хонио хяргах, ноосоо тушаах, хонио угаалгах ажлыг нэг дор хормын дотор амжуулчихна гэсэн үг. Эхний хоёр жилд энэ ажлыг жигдрүүлээд  хонины ноос хяргах, цуглуулах ажил ийм тогтолцоонд бүрэн шилжсэний дараа ноосоо угаах  жижиг үйлдвэр байгуулан самнаж сэмлэн нэмүү өртөг шингээх ажил байгаа. 20 машин бүхий самнах цехэд ноос 20 машин бүрийг дамжин  самнагдаад гарахдаа хөвөн шиг зөөлөн, утас ээрэхэд бэлэн ноос болно.   Кг нь хоёр мянган төгрөгөөр үнэлэгдэж байгаа хонины ноос самнагдаад гарахдаа л үнэ нь дөрөв дахин өсч 8000 төгрөг болно. Цааш нь ээрээд утас болохоор үнэ нь хэд дахин өснө. Эдгээр дамжлагуудын төслүүдийг боловсруулгаж байгаа. "Сааль хураахаар сав хураа” гэгчээр бэлэн зураг төсөл гарч байх нь  мөрөөдөл мэт санагдавч  зайлшгүй хийх л ажил...   Төв аймагт "Могул ноос” гээд энэ төрлийн үйлдвэр байхад Дундговьд  ийм үйлдвэр хэрэгтэй юү гэдэг асуудлыг Хүнс, Хөдөө аж ахуйн яам сөргүүлэн тавьж мэдэх ч хонины ноосоо цуглуулах цех байгуулах, дараа нь самнах үйлдвэртэй болох нь малчдын орлогыг нэмэгдүүлэх нэг арга мөн.

            Малчид руу хандсан нэг ажил нь жил бүр аймгийн аварга малчдаа шалгаруулдаг нь урьд нь байсан уламжлалт ажил. Харин аварга болсон малчдыг аймгийн төвд гэр бүлийн нь хамт ирүүлж шагналыг хүндэтгэлтэй гардуулдаг, орой нь хүндэтгэл үзүүлэн хүлээн авалт хийж өөр хооронд нь танилцуулдаг энэ ажил 2021 оноос эхлэсэн. Энэ нь аварга цол хүртсэн малчиддаа дарамтгүй,  бас өөр хоорондоо танилцаж ажил амьдралаа ярилцаж холбоо тогтоох сайн арга болсон. Нэг жилийн аймгийн аваргууд байтугай нэг жил улсын аварга цол хүртсэн өөр өөр сумын малчид бие биенээ таньдаггүйг ингэж өөрчиллөө. Урьд өмнө шагнал гардуулах гэж аймгийн аварга малчин цол авах айлд аймаг, сумаас хэдэн машин дарга нар очдог, бөөн дайллага хүндэтгэл болдог, очсон хүн бүрд хонь мал,  мөнгөн аяга өгдөг, үүний төлөө тухайн айл хэдэн өдрөөр бэлтгэж зардал чирэгдэл болдог буруу жишгийг үүгээр халсан.           

Малчид руу чиглэсэн хөгжлийн бодлогын хүрээнд  "Малчдын хөгжлийн төв” байгуулахаар төлөвлөж байна. Урьд Нэгдэл дундын  амралт байгаад бараг хаягдсан, одоо хувьчилж авсан ААН-ийн нэр дээр ашиглалтгүй байгаа Сүх хөх бүрдийн амралтын  барилга байгууламжийг аймагт худалдан авч, байгалийн үзэсгэлэнт энэ тогтоц,  тэр орчныг сэргээн тохижуулсан цогцолборыг түшиглэн энэ төвийг байгуулах юм. "Малчдын хөгжлийн төв” ингэж байгуулагдахаар  тэнд малчид сум сумнаасаа ирж амардаг, сургалт, зөвлөгөөн, шоу цэнгүүнээ хийдэг, шинэ технологи, иновац нэвтрүүлэх арга ажиллагаанд суралцдаг том төв болно.

 

                        НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ӨРГӨЖИНӨ

<!-- [if !supportLists] --> -          <!-- [endif] --> Хөгжлийн нэг гарц нь ногоон хөгжлийг дэмжсэн аялал жуулчлал гэж үздэг. Нэг үеийг бодвол энэ салбар нэлээд анхаарлын төвд ороод байх шиг. Дундговь аймгийн тухайд энэ талаар  ямар ажил хийж байна вэ?

       -Байгалийг үзэсгэлэнт газруудаа түшиглээд богино зайн эргэлттэй аялал жуулчлалаар аймаг орон нутгаа сурталчлах, таниулах боломж манайд бий.     Манайд "Говийн шуранхай”  гээд аялал жуулчлалын холбоо бий, нэлээд ажил хөөцөлдөөд явж л байна. Цагаан суварга, Их газрын чулуу орчмын аялал жуулчлалын бүс нутаг байна. Цагаан суварга орчмын суурьшлын бүс нутагт хийсэн судалгааны үр дүнд төвлөрсөн эрчим хүчний шугам татах ажил зураг төслийн шатанд явна.  Мөн энэ бүс нутгийн Ерөнхий төлөвлөгөөг нэг компани хийж байгаа. Аймгийн төвд Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадын төв замд дээр, Шаргын хөшөөний дэргэд  "Аялал жуулчлалын мэдээллийн төв” гэж байгуулсан, тэнд дэргэд нь "Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байгаа.   Дотоод,  гадаадын жуулчид тэндээс манай аялал жуулчлалын баазууд, тэдгээрийн үйлчилгээний талаар тодорхой мэдээлэл авах, аймаг оронтой товч ч гэлээ танилцах боломж энд нээлттэй. Энэ төвийг аймгийн Аялал жуулчлалын холбоондоо өгчихсөн. Мөн аялал жуулчлалын форумыг "Дундговьд төвлөрцгөөе” уриан дор хийсэн, Монголын аялал жуулчлалын холбоо,  энэ асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, энэ талаар үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд, тур операторуудын өргөн төлөөлөл оролцож аялал жуулчлалын одоогийн байдал, цаашдын зорилтын талаар нухацтай ярилцаж, зарим шийдэл, гарцыг ч тодорхойлсон.  Манайд аялал жуулчлалын том бааз байгуулчих чадал чансаа, бэл бэнчинтэй, үндэсний хэмжээний том компани алга. Уул нь  дэлхийн стандарт хангасан ганц том бааз байхад л эргэн тойронд нь хэд хэдэн жижиг бааз дагаад хөгжчих боломжтой юм билээ. Тэр том баазыг  чиглэсэн, зорьсон  зочин гийчин, жуулчдын хаялага цацлага ойр орчны баазуудад тусч хамтдаа хөгжөөд явчих боломжтой. Бид Их газрын чулууны орчинд дэлхийн стандарт хангасан компани байгуулж ажиллуулаач гэж МАК компанид хандаад байгаа.  Тэднийх  нааштай, энэ талаар ярилцахад бэлэн байгаа.  Цагаан суваргын орчинд Говь карван гээд өвөрмөц шийдлээр баригдсан сайхан бааз байна. Энд жуулчдын отоглох цэг байгуулагдсан.

            Онгийн хийд орчмын аялал жуулчлалын бүсийг зорих замд Дэлгэрхангай уулын орчинд  аялал жуулчлалын нэг бүс нутаг байхаар сумын Засаг дарга М.Батсүх аятайхан зураг төсөл хийлгээд хөөцөлдөөд явж байгаа.  Түүнийг байгуулна гэхэд Орон нутгийн хөгжлийн сангаар ч юмуу байгуулчих боломжгүй  3-4 тэрбумын өртөг яригдах юм билээ.

            Сүм хөх бүрдэд    нэлээд хөрөнгө зарж   байгаль экологийн тэнцвэрийг унаган төрхөөр сэргээх, аялан жуулчлагчдын үзэж харах, амарч зугаалах төв болгох цогцолбор хэдэн жилийн өмнө байгуулагдсан. Энэ бүтээн байгуулалт оновчтой  байсан уу, үгүй юү гэдэг нь өөр асуудал. Харин нэгэнт хөрөнгө зарцуулаад барьж байгуулчихсан  энэ цогцолборыг хамгаалж тордох,  ашиглах ёстой. Өмнөх жилүүдэд хараа хяналтгүй орхисноос тэр их хөрөнгөд нэлээд засвар тордлого хэрэгтэй болсон.  Энд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилсан "Ижий говь” төслийн хөрөнгийг хандуулахаар болж байгаа.  Энэ өвөрмөц тогтоцтой сайхан байгаль- түүх соёлын дурсгалыг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломж бий.  Манай аялал жуулчлалын холбоо энэ талаар санаачилгатай ажиллах шаардлагатай.

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БИЙ

<!-- [if !supportLists] --> -          <!-- [endif] --> Уул уурхай дагасан хэл ам тасардаггүй.  Манай аймагт ч энд тэнд ийм байдал гарч байх шиг. Ер нь уул уурхай нь хөрсөн доороо асар их баялагтай манай орны тухайд улс орны хэмжээнд ч, аймаг орны хувьд ч хөгжлийн нэг гарц юм биш үү. Энэ талаар ямар бодлого баримталж байна вэ?

   -Манай аймагт том уул уурхай гэж бараг алга. Аймгаас 50 гаруйхан км дэх Салхитын уурхай гэж нэрлэгдсэн "Эрдэнэс сильвер ресурс” гээд төрийн мэдлийн  компани л байна.  Манайханд мал аж ахуй эдийн засгийн үндэс суурь болохоор уул уурхай хэрэггүй гэсэн ташаа ойлголт байна.  Манайд энд тэндгүй жонш гарч  ухсан нүхээ дарж булахгүй, хашиж хамгаалахгүй,  уул уурхайн төсөөлөлгүй иргэдийг хөдөлмөр хамгаалалгүй ажиллуулснаас байгаль орчин сүйдэж, хүний амь эрсдэх, мал сүрэг нүхэнд унаж үхэх зэргээр хариуцлагагүй уул уурхай олширсоноос уул уурхайн нэр хүндийг унагасан. Хариуцлагагүй уул уурхайгаас үүдэлтэй олон түмний эсэргүүцэл хөдөлгөөн гарсан, үүнийг нь ашиг завшаан хайсан тэс өөр хүмүүс ямар ч мэдлэггүйгээр дэвэргэж  өөрсөддөө ашиг унагаж байгааг иргэд мэдэхгүй үнэхээр бидний төлөө, газар нутгийн минь төлөө тэмцэж байна гэж ойлгодог. Ингэж ташаа  ойлгосноос эсэргүүцэхийн тулд эсэргүүцэн уурхайн машин техник, эд хөрөнгөд халдах, эвдэлж сүйдлэх зэргээр хэрэгт шийтгэгдэн хохирох тохиолдол ч гарч байна.

             Тэр ч бүү хэл аймаг дотоодын зам, барилгын үйлдвэрлэл эрхэлдэг Аж ахуйн нэгжүүд иргэдийн эсэргүүцлээс болж түгээмэл тархацтай ердийн ашигт малтмал гэгддэг элс, хайрга чулуу нутаг дэвсгэрээсээ олборлож чадахгүйд хүрч, хаа хол газраас тээвэрлэн  барилгын материалын өртөг зардал нэмэгдэж байгааг анхаарахгүй өнгөрч болмооргүй.

            Аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй сум, аймаг, ААН гурвалсан гэрээ байгуулсан.  Уул уурхай бүр нийгмийн хариуцлагын хүрээнд жилд тодорхой хандивыг орон нутагт өгөх, түүнийхээ 30 хувийг   суманд, 70 хувийг аймагт олгох, тэрхүү хандивыг зөвхөн боловсрол, эрүүл мэнд, соёлын салбар болон  тэгш ойн үйл ажиллагаанд зарцуулах журам гаргасан.   Энэ нь нэг уурхай байлаа гэхэд сум очоод хандив нэхдэг, дараа нь аймаг очоод хандив нэхдэг, бас нэг малчин очоод хүүхдийн сургалтын төлбөр нэхдэг байдал эцэслэгдсэн. Ер нь манай аймагт гантиг , боржин чулууны, гипсэн хавтангийн үйлдвэр байгуулвал  тохирох чулуулагийн нөөц баялаг, сонирхож байгаа гадаад, дотоодын байгууллага ч байгаа. Хамгийн гол нь тэдгээрийг олборлох уул уурхай туйлын  хариуцлагатай, хууль тогтоомжийн хүрээнд ажиллах хэрэгтэй юм билээ.

            -За цаг гаргаж чөлөөтэй, сайхан ярилцлаа. Танд маш их  баярлалаа                                                                                             Ярилцсан С.ПҮРЭВСҮРЭН,

                                                                                                Д.АЛТАНТОГОС

 

   

Ц.МӨНХБАТ: “-ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛ, ХӨГЖЛИЙН ТУЛГУУР ЗОРИЛТУУДАД АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА”

 

Ц.МӨНХБАТ: “-ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛ, ХӨГЖЛИЙН ТУЛГУУР ЗОРИЛТУУДАД АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА”

 

                    

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!