ДУНДГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай хангагджээ

🕔 2022/11/04 12:49


Аймгийн ХХААГ-ын мэдээлснээр 2022-2023 оны мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангалт Дундговь аймагт 85 хувьтай байна. Аймаг, сумын Засаг даргын аюулгүй нөөцөд 800 тн бэлтгэхээс 974,4 тн, 510 тонн тэжээл бэлтгэхээс 365,7 тонныг нөөцөлжээ.  Харин малчид (тэжээлийн нэгжид шилжүүлснээр) 19911,1 тн гар тэжээл бэлтгэхээс 8374,1 тн бэлтгэсэн нь 40,5 хувьтай байгаа аж. 2022-2023 оны мал өвөлжилтөнд 7670 малчин өрхийн 3,8 сая мал хонин толгойд шилжүүлснээр 5,2 сая толгой мал өвөлжиж хаваржих төлөвтэй байгаа. Мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээгээр аймгийн нийт нутгийн 50,0 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой, харин нийт нутгийн 37,0 хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 5,0 хувьд 3-5 дахин хэтэрсэн, 8,0 хувьд олон дахин хэтэрчээ. Нийт нутгийн 23,0 хувьд нь бэлчээрийн нөөц 50 хувь, 27 хувьд бэлчээр хүрэлцээтэй гэсэн дүгнэлт гарчээ.

2022 оны 10 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд тус аймгийн Эрдэнэдалай суманд 7мм, Дэлгэрхангай, Луус, Сайнцагаан, Хулд сумдуудад 3-5мм, бусад сумдын нутагт 1-2 мм цас орж, 10 дугаар сарын 14-ны байдлаар ихэнх нутагт цас хайлж нимгэрсэн байна. Нийт малчин өрхийн 2,3 хувь буюу 181 малчин өрхийн 97961 тоо толгой мал гадны 8 аймаг, нийслэлд, харин 5,2 хувь буюу 404 өрхийн 218594 толгой мал өөрийн аймаг дотор оторлож байна. Тус аймгийн нутагт Өвөрхангай, Өмнөговь аймгийн 5 сумын 18 өрхийн 19206 мал ирж өвөлжиж байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлсэн. 11 дүгээр сарын 02-нд  хуралдсан аймгийн удирдлагуудын шуурхай хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай хэлэлцсэн бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 85,0 хувьтай байгааг “хангалтгүй байна” хэмээн дүгнэж, аймгийн ХХААГ-т анхааруулан, цаашид авах арга хэмжээний талаар чиглэл өгчээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!