Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай зөвлөмж гаргалаа

🕔 2021/11/08 16:38

 

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай зөвлөмж гаргалаа

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-аас малчдад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх тухай зөвлөмж гаргалаа.

Аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгаврын дагуу Сайнцагаан сумын хэмжээнд малчид 517,4 тн өвс, 517,4 тн үйлдвэрийн тэжээл, 3532 тн гар тэжээл бэлтгэх ёстойгоос одоогийн байдлаар 250 тн өвс, 110 тн үйлдвэрийн тэжээл, 1735 тн гар тэжээл бэлтгэсэн байна. 258,7 тн хужир бэлтгэх ёстойгоос 83 тн-ыг бэлтгэжээ.

Өөрөөр хэлбэл өвсний нөөцийн хангалт 48 хувь, үйлдвэрийн тэжээлийн хангалт 21 хувь, гар тэжээлийн бэлтгэл 49 хувьтай байгаа аж.

Харин сумын аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 40 тн тэжээл татан авах ёстойгоос 40 тн өвс, 16 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэжээ.

Сайнцагаан сумын хэмжээнд 883 малчин өрх, 389 695 толгой мал тоолуулж, 2021-2022 онд урьдчилсан байдлаар(хонин толгойд шилжүүлснээр)500 150 толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа.


Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар энэ онд сумын нутаг дэвсгэрийн нийт бэлчээрийн даац 75 гаруй хувьд нь дунд, 25 хувьд нь гандуу байгаа ба Наран, Тэвш, Далай багийн бэлчээрийн даац 1-3 дахин, Үйзэн багт 3-5 дахин хэтэрсэн байна.

Тиймээс өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Газрын гарц тааруу, хадлан, гар тэжээлийг бэлтгэх боломж бага байгаа тул нөхцөл байдал энэ жил дахин хүндэрч болзошгүй байгааг сумын ЗДТГ-аас малчдад ийнхүү анхааруулж, мал тэжээх боломжит бүхнийг нөөцлөх, үйлдвэрийн өвс, тэжээлийг боломжоороо худалдан авахыг зөвлөсөн байна.

 

Сумын ХААТ-ийн дарга Т.Батсайханаас өвс тэжээлийн нөөцийг хэдийд бүрдүүлж дуусгах талаар тодруулахад "цагийн байдлыг харж байж, аюулгүйн нөөцөө хэзээ нэмэгдүүлэхээ шийднэ, тэгэхгүй бол цаг сайхан үед өвс тэжээл зарагдахгүй, удаан хадгалснаас болж, муудаж, ялзардаг” гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!