ДУНДГОВЬ:Зүүн сумдын бүсийн зөвлөгөөнд 130 гаруй төлөөлөгч оролцож байна

🕔 2022/09/09 12:45

Дундговь аймгийн зүүн сумдын төрийн албан хаагчдын бүсийн зөвлөгөөнийг “Харилцан туршлага солилцох, мэдлэг чадвараа дээшлүүлэх” зорилго дор энэ сарын 8, 9-нд Өлзийт суманд зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт сумын удирдлагууд, ЗДТГ-ын мэргэжилтэн, ИТХ-ын албан хаагчид 130 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.


Дундговь аймаг 2022 оныг "Хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа ба хөтөлбөрийн хүрээнд хүний хөгжлийг дэмжих, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, чадавхыг бэхжүүлэх, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж. Зөвлөгөөний үеэр “Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага”, “Төрийн хэмнэлтийн тухай хууль”, “Хүний хөгжил, алсын хараа 2050” зэрэг сэдвүүдээр Удирдлагын академын багш, доктор Л.Отгонтуяа, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван, , Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандорж нар илтгэл тавьсан байна.


Түүнчлэн зөвлөгөөнд оролцогчид Өлзийт сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, харилцан туршлага солилцжээ. 1961 онд Өлзийт, Буянт-Овоо сум, тэдгээрийн 6 нэгдлийг нэгтгэж, Өлзийт сум “Хоёрдугаар таван жил” нэгдэл хэмээн байгуулсан түүхтэй. Тус сум хойд талаараа өөрийн аймгийн Хулд, Луус Сайнцагаан, зүүн талаараа Гурвансайхан, Өндөршил, Дорноговь аймгийн Мандах сум, урд талаараа Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций, Цогт-Овоо сумтай хиллэн оршдог.


Сумын төв Рашаант Улаанбаатар хотоос 365 км, аймгийн төвөөс 100 км-т байрлах ба тус сум нь зүүнээсээ баруун хил хүртлээ 220 км, хойноосоо урд хил хүртлээ 160 км сунаж тогтсон 1542,1 мянган га нутаг дэвсгэртэй. Энэ нь Дундговь аймгийн нийт нутгийн 1/5-тэй тэнцэх өргөн уудам газар. Засаг захиргааны нэгжийн хувьд 6 багтай,  ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, сургууль, цэцэрлэг, ЭМТ, Соёлын төв иргэдэд төрийн бүх үйлчилгээг хүргэдэг.


Өлзийт сумын Соёлын төв сүүлийн 30 шахам жил ажил үйлсээрээ аймагтаа болон улсад тэргүүлсэн, олон алдартан гавъяатуудтай.

Тус Соёлын төвийн алтан тайзнаас Монгол Улсын Төрийн шагналт Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Нямаа, Монгол Улсын  Ардын жүжигчин Н.Дагийранз, А.Дашпэлжээ, А.Нэргүй,  Монгол Улсын урлаг соёлын 13 гавъяат,  Соёлын тэргүүний ажилтан 86,  Аймгийн алдарт морин хуурч 9, Аймгийн алдарт уртын дууч 3,  МҮЭ-ийн соёлын тэргүүний ажилтан 14  төрөн гарчээ.








Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!