Зөвлөгөө: Хувийн санхүүдээ дэвшүүлэх зорилтууд-1

🕔 2022/02/25 17:35

Эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, ажил үйлс, мөнгө санхүү зэрэг бидний амьдралын олон талыг хамарсан том, жижиг зорилго тавьж, биелүүлэхийн тулд хүмүүс их, бага хэмжээгээр хичээцгээдэг. Мөнгөө удирдаж, орлого зарлагаа хянаж, хадгаламжтай болж...Өөрчлөгдөж, өмнөхөөсөө илүү сайн байхад тань туслах санхүүгийн зорилтууд, мөн тавьсан зорилтдоо хүрэх аргуудын талаар  хуваалцаж байна. 
Хувийн санхүүгээ удирдах нь 
Энэ ондоо тавьсан зорилтуудын жагсаалтад тань юу ч байж болно. Гэхдээ түүнийгээ биелүүлэх, өөрчлөгдөх, өмнөх оныхоосоо урагшилж, илүү сайжрахад гол нөлөө үзүүлэх зүйл бол санхүү, хувийн санхүүгээ удирдахуй билээ. Одоогоос яг нэг жилийн өмнө дэвтэртээ бичсэнчлэн, "Илүү их орлого олох”, "Илүү хэмнэх”, "Илүү хадгалах” зорилтыг энэ ондоо ч үргэжлүүлж буй бол үүнийхээ оронд "Хувийн санхүүгээ удирдаж сурах” гэсэн ганцхан өгүүлбэрийг биччихэд гэмгүй. Мэдээж ингэж бичээд л биелүүлчихгүйгээ бид сайн мэдэж байгаа. Санхүүгийн сахилга баттай байж, хувийн санхүүгээ зохистой удирдахын тулд юу хийх ёстой вэ?
Хянах
Санхүүгийн хувьд сахилга баттай байж, зөв дадлыг төлөвшүүлэх хамгийн эхний алхам юу вэ? Төсөв хөтлөх. Олсон орлогоо юунд зарцуулж буйгаа анзаарахгүй, хянахгүй бол мөнгөөр гачигдах үе гарна гэдэгт эргэлзэх ч хэрэггүй. Тиймээс олж буй орлого, гарч байгаа зарлагынхаа хэмжээг хянах, харьцуулах нь маш чухал бөгөөд ингэснээр санхүүгийн зөв дадалд хөтлөх удаах алхмуудыг хийх болно.
Эрэмбэлэх 
Тодорхой хугацаанд (Нэг, эсвэл зургаан сар) гаргаж буй зарлагаа том зургаар нь харж, эрэмбэлэх. Ингэхийн тулд хөтөлсөн төсвөө мэдээж "сөхөх” хэрэг гарна. Нэг сарын турш та юунд хамгийн их мөнгө зарцуулж, юуг хэрэглэж буйгаа ийнхүү баримжаалснаар хэрэглээ, зарлагаа эрэмбэлж, улмаар хэрэггүй зардлаа танах, хэмнэх алхмуудын талаар бодож эхлэх нь лавтай. Түүнчлэн анхаарал хандуулах, мөнгө зарцуулах зайлшгүй шаардлагатай зүйлсээ ч тодорхойлох  шийдвэр гаргахад илүү дөхөм болно.
Хэмнэх 
Энэ ондоо илүү хэмнэж, хэмнэснээ том, чухал зорилгодоо зарцуулахаар төлөвлөсөн бол анхаарлаа хандуулаарай. Мэдээж, бид мөнгөө хэрхэн хэмнэх талаар зөвлөгөөтэй хаа сайгүй таарна, тэднээс сонгоно, зарим маань хэмнэж чадна. Заримдаа үгүй.
Хамгийн их үйлчлүүлдэг, байнга бараа, бүтээгдэхүүн худалдаж авдаг газрууддаа төвлөрөөд үзээрэй. Өөрөөр хэлбэл, хүнсээ цуглуулдаг дэлгүүр, үйлчлүүлдэг кофе шопынхоо байнгын үйлчлүүлэгчийн давуу талыг ашиглаж болно. Тэр тусмаа үнэнч үйлчлүүлэгчдээ хямдрал, бэлэг, урамшуулал санал болгодог шүү дээ. Ингэхийн тулд худалдан авалтын тань ихэнх хэсгийг эзэлдэг үйлчилгээний газруудыг олж мэд, дараа нь сонголтоо хийгээрэй.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!