Хуримтлал үүсгэж болох шилдэг аргууд

🕔 2019/11/04 12:23

Хуримтлал үүсгэж болох шилдэг аргууд

 

Өчигдөр дэлхийн хуримтлалын өдөр болж өнгөрлөө. 1924 оны энэ өдөр Италийн Милан хотноо зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн банкны анхдугаар чуулганы үеэр Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга гарсан нь биеллээ олж, өнөөг хүртэл уламжлал болгон тэмдэглэсээр иржээ. Энэ өдөр хуримтлал үүсгэхийн ач холбогдол, үр дүнгийн талаар бусдад сурталчлан таниулахаас гадна нэр алдартай хүмүүс өөрийн амжилтын туршлагаасаа бусадтай хуваалцдаг. Дэлхийн хуримтлалын өдөр болж өнгөрсөнтэй холбогдуулан хуримтлал үүсгэх аргуудын талаар сонирхуулья. 


Өдөр бүр бага багаар хуримтлуулах

Та эхний өдөр 100, дараагийн өдөр 200, гурав дахь өдөр 300 төгрөг гэх мэтээр өдөр бүр зуу зуун төгрөг нэмэн 365 хоногийн турш хуримтлал үүсгэвэл нэг жилийн дараа нийт 6,679,500 төгрөг хуримтлуулсан байх болно. Туршаад үзье гэж бодож байвал яг өнөөдрөөс эхлээрэй.

Түр зуурын сэтгэл хөдлөлд авталгүй,  зөвхөн өөрт хэрэгтэй зүйлдээ анхаараарай 

Дэлгүүрт явж байгаад гоё цамц олж хараад авчихдаг ч юм билүү гэж бодогдох үе танд гарч л байсан байх. Энэ үед өнөөх цамцныхаа үнэтэй тэнцэхүйц мөнгийг хадгаламжийн данс руугаа шилжүүлээд цамцыг харин байранд нь үлдээгээрэй. Угаасаа цамцанд үрэх л гэж байсан мөнгийг хадгаллаа гээд хожно уу гэхээс алдах юмгүй. Үнэхээр ямар нэг эд зүйлийг авахгүй л бол болохгүй юм шиг санагдаад байвал энэ зүйлгүйгээр одоог хүртэл амьдарч болсоор л ирлээ, авахгүй байлаа гээд юу алдах билээ гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Зарим нэг зүйл угаасаа байсан ч, байгаагүй ч ялгаагүй байдаг шүү дээ. Хүүхдэдээ ч бас чихэр, шоколад, тоглоом авъя гэхэд нь татгалзах тохиолдол зөндөө л бий. Энэ үедээ хүүхдээсээ үнэхээр чухал хэрэгтэй юу эсвэл оронд нь хадгаламждаа мөнгө хийх үү гэж санал болгож байгаарай. Үүний өмнө мэдээж хүүхдэдээ хадгаламжийн ач холбогдлыг сайтар ойлгуулсан байх хэрэгтэй. Хүүхдүүд бидний бодож байгаагаас ч илүү ухаалаг, илүү ухамсартай байдаг. 

Бэлэн мөнгөөр тодорхой нэг дэвсгэртийг цуглуулах 

Энэ тохиолдолд та аль ч дэвсгэртийг сонгон цуглуулж болно. Жишээлбэл:500 төгрөг хүртэлх мөнгөн дэвсгэртүүдзөвхөн мянгат эсвэл таван мянган төгрөгийн дэвсгэртүүд гэх мэтээр өөртөө илүү боломжийн санагдаж байгаа дэвсгэртээ сонгон цуглуулах. Хэрэв та 1000 төгрөг сонгосон бол таны хэтэвчинд энэ дэвсгэрт орж ирэх бүрт үрэлгүйгээр хадгаламжийн шилрүүгээ хийх. Заавал шил гэж байгаа нь цуглуулж байгаа мөнгөө нэмэгдэхийг харан урам авах зорилготой. Мөн шилэн дээрээ юунд зарцуулах төлөвлөгөөгөө биччихвэл бүр ч янзтай. 

Худалдан авалтын дүнгээ тоймлон, зөрүүг нь хадгаламж руугаа хийх 

Та гэрийнхээ хүнсийг цуглуулахад нийт дүн нь 46,300 төгрөг боллоо гэж бодъё. Тэгвэл та энэ дүнгээ 50,000 гэж тоймлоод зөрүү болох 3700 төгрөгийг нь хадгаламжиндаа хийгээрэй. Энэ мэтээр зарлага бүрээ тоймлоод зөрүүг нь хуримтлуулаад байвал таны санхүүд нэг их хүндрэл учрахгүй атлаа гайгүй дүнтэй хуримтлал үүссэн байх болно.

Баяр ёслолоор гаргадаг зардлаа танаад хадгаламж руугаа хийх 

Төрсөн өдрөө заавал жил бүр тэмдэглэх үү? Зарим жил тэр мөнгөө хэмнээд хадгаламж руугаа хийгээд ирээдүйд өөртөө бэлэглэх ч бас боломжийн санаа шүү. Шинэ жилээр бүсгүйчүүд даашинз, үс засалт, нүүр будалт, маникюр, педикюр гээд маш их зардал гаргадаг. Харин зарим нэг гоо сайхны үйлчилгээг өөрөө хийсэн байхад 200-300 мянган төгрөг хадгаламждаа хийх боломжтой болно. Хүүхдүүд ч бас нэг жилд төрсөн өдөр, шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр гээд бэлэг авах үе олон. Зарим баяраар бэлэгний оронд хадгаламж руугаа мөнгө хийе гэж хүүхэдтэйгээ тохиролцож ч болох юм. Заримдаа хүмүүс бэлэгний оронд мөнгийг нь өгчихдөг. Түүнийх нь талыг нь ч атугай хадгаламждаа хийхийг хүүхдэдээ сургаарай. Одоогийн тав тухаас илүүтэйгээр ирээдүйн сайн сайхандаа анхаарах төлөвшлийг хүүхдэдээ олгох нь зөвхөн мөнгөн дээр ч биш амьдралын бусад зүйлд ч хэрэг болно.

Хямдралтай худалдан авалт хийсэн бол зөрүүг нь хадгаламж руугаа хийх 

Та ямар нэг зүйл худалдан авах гээд очтол хямдарчихсан байх тохиолдол хааяа гардаг уу? Тэгвэл хэмнэсэн мөнгөө хадгаламж руугаа хийгээрэй. Угаасаа л бүтэн үнийг нь тооцоолоод мөнгөө төсөвлөчихсөн байсан юм чинь.

Тогтмол гаргадаг чухал биш зардлуудаа тодорхой хугацаанд хадгалж үзэх 

Өдөр бүр кофе шопоос кофе авч уудаг уу? Өдрийн хоолны дараа заавал амттан авч иддэг үү? Тамхи татдаг уу?Аяга латте 5000, хайрцаг тамхи 4000, нэг шоколад 3000 төгрөг. Өдөр болгон авбал жилд 1,825,000, 1,460,000, 1,095,000 төгрөг болж байна. Эдгээр зүйлийг огт авахгүй бол жилд 1-2 сая төгрөг, өнжөөд нэг авбал жилд 500,000 мянгаас нэг сая төгрөг хэмнэх нь. Авахгүй гүрийх бүртээ үнийн дүнтэй нь тэнцэх мөнгийг хадгаламж руугаа хийгээд үзвэл яаж байна? Хэцүү байж магадгүй ч туршаад үзэж болох л юм. 

Төлөвлөгдөөгүй орлого нэмэгдэх үед хадгаламж руугаа хийх 

И-баримтаас мөнгө хожих, бооцоонд ялаад мөнгө авах, газраас мөнгө олох гэх мэт гэнэтийн орлогыг үрэлгүй хадгаламж руугаа хийх. Учир нь энэ бол төлөвлөгдөөгүй орлого буюу та энэ мөнгөгүй байсан ч болох л байсан гэсэн үг. Тэгэхээр үүнийгээ хуримтлал руугаа хийлээ гээд танд алдах юм огтхон ч байхгүй. Мөн цалин тань нэмэгдэх, бонус авах, 13-р сарын цалингаа авах гэх мэтээр орлого тань нэмэгдвэл нэмэгдсэн дүнг нь хадгаламж руугаа хийх.

Хамгийн шилдэг арга бол дансаа хуримтлалын үйлчилгээнд холбуулах 

Ингэснээр таны данснаас хуримтлалын данс руу тань сонгосон тогтмол цаг, тогтмол дүнгийн дагуу автоматаар орлого шилжинэ. Жишээлбэл та сар бүрийн 15-ны өдөр 100 мянган төгрөг хадгаламжийн данс руугаа шилжүүлнэ гэсэн тохиргоог нэг удаа хийснээр цаашид сар бүр таны данснаас хадгаламжийн данс руу тань хуримтлал автоматаар татагдаж, танаас ямар ч нэмэлт үйлдэл гаргахгүйгээр хуримтлал өссөөр байх болно. Хадгална гэхээр хамаг дуртай зүйлсээсээ татгалзаад нэг л сэтгэл ханамжгүй амьдрах юм шиг санагдаж байна уу. Харин тодорхой зорилготой хадгалбал ингэж санагдахгүй. Том зорилгын дэргэд ганц цамц, ганц шоколад юу ч биш санагдах болно. Таны том зорилго юу вэ?

ЗГМ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!