Талибууд Өрнөдийн орнуудтай албан ёсны хэлэлцээ хийж эхэлжээ

🕔 2022/01/24 11:19

Талибууд Өрнөдийн орнуудтай албан ёсны хэлэлцээ хийж эхэлжээ


Афганистаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Амир Хан Муттаки тэргүүтэй "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчид Өрнөдийн орнуудын Засгийн газрын албан тушаалтнууд болон тус улсын иргэний нийгмийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж эхэлжээ. Гурван өдөр үргэлжлэх хэлэлцээ ням гарагт Норвеги улсад эхэлсэн байна. Эхний өдрийн уулзалтууд Осло хотоос холгүй ууланд байрлах зочид буудалд болжээ. Ням гарагт талибууд Афганистаны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө болон хүний эрхийн төлөө тэмцэгчидтэй уулзсан байна.

Афганистаны асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч Том Уэст тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид "Талибан"-ы төлөөлөгчидтэй уулзах үеэрээ "төлөөллийн улс төрийн тогтолцоог бий болгох, хүмүүнлэгийн болон эдийн засгийн хямралд яаралтай хариу арга хэмжээ авах, аюулгүй байдлын болон терроризмтой тэмцэх асуудлууд, түүнчлэн хүний эрх, ялангуяа охид, эмэгтэйчүүдийн боловсролын талаар" хэлэлцэхээр төлөвлөж байна гэж тус улсын Төрийн департаментаас хэлэлцээтэй холбогдуулан гаргасан мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

Афганистанд хүмүүнлэгийн нөхцөл байдал хүнд байгаа тул Муттаки АНУ болон барууны бусад орноос 10 тэрбум ам.доллар гаргахыг шаардана гэж таамаглаж байна. Норвегийн Гадаад хэргийн яам хэлэлцээтэй холбогдуулан мэдэгдэхдээ "Норвеги улс хүний эрх, эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоо, мөн Афганистаны ард түмнийг дэмжих талаарх хүмүүнлэгийн болон эдийн засгийн хүчин чармайлтыг бэхжүүлэхийн тулд "Талибан”-тай яриа хэлцээгээ үргэлжлүүлж байна" гэжээ.

Энэ нь талибууд наймдугаар сард Афганистаны эрх мэдлийг гартаа авснаас хойш Европт хийж буй анхны албан ёсны хэлэлцээ юм. Тэд өмнө нь ОХУ, Иран, Катар, Пакистан, Хятад, Туркменистанд айлчилсан билээ.

Норвегийн Гадаад хэргийн сайд Анникен Хюитфельдт өмнө нь мэдэгдэхдээ, энэ айлчлал нь ""Талибан"-ыг хууль ёсны болгох эсвэл хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш юм" гэж онцолсон байна. "Гэсэн хэдий ч бид өнөөдөр улс орныг бодитоор удирдаж байгаа хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Афганистаны нөхцөл байдалд бид ихээхэн санаа зовж байна" гэж тэрбээр хэлжээ. Түүний хэлснээр, Афганистаны эдийн засаг, улс төрд үүсээд буй нөхцөл байдал "олон сая хүнийг өлсгөлөнд нэрвэгдэх аюулд оруулсан томоохон хэмжээний хүмүүнлэгийн сүйрлийг бий болгоод байна. НҮБ-ын мэдээлснээр, Афганистанд 1 сая орчим хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгаа бөгөөд тус улсын 38 сая хүн амын дийлэнх нь үгээгүй ядуу байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!