ЗАР »
Б.Хурцыг цагаатгах уу, эсвэл...?
ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн хоёр хүнийг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдсан.
Б.Хурцыг гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1 дэх зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Ингээд Нийслэлийн прокурорын газрын яллах дүгнэлтийн дагуу Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тав хоног хуралдаж байж 2020 оны долдугаар сарын 22-нд Б.Хурцад гурван жилийн хорих ял оноосон юм.
Тэгвэл Б.Хурцын гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хурал 2020 оны аравдугаар сарын 29-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэрийг гаргав. Ингэхдээ түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн. Энэ нь хэрэг нь анхан шатны шүүхэд буцсан ч суллахгүйгээр шийдвэрлэсэн гэсэн үг.
Харин Давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэр чухам юу гэсэн "үг” вэ гэдэг тун ойлгомжгүй болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, ингэж шийдсэнээр Б.Хурц цагаадаж суллагдах үүд нь нээгдэж байна уу, аль эсвэл түүнд оноосон ялыг нэмэхээр болов уу гэх мэт хэд хэдэн асуулт гарч ирж байна.
Хуульчид, хууль хяналтын байгууллагын зарим эх сурвалж Б.Хурцыг хэрхэх эсэхийг дараах байдлаар "таамаглаж” байна.
Нэгдүгээрт, Тэр одоо ялтан биш. Хэрэг нь анхан шатны шүүхэд буцсан. Тэгэхээр шүүх хурал дахин болох гэсээр байтал Ардын хувьсгалын 100 жилийн ой болж, Б.Хурцын хэрэг Өршөөлийн хуульд хамааран "алга” болно. Мөн Б.Хурц удахгүй нэгэн дуулиан шуугианы үеэр таслан сэргийлэх арга хэмжээ нь өөрчлөгдөж суллагдана.
Хоёрдугаарт, Б.Хурцад анх ял оноосон Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх удахгүй хурлыг зохион байгуулна. Ингэвэл Б.Хурцад ял оноосон зүйлчлэлийг өөрчилнө. "...Б.Хурцыг ялласан зүйлчлэл буруу” гэдгийг хууль, шүүхийнхэн хэлдэг. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэх Эрүүгийн хуулийн санкцуудаар Б.Хурцыг буруутгаж буй нь хуулийг буруу хэрэглэсэн явдал гэж үздэг. Учир нь Б.Хурцын үйлдэлд дээрх зүйл заалтууд бус "...Хариуцлага алдсан” гэх агуулга бүхий зүйлчлэл тохирно гэж байна.
Гуравдугаарт, давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш, доор нь анхан шатны шүүх, дээр нь хяналтын шалтны шүүх бий. Тэгэхээр давж заалдах шатны шүүхийн шүүгч нар олны анхаарал татсан ийм дуулиант хэрэг дээр нэрээ гаргаж, хэзээ нэгэн цагт "...Б.Хурцыг хэлмэгдүүлсэн, эсвэл хууль буруу хэрэглэсэн” гэгдэх аюулд өртөхгүй байхын тулд ингэж шийдвэрлэсэн байх боломжтой. Нэг үгээр хэлэхэд, энэ давж заалдах шатны "арьсаа хамгаалсан” шийдвэр төдий зүйл гэж болох аж.
Дөрөвдүгээрт, Б.Хурцыг буруутгаж буй хоёр зүйл ангийн нэг болох Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйл буюу Эрүү шүүлт тулгах гэдгийн 251.1-т "...Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Эндээс харахад анхан шатны шүүхээс Б.Хурцыг яллахдаа дээр 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээ болох гурван жилийн хорих ял оноосон. Тэгэхээр дараагийн байж болох хувилбар бол шүүх Б.Хурцад оноосон ялыг чангалж, өмнө оноосноос хүндрүүлж мэднэ. Гэхдээ энэ нь дээрх гурван "таамаг”-ийг бодвол хамгийн боломжгүй хувилбар нь юм.
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!