ДУНДГОВИЙН ОХИД, БҮСГҮЙЧҮҮД COVID-19-ЭЭС ХАМГААЛАХ СЭДВЭЭР ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД...

🕔 2020/04/09 19:49
Шинэ төрлийн корона вирус буюу Covid-19-өөс гэр бүлээ хэрхэн хамгаалах  сэдвээр 19-өөс дээш насны эмэгтэйчүүдийн дунд "Монгол ээжийн арга ухаан”, 10-18 насны охидын дунд "Ирээдүйн амьдралаа хэрхэн төсөөлж байна вэ, Нар шиг гэрэлтсэн хүсэл тэмүүлэл” сэдвээр "Нарны охид” эссэ бичлэгийн уралдааныг зарлан  дүнгээ гаргалаа. Энэхүү насны ангилалтай эссэ бичлэгийн уралдааныг Дэлхийн монгол угсаатан эх, үрсийн нийгэмлэгийн  "Нарны охид” төсөл,  "Дундговь  мисс эмэгтэйчүүд” цахим хуудас хамтран зохион байгуулсан юм.  Бүсгүйчүүдийн ангилалд Н.Мөнхцэцэг тэргүүлж С.Болор, Т.Насанхүү нар 2,3 дугаар байрт шалгарсан бол охидын ангилалд Ш.Хонгорзул тэргүүлж Х.Оюунжаргал Ж.Энхжин нар 2,3 дугаар байрт шалгарсан юм.
                Эсээ бичлэгийн уралдааны шагналыг "Нарны охид” төслийн зохицуулагч Ж.Нямаа, "Дундговь мисс эмэгтэйчүүд” цахим хуудасны админ  Ю.Сансармөнх нар  ГБХЗХГ дахь "Нарны охид” танхимд  шалгарагсдад гардуулан баяр хүргэлээ. Тэргүүн байрны эссэ бичлэгийг  энд орууллаа.
С.ПҮРЭВСҮРЭН



"АРИУН УС”-АВРАЛЫН ҮНДЭС
"Гоёлоо өмссөн ээжий минь гунхаж явсан нь саяхан даа
Гоёлоо өмссөн ээжтэйгээ хөтлөлцөж явсан нь сайхан даа…”
Дуу эгшиглэнэ, сэтгэл бөмбөрнө. Бурханд морилсон бууралхан ижий минь бодогдоно. Том болсон гэж бодолгүй, томоогүй нялхаар минь санаж, тоост харгуйг ширтэн, торойх барааг минь харуулдан суудаг сайхан ижий минь мөнхийн тэнгэрт заларчихаж. Ээжийн сүү, ээжийн цай, ээжийн үнэр, ээжийн нөмөр энэ бүхнээ энгэртээ шингээгээд эргэж ирэхгүйгээр мөнх тэнгэрт морилчихож. Гэхдээ ээж минь та ганц охиндоо хайр энэрлээ, халамж түшигээ, хатан ухаанаа шингээж орхиод хан буурал хорвоогоос буцчи харин өнөөдөр охин нь тулгын гурван чулуу шиг, гурван сайхан хүүгийн ээж, "бурхан ухаан”-тай "дархан бэр” гэгдэн, гурван хөөрхөн бэртэй , гурван "ангаахай” ачийн эмээ болжээ. Тэр дундаа Мөнх цаст мөнгөн оройт Очирваань Богд Отгонтэнгэр хайрханы "бэр” байна гэдэг бол тэр болгонд олдох хувь заяа биш санагдана.
Тэгэхээр би өнөөдөр хайртай ээжийнхээ хатан ухааны ачаар хэдэн хүүхдээ "хамрын ханиад” ч хүргэлгүй өсгөснөө бичмээр санагдлаа. Хэн ч гэлээ хүний ертөнцөд хүмүүн заяаг олж төрөхдөө эхийнхээ ариун хэвлийд бүрэлдэж, алтан саванд нь амилан байж алаг хорвоод мэндэлдэг билээ. Тэгэхээр "эхийн рашаан ” бол тэр л алтан бумбаны "ариун ус” юм. Өндөр ачлалт өвөг дээдэс маань өрлөг эхийн "өлөн ус” бол өвчин анагаагч, эмгүй эмчлэгч хэмээн үзэж байсныг бид мэднэ . Тэгэхээр ачит эхийнхээ ариун усыг амсана, хүртэнэ гэдэг бол зүгээр нэг мухар сүсэг бус гэдгийг би өдий наслахдаа олон удаа мэдсэн нэгэн.
Нэгэн зүйл: Миний газар дээр ганц ах маань 5 настай байхдаа шүд нь сүрхий өвдөж . Ээж минь "рашааны дээд” хэмээж байгаад ахад "ариун уснаасаа” аяганы талаар хүчээр уулгаж, шүдийг нь зайлуулж гэнэ. Ах маань – "яасан гашуун барам” бэ? гээд уйлсан гэдэг,тэгсэн оройхон – Ээжээ өнөө муу шүд чинь өвдөхөө байчихлаа, нөгөөхөөсөө жаахан өгөөч гэж суусан гэдэг. Үүнийг нь аав ээж минь хожмоо яриад инээлдэж суудагсан. Түүнээс хойш ах минь бурхан болтлоо "шүд”-ний талаар ямар ч асуудал яриагүйдээ.
Нэгэн зүйл: Миний бие Улаанбаатар хотод техникум, дээд сургуулийн оюутан болж 8 жил амьдарч билээ. Оюутны амралтаар ирээд буцах болгонд ээж минь арвайн гурилыг "ариун ус”–аараа зуураад "үзэмтэй үрэл” шиг болгож хатаагаад уутанд хийж өгөөд явуулдагсан. Өглөө болгон би түүнээс нь "Далай лам”-ын аравнайлсан тарнитай үрэл хүртэж , "адис жанлав”-ыг нь авсан мэт амсдагсан. Тэр үед өнөөгийн энэ айхтар "цар тахал” бус юм гэхэд цэр нь ховхордоггүй ханиаднаас эхлээд цээрлэж цэрвэхээр "юмнууд” бас гардаг л байсан. Нэг сургууль, анги, тасгийн нөхөд өвдлөө гэхэд би яагаад ч юм хүрдэггүй, түүнийгээ ээжийнхээ "арга ухаан”, "ариун рашаан”-ы ач буян хэмээн сүсэлж ирсэн, одоо ч шүтсээр явдаг даа.
Энэ бүхнийг хэн ч, хэнд ч, хэзээ ч ил дэлгэдэггүй болохоос ээж бүхэн л мэддэг гэж би боддог. Юуг нь нуухав дээ, өнөөдөр ч би уул шиг болсон гурван хүүдээ уулгадаг. Дунд хүү минь Сөүлд гэргийн хамт суралцаж байна. Би хүүдээ "нөгөө үрэл”-ийг ирэх болгонд нь өгөөд явуулдаг. Эх үрийн хүйн болоод сүүн холбооноос гадна "итгэл, сэтгэл”-ийн тийм нэг нандин холбоо байдаг болохоор ачит эхийх нь алтан бумбаны "ариун ус” алаг үрдээ рашаан болон шингэж, аливаа муу бүхнээс авардаг, холдуулдаг ч байж болох л юм даа. Энэ бол зөвхөн монгол эхийн "монгол арга ухаан”.
Ээж болгон энхрий үрсээ эрүүл энх, элбэг дэлбэг амьдраасай гэсэндээ өглөө болгон цай сүүнийхээ дээжийг өнө мөнх хөх тэнгэртээ өргөн залбирч, амьдрал болоод аян замых нь алтан шар замыг аргаддаг, энэ бол харин элбэрэлт эхийн "хатан ухаан”. "Амны билгээс - ашдын бэлэг” ургуулдаг манай ард түмэн, эхийнхээ хатан ухаан, эцгийнхээ хаан заяанд залбирч амьдардаг нь үнэн. Сүлдэт төрөө дээдэлдэг эцгийн минь, сүүн заяагаа ивэлгэдэг эхийн минь, хайрын хорвоогийн нэгэн "хатан ухаан” бол сэтгэлийн их ариусал, үнэмшил гэдэгт би итгэдэг.
Тарваган тахал гэгч гарч таарсан бүхнээ хиаруулж байсан тэр хүнд цагт талын монгол эх энэ "үйл”-ийг хийж, бүлтгэр хэдэн хүүхдээ бүрэн авч үлдэж байсан түүх бий гэдэг. "Цар тахал” гээчийн аюул дэлхийг нөмөрсөн, цахим мэдээлэл хөгжсөн өнөө цагт :
"Амны хаалтаа зүү, агаар салхинд гар, аарц сүү уу, ариутгагч бодис хэрэглэ, гараа сайн угаа, гадуур бүү тэнэ, хөл гараа хөдөлгө, хөдөлгөөн сайн хий, дархлаагаа бүрэн дэмж” - хэмээн ижий бүхэн үр хүүхэддээ үнэт зөвлөгөө өгч байгаа нь ойлгомжтой.
Гэхдээ угаас амьдралд байсан, байгаа, байсаар ч байх, хамгийн амархан хэрэгжүүлж болох азай буурал ижийнхээ "арга ухаан-хатан ухаан”-ыг хааж нуулгүй өчлөө, хүлцэл өчсү. "Эхтэй хүн энддэггүй” гэсэн эртний билэгт үг байдаг нь энэ бүхнээс улбаатай ч юм бил үү, хэн мэдлээ.
Магадгүй, үүнд эх хүний үрээ гэсэн халуун сэтгэл шингэсэн байхад, үрд нь эхээ гэсэн дулаан хайр оршсон байдаг болохоор "эхийн ариун ус” бол ардын ухаан, авралын ухаан, ариусахуйн нэгэн арга ухаан ч байж болох юм. Тэгэхээр алаг үрсийх нь авралын үндэс бол ачит эхийх нь "ариун рашаан” юм. Элдэв бүхнээс урьдчилан сэргийлэх эх хүний " арга ухаан” юм.
Энэ бол энгийн л ганцхан жишээ, амьдралын бодит үнэн, Монгол эхийн хатан ухааныг
өрлөг эхийн минь ерөөл талбирч, эх үрийн ариун нандин холбоо ашид мөнх арвин баянаар түгэх болтугай.
Н.Мөнхцэцэг \багш\ Утас : 86668402, 99317448
 


 

ДУНДГОВИЙН ОХИД, БҮСГҮЙЧҮҮД COVID-19-ЭЭС ХАМГААЛАХ СЭДВЭЭР ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД...

 

ДУНДГОВИЙН ОХИД, БҮСГҮЙЧҮҮД COVID-19-ЭЭС ХАМГААЛАХ СЭДВЭЭР ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД...

 

ДУНДГОВИЙН ОХИД, БҮСГҮЙЧҮҮД COVID-19-ЭЭС ХАМГААЛАХ СЭДВЭЭР ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД...

 

ДУНДГОВИЙН ОХИД, БҮСГҮЙЧҮҮД COVID-19-ЭЭС ХАМГААЛАХ СЭДВЭЭР ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД...

 

ДУНДГОВИЙН ОХИД, БҮСГҮЙЧҮҮД COVID-19-ЭЭС ХАМГААЛАХ СЭДВЭЭР ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД...

ДУНДГОВИЙН ОХИД, БҮСГҮЙЧҮҮД COVID-19-ЭЭС ХАМГААЛАХ СЭДВЭЭР ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД...

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!