Цагаан сар ба Битүүний бөхийн барилдаан

🕔 2020/01/28 13:39

Аргын тооллын 1952 он нь билгийн тооллоор луу жил. Хаврын эхэн сарын шинийн нэгэн Цагаан сар нь Шар зурхайн цаглабраар нэгдүгээр сарын 27-нд, харин Төгс буянтын Монгол зурхайнхаар хоёрдугаар сарын 26-нд тохиох байв. 1940, 1950-аад онд манайд ихэвчлэн Шар зурхайн тооллыг баримталдаг байж. Иймээс хот хөдөөний хүмүүс 1952 оны Цагаан сарын өмнөх өдөр, аргын нэгдүгээр сарын 26-нд битүүлж байтал хойд хөршийн нийслэл Москва хотод эмчлүүлж байсан Монгол төрийн тэргүүн маршал Х.Чойбалсан нас барсан гашуудалт мэдээ иржээ. Төр, засгаас орон даяар гашуудал зарлаж, Цагаан сар тэмдэглэхийг албан ёсоор хориглосон байна.
Улмаар төрийн эрх барих дээд газар Ардын Их Хурлын тэргүүлэгчид хойтон жил нь 1953 онд маршал Х.Чойбалсангийн нас барсан өдөр нэгдүгээр сарын 26-нд зарлиг гаргаж Цагаан сарын шинийн нэгнийг ажлын өдөр болгожээ. Энэ нь хойшид Цагаан сарыг тэмдэглэхийг Монгол Улсад хориглосон албан ёсны шийдвэр байв. 
Тухайн үед уг шийдвэрт дургүйцсэн хүмүүс маршалыг өдрөө олж нас барсангүй, балагтай юм гэхээс илүүтэйгээр Шар зурхайн цаглабрыг, түүгээр цаг тооны бичиг, зохиосон Монгол зурхайчдыг буруушааж байсан гэдэг. Төгс буянтын зурхайг дагасан бол, Монголын Цагаан сар нь 1952 онд маршал Х.Чойбалсанг нас барснаас бүтэн сарын дараа тохиох, үр дүнд нь, орон даяар зарласан гашуудлын өдөртэй давхцахгүй. Нэгэнт давхцахгүй учраас Цагаан сар хийхийг хориглох шаардлага гарахгүй байжээ.
Хожмоо 1960 оны нэгдүгээр сард Ардын Их Хурлын Тэргүүлэгчид зарлиг гаргаж жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг "Нэгдэлчдийн баяр” болгон тэмдэглэх, гэхдээ зөвхөн хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдад амралтын өдөр байхаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, төв суурин газрын иргэдэд урьдын адил уг баярыг тэмдэглэх хориотой, харин хөдөө орон нутагт малчдад Цагаан сар хийхийг албан ёсоор зөвшөөрсөн алхам байв.
Ташрамд дурдахад, 1988 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр төрийн эрх баригч МАХН-аас "Билгийн улирлын хаврын тэргүүн сар-Цагаан сарын шинийн нэгнийг бүх ард түмний амралтын өдөр болгох” тогтоол гаргажээ. Тогтоол гарснаар хязгаарлагдмал түвшинд "Нэгдэлчдийн баяр” нэртэй байсан Цагаан сар нь 1989 оны билгийн тооллын могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс эхлэн жил бүр хуучин уламжлал ёсоор бүх нийтээр тэмдэглэх баяр болсон түүхтэй юм. Энд нуршсаны учир гэвэл, 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш Цагаан сарыг орон даяар тэмдэглэх болсон гэсэн буруу ташаа ойлголт зарим хүнд байдгийг залруулах гэсэн зорилгод оршино. 
Монгол бөхийн түүхэнд нэр хүндээрээ Улсын баяр наадмын дараа орох нэгэн барилдаан XX зууны дунд үед "Нэгдэлчдийн баяр”-тай хоршиж шинээр орж ирсэн нь Цагаан сарын шинийн нэгэнд зориулсан битүүний барилдаан юм. Хамгийн анхныхыг 1963 оны хоёрдугаар сарын 24-нд буюу билгийн тооллын туулай жилийн Цагаан сарын шинийн нэгний өмнөх өдрийн битүүнд "Нэгдэлч малчдын баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан” нэртэйгээр зохион явуулсан. Барилдааныг орон даяар радиогоор шууд дамжуулан тайлбарласан байна. Түүнчлэн "манай оронд телевиз бий болсноор 1967 оноос жил бүр битүүний бөхийн барилдааныг зурагтаар шууд гаргадаг уламжлал тогтжээ.
Өнгөрсөн хугацаанд битүүний бөхийн барилдаан 57 удаа болсон бөгөөд албан ёсны нэршил нь: -1963, 1964 онд "Нэгдэлч малчдын баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан",
-1965-1967 онд "Нэгдэлчдийн баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан”,
-1965-1967 онд "Нэгдэлчдийн баярын өдөрт зориулсан МРУХ (Мэдээлэл радиогийн Улсын хороо)-ны нэрэмжит хүчит бөхийн барилдаан”,
-1968 онд "Нэгдэлчдийн баярт зориулсан МРЗРУХ (Мэдээлэл радио, зурагт радиогийн Улсын хороо)-ны нэрэмжит хүчит бөхийн барилдаан”,
-1969,1970 онд "Нэгдэлчдийн баярт зориулсан МРЗРУХ, ХААНХДЗ (Мэдээлэл радио, зурагт радиогийн Улсын хороо, Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны Дээд зөвлөл)-ийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан”,
-1971, 1972 онд "Нэгдэлчдийн баярт зориулсан МРТУХ, ХААНХДЗ (Мэдээлэл радио, телевизийн Улсын хороо, Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны Дээд зөвлөл)-ийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан”,
-1973-1990 онд "Нэгдэлчдийн баярт зориулсан ХААНХДЗ, МРТУХ (Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны Дээд зөвлөл, Мэдээлэл радио, телевизийн Улсын хороо)-ны нэрэмжит үндэсний бөхийн барилдаан”,
-1991 оноос "Цагаан сарын шинийн нэгэн буюу Сар шинийн баярт зориулсан барилдаан” гэж өөрчлөгджээ.
ЦАГААН САРД ЗОРИУЛСАН БИТҮҮНИЙ БАРИЛДААНЫ ТҮРҮҮ  ҮЗҮҮР БӨХ
(Товчлол: д.а-дархан аварга, даян.а-даян аварга, далай.а-далай аварга, у.а-улсын аварга, у.арс-улсын арслан, у.г-улсын гарди, у.з-улсын заан, у.х-улсын харцага, у.н-улсын начин, а.арс-аймгийн арслан, ц.арс-цэргийн арслан. Саран хаалтад хожмоо хүртсэн улсын том цолыг нь бичлээ)
1963-1969 ОН
1963 он. 64 бөх, у.з Ж.Мөнхбат (д.а) - у.арс Ч.Бээжин (у.а)
1964 он. 64 бөх, у.арс Ж.Мөнхбат (д.а) - у.н Л.Дашдаваа
1965 он. 64 бөх, у.арс Л.Сосорбарам - д.а Д.Дамдин
1966 он. 64 бөх, у.з Х.Баянмөнх (д.а) - д.а Ж.Мөнхбат
1967 он. 64 бөх, у.арсХ.Баянмөнх (д.а)-у.арс Ч.Бээжин (у.а)
1968 он. 64 бөх, д.а Ж.Мөнхбат -у.арс Х.Баянмөнх(д.а)
1969 он. 64 бөх, у.н Ч.Өвгөнхүү (у.х) - у.арс Ч.Бээжин (у.а)
1970-1979 ОН
1970 он. 120 бөх, д.а Д.Дамдин -у.а Х.Баянмөнх (д.а)
1971 он. 128 бөх, у.а С.Цэрэн -д.а Д.Дамдин
1972 он. 128 бөх, д.а Х.Баянмөнх - у.з У.Пүрэв
1973 он. 104 бөх, д.а Ж.Мөнхбат - у.арс Ж.Хайдав
1974 он. 128 бөх, д.а Х.Баянмөнх - д.а Ж.Мөнхбат
1975 он. 128 бөх, д.а Х.Баянмөнх - д.а Ж.Мөнхбат
1976 он. 160 бөх, д.а Ж.Мөнхбат - у.арс Л.Сосорбарам
1977 он. 128 бөх, д.а Х.Баянмөнх - у.арс П.Дагвасүрэн
1978 он. 128 бөх, у.з Д.Цэрэнтогтох (д.а) - д.а Ж.Мөнхбат
1979 он. 128 бөх, д.а Х.Баянмөнх-у.арс Д.Цэрэнтогтох (д.а)
1980-1989 ОН
1980 он. 128 бөх, у.арс Д.Хадбаатар(у.а)-у.з Д.Долгорсүрэн
1981 он. 128бөх, д.аЖ.Мөнхбат-даян.аД.Цэрэнтогтох(д.а)
1982 он. 128 бөх, д.а Х.Баянмөнх - у.арс М.Мөнгөн
1983 он. 128 бөх, д.а Д.Цэрэнтогтох - у.з Д.Амгаа
1984 он. 128 бөх, у.арс Д.Хадбаатар(у.а) - у.н Ё.Ишгэн(у.з) 
1985 он. 128бөх,у.арс Д.Хадбаатар(у.а)-д.аД.Цэрэнтогтох
1986 он. 128 бөх, д.а Д.Цэрэнтогтох - у.арс М.Мөнгөн
1987 он. 128 бөх, у.н О.Балжинням(у.а)-д.а Д.Цэрэнтогтох
1988 он. 128 бөх, у.з Б.Бат-Эрдэнэ(д.а)-у.арс Б.Ганбаатар
1989 он. 128 бөх, у.арс Б.Бат-Эрдэнэ(д.а)-д.а Х.Баянмөнх
1990-1999 ОН
1990 он. 256 бөх, у.а Б.Бат-Эрдэнэ(д.а) - д.а Д.Цэрэнтогтох
1991 он. 256 бөх, д.а Б.Бат-Эрдэнэ - у.арс Б.Ганбаатар 
1992 он. 256бөх, д.аБ.Бат-Эрдэнэ-у.арс О.Балжинням (у.а) 
1993 он. 256 бөх, д.а Б.Бат-Эрдэнэ -д.а Х.Баянмөнх 
1994 он. 256 бөх, д.а Б.Бат-Эрдэнэ-у.арс О.Балжинням (у.а) 
1995 он.256 бөх,д.аБ.Бат-Эрдэнэ-у.арс О.Балжинням (у.а)
1996 он. 256 бөх, д.а Б.Бат-Эрдэнэ - у.арс Д.Мөнх-Эрдэнэ
1997 он. 256 бөх, д.а Б.Бат-Эрдэнэ - у.з Ц.Цэрэнпунцаг (у.г)
1998 он. 256 бөх, д.а Б.Бат-Эрдэнэ - а.арс Б.Ганбат (у.арс)
1999 он. 256 бөх, у.з А.Сүхбат (д.а) - д.а Б.Бат-Эрдэнэ
2000-2009 ОН
2000 он. 256 бөх, д.а Б.Бат-Эрдэнэ - а.арс Ц.Магалжав (у.з)
2001 он. 256 бөх, у.арс А.Сүхбат (д.а) - у.з Д.Сумъяабазар (у.а)
2002 он. 256 бөх, у.з Д.Сумъяабазар (у.а) -у.з И.Доржсамбуу (у.г)
2003 он. 256 бөх, у.з Д.Сумъяабазар (у.а) -у.а А.Сүхбат (д.а)
2004 он. 256 бөх, у.а Г.Өсөхбаяр (д.а) - у.з И.Доржсамбуу (у.г)
2005 он. 256 бөх,у.а Г.Өсөхбаяр(д.а)-у.гД.Сумъяабазар(у.а)
2006 он. 256 бөх, д.а Б.Бат-Эрдэнэ - у.г Д.Сумъяабазар(у.а)
2007 он. 256 бөх, далай.а Г.Өсөхбаяр (д.а)-у.а Д.Сумъяабазар
2008 он. 256 бөх, у.г И.Доржсамбуу -у.н Ду.Батбаяр (Говь-Алтайн)
2009 он. 256 бөх, у.з Б.Ганбат (у.арс)-далай.а Г.Өсөхбаяр (д.а)
2010-2019 ОН
2010 он. 256 бөх, ц.арс Ч.Санжаадамба(у.а) - даян.а Г.Өсөхбаяр(д.а)
2011 он. 256 бөх, а.арс Ш.Мөнгөнбаатар(у.х) -у.арс Х.Мөнхбаатар
2012 он. 256 бөх, у.а С.Мөнхбат - у.арс Х.Мөнхбаатар
2013 он. 256 бөх, у.арс Г.Эрхэмбаяр(у.а) - у.а С.Мөнхбат
2014 он. 256 бөх, у.г Д.Рагчаа - а.арс О.Хангай(у.х)
2015 он. 256 бөх, у.з Ч.Санжаадамба (у.а) -у.з М.Өсөхбаяр
2016 он. 256 бөх, у.х Ц.Содномдорж (у.арс) -у.а Г.Эрхэмбаяр
2017 он. 256 бөх, у.а Ч.Санжаадамба - а.арс О.Хангай (у.х)
2018 он. 256 бөх, у.х Б.Бат-Өлзий -у.арс П.Бүрэнтөгс
2019 он. 256 бөх, у.арс Р.Пүрэвдагва -у.арс Ц.Содномдорж.
Битүүний бөхийн барилдааныг 1963-1998 онд Спортын төв ордонд зохион явуулсан. Харин Монгол бөхийн өргөөг шинээр барьснаас хойш 1999 оноос эхлэн тус өргөөнд хэсэг хугацаанд, Яармагийн дэнжид шинэ "Буянт- Ухаа” спортын ордон ашиглалтад орсноор сүүлийн жилүүдэд тус цогцолборт битүүний бөхийн барилдаан болж байгаа. 1963-2019 оны нийт 57 удаагийн битүүний барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон 13 түрүүлсэн. Х.Баянмөнх аварга найм, Ж.Мөнхбат аварга зургаа түрүүлсэн амжилтаар удаалдаг.
 
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!