Сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт ямар байх вэ?
Хүн ам ихтэй дүүргүүдийг хоёр тойрог болгож магадгүй
УИХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг тогтоох хуулийн хугацаа дуусахад долоо хоног үлдлээ. Өнгөрсөн сард парламентаар баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу ирэх сарын 1-нээс өмнө сонгуулийн тойрог, мандат хуваарилалтыг тогтоох юм.
Эрх баригчид сонгуулийн тогтолцоо, тойрог, мандатын хуваарилалтыг өөрт ашигтай байдлаар өөрчилдөг жишиг ч энэ удаа ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, сонгууль бүрээр орон нутагт илүү санал авдаг МАН аймгуудын мандатын тоог нэмж, нийслэлийнхээс хасахаар тооцож байгаа.
Харин нийслэлийнхэн элэгтэй гэгддэг АН-ын хувьд хотын мандатын тоог бууруулахыг эрс эсэргүүцэж, хүч түрэн ийм шийдвэр гаргавал улс төрийн шат дараалсан арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байгаа. АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж, ийм мэдэгдлээ илэрхийлсэн. Тэрбээр нийслэлийн мандатаас хасах биш олон мандаттай аймгуудын мандатыг бусад руу нь шилжүүлэх санал гаргаад байгаа юм.
Эрх баригч МАН-ын зүгээс нийслэлийн 28 мандатаас 4-5-ыг нь хасаж, нэг мандаттай аймгуудад хуваарилахаар төлөвлөснөө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн. Тэгвэл одоогийн байдлаар уг төлөвлөгөөг өөрчлөөгүй бололтой. Нэг мандаттай аймгууд болох Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Булган аймгийг хоёр мандаттай болгохоор тооцсон байна. Ингэхдээ нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг тус бүр тав, Сүхбаатар дүүргийг дөрөв, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийг тус бүр гурван мандаттай байхаар төлөвлөжээ. Харин Налайх дүүргийг Баянзүрхтэй, Багахангай дүүргийг Хан-Уултай, Багануурыг Сүхбаатартай буюу хуучнаар нь нэг тойрог болгоно. Аймгуудаас Дорноговь, Говьсүмбэрийг нэг тойрог болгох бөгөөд бусдыг нь тус бүр нэг тойрогт хуваарилна. Ийнхүү улсын хэмжээнд 26 тойрог байгуулна гэдгийг албаныхан 20-иод хоногийн өмнө хэлж байсан. Тэгвэл хүн ам ихтэй, олон мандаттай дүүргүүдийг хоёр тойрог болгож магадгүй аж. Тухайлбал, 5-6 мандаттай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хоёр тойрог болгох саналыг гишүүд гаргасан байна.
Түүнчлэн Хөвсгөл аймгийг дангаар нь дөрвөн мандаттай байхаар төлөвлөсөн гэсэн мэдээлэл бий. Өмнөх сонгуулиар Хөвсгөл аймаг гурван мандаттай байсан бөгөөд одоо дөрөв болох шаардлагыг Хөвсгөлийн гишүүд хүн ам, газар нутагтай холбон тайлбарлаж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хөвсгөл аймгийн мандатын тоог нэмэх саналаа хүргүүлсэн. Албан ёсоор шийдвэр гараагүй байна. Өмнө нь манай аймаг дөрвөн мандаттай байсан. Өргөн уудам газар нутагтай, хүн ам олонтой аймаг учраас дөрвөн мандаттай байх ёстой. Өвөрхангай бас том аймаг. Хүн ам ч ихтэй” гэжээ. Харин Өвөрхангай аймгийн хувьд мандатыг тоог дөрөв болгохгүй гэдгийг тус аймгаас сонгогдсон гишүүн Д.Тогтохсүрэн мэдэгдсэн. Тэрбээр "Өвөрхангай аймгийг дөрвөн мандаттай болно гэж хүмүүс таамагласан байна лээ. Тийм зүйл байхгүй. Гурван мандаттай болно” гэсэн юм.
Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт аймгуудыг дөрвөн мандаттай болгох боломжгүй талаар ярьжээ. Тэрбээр "Сонгуулийн тухай хуульд сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, нутаг дэвсгэр газар нутгийн хэмжээг харгалзан тогтооно гэж заасан. Тиймээс хуулийн энэ заалтыг баримталж, сонгуулийн тойрог, мандатын тоог тогтооно. Хөвсгөл, Өвөрхангай аймгуудын мандатын тоог дөрөв болгоно гэдэг хэцүү. Заавал хүн ам, газар нутгийнхаа хэмжээгээр мандаттай байна гэсэн үг биш. Харгалзан тогтооно гэж заасан. Хүн амын тоогоор бодвол Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг олон хүн амтай. Газар нутгийн хэмжээгээр аваад үзвэл аймгуудаас хэдэн 10 дахин бага. Аймаг нийслэлтэй, дүүрэг сумтай дүйцдэг. Тэгэхээр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо гэсэн гурван хүчин зүйлийг харгалзаж үзэж байж тогтооно гэж байгаа. Ганцхан хүн амын тоогоор тогтооно гэсэн үг биш. Газар нутгаар нь тогтооно гэвэл дүүрэг дээр хамгийн цөөхөн мандат байх ёстой. Гэтэл тэгэхгүй байна шүү дээ. Үүнийг аль талаас нь харах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй” гэжээ.
Одоогоор тойрог, мандатын хуваарилалтыг эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд намын бүлэг, байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Үүний дараа чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм.