ЗАР »
Эрүүгийн болон Зөрчлийн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ?
Улсын Их Хурлаар Эрүүгийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байгаа.
Тэдгээрээс Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн ямар заалтад өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасныг хүргэж байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
- Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг оновчтой болгож, бусдад ял завшуулах нөхцөл бүрдүүлэхгүй байх;
- Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авах, бусдад өгөх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулдаг болох;
- Биеэ үнэлэхийг зохион байгуулах асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;
- Мөрийтэй тоглоом зохион байгуулах асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;
- Илт худал мэдээлэл тарааж бусдын нэр төр, алдар хүндэд халддаг асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг практикт хэрэглэхтэй холбогдуулан зохицуулалтыг боловсронгуй болгох;
- Аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлэх;
- Гэмт хэргийн хохирол, хор уршгийн ойлголтын уялдаа холбоог хангах.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
- Шүүх хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүгч нэмж оруулах болон бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг ялгаж тусгайлан зохицуулах;
- Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс прокурорын даалгаварт мөрдөгч санал бичих эрхтэй байх;
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх өөрчлөлтөд нийцүүлэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зохицуулалтад өөрчлөлт оруулах;
- Анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэртэй холбоотой зарим зохицуулалтад өөрчлөлт оруулах.
Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
- Бусдад ажил, албан тушаал, нэр, төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны үйлдэл хийх сэдлээ илэрхийлсэн бол, мөн хүүхдийн тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах;
- Энгийн хог хаягдлын торгуулийн хэмжээг багасгаж, аюултай хог хаягдлын торгуулийн хэмжээг нэмэх;
- ФАТФ-ын шаардлагын хүрээнд Банк бус санхүүгийн тухай хууль, Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх асуудлын зөрчлийн торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах;
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан холбогдох зөрчлийг тусгах;
- Хүүхдийн эрхийг зөрчих асуудлыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон салбар хуулиудын зохицуулалттай уялдуулах, хариуцлагыг нэмэгдүүлэх.
- ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!