Г.Занданшатар дарга аа, эхлээд хууль зассан хүнээ ол

🕔 2019/08/02 12:19

УИХ-ын дарга Г.Занданшатар хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудад албан бичиг илгээлээ.  Тодруулбал, УИХ-ын дарга Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарт "Хүсэлт тавих тухай” албан бичиг илгээсэн байна.

Тэрбээр Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын даргад илгээсэн албан бичигтээ "Авлига, албан тушаалын гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломжийг хууль хяналтын байгууллага олгож байгаа тухай иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилж байгаа төдийгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэр бүхий алба хаагчдын авлигын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, хэт хөнгөн ял оногдуулсан талаар мэдээлэх боллоо.

Ялангуяа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг буруу хэрэглэсэн талаар шүүмж, маргаан гарч байна. Иймд олон нийтийн зүгээс гаргаад байгаа хэт хөнгөн ял оногдуулж, хуулийг буруу хэрэглэсэн гэсэн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дугээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл бий болсон эсэхийг шуурхай нягтлан үзэж, цаашид ял завшуулахгүй байх хууль зүйн бүх талын арга хэмжээ авахыг хүсье" гэжээ.

Гэхдээ үүнээс өмнө УИХ-ын дарга аа, дээрх нөхцөл байдлыг үүсэх боломж нөхцөлөөр хангасан, хууль зассан хүнээ  олох хэрэгтэй биш үү. 

Сануулахад, өнгөрсөн хавар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэмээн буруутгагдаад байсан МХЕГ-ын  Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэрэгсэхгүй болгосон юм. 

Учир нь  2017 оны дөрөвдүгээр сард байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уг заалтыг өөрчлөх санал гарсан. Улмаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтад өөрчлөлт оруулах саналыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд гаргаад бүх гишүүн дэмжсэн гэж байгаа. Дээрх хэргийг хэрэгсэхгүй болохтой зэрэгцэн асуудал өндрөө авахад Ш.Раднаасэд гишүүн "Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаанд өөрчилсөн” хэмээн мэдэгдэж байв. 

Гэхдээ наадмаар үеэр асуудал Ш.Раднаасэд гишүүнд хамаагүй гэх шийдвэр гарсан байдаг. Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа "Дүгнэлтэд "Ажлын хэсэг 2017.05.18-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хувийн хэрэг, бусад материалыг судалсны үр дүнд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд санаачлаагүй байна гэсэн Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хүргүүлж байна” гэсэн байгаа юм. 

Ийнхүү бүхэл бүтэн хуулийн заалт засагдсан асуудал эзэн биегүй болчихож байгаа гэсэн үг. Тэгэхээр УИХ-ын дарга аа, асуудлын эх нь парламентад байна. Парламент хуулийнхаа асуудлыг шийдэж байж, хууль хяналтынхан шийдвэр гаргана. Үнэндээ бол та бүхний батласан хуулийг  хууль, шүүхийн байгууллагынхан хэрэгжүүлсэн шүү дээ. Иймээс Г.Занданшатар дарга аа, эхлээд хууль зассан хүнээ ол. 

П.Анир 

Эх сурвалж: Оллоо.мн 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!