АН ба халаасны намууд

🕔 2019/11/29 14:10

Намууд дахин хуваарилалтад орж байна. Сонгуулийн бэлтгэлдээ ч орж байна. "Бид хулгайч биш” хэмээн зарим нь бархирч, бид хулгайчтай нэг намд байхгүй хэмээн нөгөөдүүл нь бачимдаж эхлэв. Шинэ намууд шил шилээ даран мэндэлж, удахгүй "төрөх” намууд бичиг цаасан дээрээ дуншиж байна. Тухайлбал, Улсын дээд шүүхээс материал нь буцсан Үндэсний сэргэн мандлын нам, Ард түмний олонхийн засаглал нам, Их сэргэлтийн үндэсний нам, Үйлдвэрчний эв нэгдэл нам, Монголын төв нам, Сошл либериал нам, Капиталист намууд бий. Эдгээр нам албан ёсоор бүртгүүлчих юм бол манай улсын намуудын тоо 40 даваад явчихна. Юутай ч одоогоор гурван сая гаруй иргэнтэй, 35 улс төрийн намтай. Улс төржихөөс ч аргагүй улс орон л доо.

УИХ-ын ээлжит сонгууль бүрийн өмнө улс төрийн намууд шинээр мэндэлдэг зүй тогтол сүүлийн арав гаруй жилийн турш ажиглагдаж буй. Гэхдээ энэ удаа өмнөх өмнөхөөс олон нам байгуулагдаж байгаа нь анхаарал татна. 2014 онд манай улс 22 намтай байсан бол тавхан жилийн дотор энэ тоо хоёр дахин нэмэгдэх гэж байна.

Дээр өгүүлсэнчлэн 42 дахь нам нь Улсын дээд шүүхээс зөвшөөрөл авахаар хүлээж буй энэ өдрүүдэд 43 дахь намын сураг ч дуулдаад байна. Тэр нь зүгээр ч нэг шинэ нам биш. Эдүгээгийн улс төрийн тавцан дахь хамгийн том хоёр намын нэгнээс нь тасарч гарах нам юм байна. Тодруулбал, АН-ын залуус голдуу нийлэн шинэ нам байгуулахаар болжээ. АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус тэргүүлэн намынхаа дарга С.Эрдэнийг энэ сарын 29-ний дотор сайн дураараа огцрох шаардлага хүргүүлсэн. Тэр өдөр нь өнөөдөр. АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр л огцрохгүй бол тэд дараагийн алхмаа хийнэ гэсэн үг. Дараагийн алхам гэдэг нь АН-аа дахин шинэчлэн байгуулах өөрөөр хэлбэл шинэ нам байгуулах явдал гэнэ. Намынхаа шинэчлэлийн төлөө сүүлийн дөрвөн жилийн турш тэмцэж буй залуусаа АН-ын эдүгээгийн удирдлага үл тоож, тавьсан шаардлагуудыг нь хүлээж авахгүй байгаа нь ийм тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход хүргэж байгаа аж.

Ийнхүү С.Эрдэнэ даргын өнгөн дээр АН гурав хуваагдах нь тодорхой болж байна. Өмнө нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар намаасаа гарч ШИНЭ намыг байгуулан өрх тусгаарласан. Үүний улмаас АН УИХ дахь бүлэггүй болж хоцорсон. Парламентад бүлэггүй, нам дотроо олон асуудалтай байна гэдэг сөрөг хүчний хувьд шалдаа буусны шинж.

Үүн дээр нэрмээд дахин нэг нам тасарч гарах юм бол С.Эрдэнийн толгойлсон нам гэж ер нь бараг үлдэхгүй болж мэдэхээр нөхцөл байдал үүснэ. Намынхаа доторхи эв нэгдлийг хангадаггүй, хууль зөрчсөн олон үйлдэл гаргасан, хамгийн муу рейтингтэй улстөрчөөр тодроод байгаа гээд АН-ын даргыг өөлөх шалтаг, шалтгаан олон болжээ. Нэрт нийтлэлч Баабар "…Хамгийн зөв сонголт С.Эрдэнэ. АН эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой” гэж хоёр жилийн өмнө АН-ын даргын сунгааны үеэр хэлж байсан нь үнэн болж байх шиг.

Уг нь АН бол Монголын ардчиллыг хадгалж, хамгаалж ирсэн гавьяатай. Улс төрийн тавцан дээр ялж, мандаж ч явсан түүхтэй. 2012-2016 онд Засгийн эрхийг барьж, 2009 оноос хойш төрийн тэргүүний сүүлийн гурван удаагийн сонгуульд ялалт байгуулсан. Ард түмний дунд ийм өндөр рейтинг, өргөн дэмжлэгтэй нам өнөөдөр эв түнжин хагаран, гурав дөрөв тасарч байгаа нь харамсалтай.

АН ийнхүү хагарч, талцаж, хуваагдаж, доройтож байгаа нь ганцхан АН-ын асуудал биш. Монголын ардчилалд тулгарч буй том сорилт, уналт, бэрхшээл ч гэж болно. АН хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байгаагийн нөгөө талд эрх баригч МАН-ынхан төрд хяналтгүй засаглаж, хэмжээ хязгааргүй ноёрхох боломж бүрдэж байгаа нь хамгийн том аюул юм. Эрх баригчдын аархал, бярдалт, төрийн албан дахь халаа сэлгээ, хийрхэл, сүржигнэл, хэт популизмын эсрэг ганц үг ганхийж ч чадахгүй байгаа нь АН-ын арчаагүй дорой байдлын илрэл юм.

Парламентад үнэмлэхүй олонхи болсон нам засгийн эрх барьж байгаа энэ үед АН хэмээх хүчирхэг сөрөг хүчнийг тойрон бусад намууд нэгдэж нягтран, ардчиллын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөө, төр, засгийн нээлттэй байдал, шударга ёс, хуулийн засаглалыг хамгаалан зогсох ёстой. Даанч өнөөдөр байдал эсрэгээрээ. АН тос дотроосоо өтдөгийн үлгэр, загас толгойноосоо мууддагийн жишээ болон хагарч бутарч дуусах нь. Тэр орон зай дээр нь олон жижиг тархай бутархай намууд жалгын нэг байгуулагдаж байна. Энэ бол яавч сайн юм биш.

Наад зах нь олон жижиг нам талцал хуваагдлыг л дэвэргэхээс биш улс орны хэмжээний бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх хэмжээнд парламентад хүчтэй олонхи болж чадахгүй. Сөрөг хүчин гэдэг нэр тэдэнд хүнддэнэ. Эрх баригчдыг хянах тэнхэл байхгүй, харин ч тэдний аманд гүйгээд орчихож мэдэх ийм жижиг халаасны намууд арав хориороо байгуулагдаж байгааг зөвтгөх өнцөг нэг л харагдаж өгөхгүй байгаа юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 2028 он гэхэд улс төрийн намууд нийт сонгогчдын нэг хувийн дэмжлэгийг авч байж байгуулагдах босготой болно. Энэ нь 800 хүний гарын үсэг цуглуулаад Улсын дээд шүүхэд бүртгүүлчихдэгтэй адилгүй. Эдүгээ бүртгэгдсэн болон бүртгэгдэх гэж байгаа нийт намуудын дийлэнх нь энэ босгонд тулж зогсох болов уу. Тэр болтол сүх далайтал үхэр амар гэгчээр хоёр сонгуулийн цикл дуустал шинэ намуудын идэвхжил саарахгүй бололтой.

Эх сурвалж: eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!