Нөхөн сонгууль чинь “алаан” болох нь
Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёр нөхөн сонгуульд 10 жилийн өмнөх хайнаа хагалах гэж байгаа нь хувь заяаны бэлэг үү, хувь заяаны шоглоом уу.
Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт ердөө хоёр сарын дараа, зургадугаар сарын 30-нд болно. Нөхөн сонгуульд оролцох улс төрийн намууд хуульд заасны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх албан ёсны тов өнөөдөр тасалбар боллоо. Хөдөлмөрийн үндэсний нам, Зон олны нам гэх мэт улс төрийн есөн хүчин оролцохоо мэдэгдсэн ч гол өрсөлдөөн мэдээж МАН, АН, МАХН-ынн дунд өрнөнө.
МАН: Шаварт унасан шарын эзэн У.Хүрэлсүх
МАН нэр дэвшигчээ тавдугаар сарын 25-28-нд Бага хурлаасаа шийднэ. МАН-ын рейтинг хамгийн өндөр байгааг томоохон судалгааны байгууллагууд энэ сард шил дараалан зарласан нь бодит байдал мөн, эсэхийг Хэнтийн сонгуулийн дүн нотлох учраас УИХ-д 64 суудалтай эрх баригч нам ч бас хариуцлагатай оролцохоос өөр аргагүй болж байна. Тэдгээр тандалтаар намаасаа ч өндөр рейтингтэй топ улстөрчөөр тодорсон У.Хүрэлсүхийн хувьд "төрөлх” тойрогтоо хувь улстөрчийн нэр сүрийг ч, Ерөнхий сайдын зэрэг зиндааг үзүүлэн өөрөө дэвшиж, УИХ-ын отгон гишүүн болохоор шийдсэн гэх.
42 дугаар тойргийн нутаг дэвсгэр дэх сумд дотор Дадал сумаас бусдад нь ядуурал хавтгайрсан, эрх барьж буй МАН болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын талаарх иргэдийн санаа бодол сайнгүй байгааг цагтаа том улс төрийн тогоонд чанагдаж явсны хувьд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж буй Н.Ганбямба дүгнэж, энэ сонгуульд өрсөлдөхөөс сайн дураараа татгалзсан. Тиймээс "шаварт унасан шарын эзэн” У.Хүрэлсүхээс өөр нөхөн сонгуульд өрсөлдөх "хүчтэн” МАН-д үгүй. Тэр Н.Энхбаяртай дахиад л халз тулгарах нь.
МАХН: Н.Энхбаярт 10 жилийн дараа ирсэн хувь заяаны бэлэг
Н.Энхбаярыг МАН-аас салж, МАХН-ыг байгуулах шалтгааны нэг нь МАН-ын генсек У.Хүрэлсүх байсан. Нэг намд багтаж шингэхээ байтлаа тэрсэлдэж явсан гол дүрүүд нөхөн сонгуульд хоёр өөр намаас нэр дэвшин хайнаа хагалах гэж байгаа нь хувь заяаны бэлэг үү, хувь заяаны шоглоом уу.
МАХН ирэх тавдугаар сарын 24-28-нд нэр дэвшигчээ тодруулж зарлахаа мэдэгдээд байгаа юм. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар Хэнтий аймагт ялалт байгуулснаас харахад тэрбээр МАХН-аас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшвэл хүчтэй өрсөлдөгч болох нь дамжиггүй. Мөн Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, одоо МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүнээр ажилладаг С.Жаргалд ч нэр дэвших боломж бий. Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяр намаасаа нэр дэвших хамгийн өндөр магадлалтай кандидатаар тодорч байна.
Сүүлийн үеийн улс төрийн амьдралд С.Ганбаатар нартай харьцуулахад илүү идэвхтэй оролцсоор ирсэн болон, уугуул гарвалаараа Хэнтий аймгийн Дадал суманд харьяалагддаг гэхчлэн энэ удаагийн нөхөн сонгуулиар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн гарт хүрд эргүүлэх ээлж яг таарч байгаа юм. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиас хойших улс төрийн бүх сонгуульд оролцохыг хүсэж байсан боловч өнгөрсөн хугацаанд хуулиар эрхээ хасуулаад байсан билээ. Харин Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгснөөс нь хойш ийнхүү арван жилийн дараа тохиож буй нөхөн сонгууль Н.Энхбаярын хувьд их улс төрд эргэн ирэх хувь заяаны бэлэг ч байх магадлалтай.
АН: Хэнтийн Ж.Оюунбаатар Хэнтийдээ
Ардчилсан нам Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуульд өндөр ач холбогдол өгөхөөс аргагүй. УИХ-д бүлэггүй, бүлэггүйгээсээ болж сөрөг хүчний зүгээс хуулиар хамгаалагдсан эрхээ ч парламентад эдэлж чадахгүй болтлоо зутарч яваа нам. Тус нам АН-аас хэнийг дэвшүүлэхээ шийдэхийн тулд 42 дугаар тойргийн сонгогчдын дунд санал асуулга явуулахад Ж.Оюунбаатарыг нэрлэсэн дүн гарсан байна. Тиймээс АН нөхөн сонгуульд Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг дэвшүүлэхээр тохиролцож байгаа аж.
Ж.Оюунбаатар орон нутагтаа нэр хүндтэй боловч том улс төрд хүч үзсэн удаагүй. Гэтэл энэ удаагийн нөхөн сонгууль улс төрийн намуудын рейтинг, том улстөрчдийн хүчийг шавхах бага газрын их тулаан болон хувирч байна. Түүнд МАН, МАХН-ын нэр дэвшигчидтэй өрсөлдөх улс төрийн түүх намтар үгүй юм. Ж.Оюунбаатар УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ын Д.Гантулгатай өрсөлдөж ялагдсан бөгөөд энэ удаа "даагаа нэхэнгээ” намдаа нэг суудал авчирч, УИХ дахь бүлгээ эргүүлэн бүрдүүлэх боломжийг олгож чадах, эсэх харин эргэлзээтэй.
Б.Энхцэцэг
Эх сурвалж: ub.life