Шинэчлэлийн өмнөх АН

🕔 2016/11/07 13:48

 

АН-ын төрд турхиралцсан тэмцэл гудамжинд шилжин үргэлжиллээ. УИХ-ын энэ удаагийн сонгуулиар сонгогчид АН-ыг доторх  хөлөө жийлцсэн асуудлаа цэгцлээд ир гэсэн даалгаврыг амаар бус үйлдлээрээ  харуулж, парламентын болон орон нутгийн сонгуульд цөөнхийн суудал өгсөн.  АН-ынхан ч ард түмний сонголтыг хүндэтгэж, ялагдлаа хүлээн зөвшөөрч байгаа.  Гэхдээ тэдний дотоод асуудал эмх замбараагүй, буруугаа бие биедээ чихэн  тэмцэлдэж, шинэ лидер, шинэчлэгдсэн АН-ыг бий болгохоор зорьж байгаа билээ.

АН-ын гишүүд тойрч суугаад  сонгуулийн ялагдлын шалтаг, шалтгаан бүхий 60 жагсаалт гаргасан гэж саяхан экс генсек Л.Эрхэмбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. АН-ынхан ялагдлын үндсэн шалтгаанаа тайлж чадахгүй бол үргэлжилсэн асуудал 60 байтугай 6000-аар ч урган гарч мэднэ.   Ер нь энэ удаагийн сонгууль 16 жилийн өмнөх АН-ын гашуун түүхийг давтсанд хэн буруутай вэ?  Мэдээж, АН-ын гишүүд удирдлагуудаа нэгэн дуугаар буруутгаж, өмнөх удирдлага нь намайг огцруулаагүй бол өнөөдрийн ялагдал ялалт болох байсан гэж өөрийгөө өмөөрдөг.  Гэхдээ АН-ынханд дотооддоо хэзээ ч эв нэгдэлтэй байгаагүй, хуваагдмал, тархай бутархай олон фракцын нэгдэл амжилтыг хойш чангааж байсныг түүх гэрчилдэг.

Энэ бүхнийг цэгцэлж, АН-ыг нэг дээвэр дор удирдахаар уг нь АН-ын экс дарга З.Энхболд нийгэмд "Фракцгүй АН” болгохоо тунхаглаж байлаа. Гэвч олон жилийн турш зөрчилдөн тэмцэлдэж ирсэн АН дахь фракцууд эрх мэдлийн төлөө арсалдаж, шинэ даргаа ч хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцлээ амласнаас цаашгүй, ажил хэрэг бололгүй ирсэн.  Өнөөдөр ч АН-ыг шинэчлэхээр фракц бүлэглэл, залуус өөр өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байгаа. Мөн л шинэчлэхээр санаа шулуудсан АН-ын гишүүд бие биенээ хүлээн зөвшөөрч  "Тэр чадна” гээд гараа зэрэг өргөчих хэсэг үнэндээ алга. АН хэмээх улс төрийн хүчний удирдлагыг гартаа авах гэсэн марафонд партизануудаас нь эхлээд дунд, залуу үеийнхэн бүгд  өрсөлдөж, шинэчлэлийн дүрэм төсөл боловсруулсан гишүүдийн өмнө хойгуур гүйгээстэй.  Тиймээс л "Алтан гадас”, "Шонхор”, соцдек зэргээс гадна намын даргын албан тушаалд өрсөлдөхөөр  Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, П.Цагаан, Д.Эрдэнэбат гээд л нэрс жагсаалт цуварлаа.

АН-ыг хэн шинэчлэх вэ, шинэчлэлээ хаанаас сэвэлзүүлэх вэ?  АН-ын  ҮЗХ энэ сарын 16-нд хуралдахаар товлосон. Ямар нэг шалтгаанаар дахин ҮЗХ-ны хуралдаанаа хойшлуулчихгүй бол дараагаар нь 12 дугаар сарын 06-нд Их хурлаа хийнэ.  ҮЗХ-ны хурлаараа намын үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, намын гишүүд дэмжигчээрээ хэлэлцүүлэх юм билээ. Гэхдээ өнгөрсөн УИХ-аас хойшхи үйл явцын ажихад АН-ын фракцууд төдийгүй хувь гишүүдийн зөрчил ч тогооноосоо халин дэвэрч, ширээ тойрон хуралдаад суух тэвчээр, тэнцвэргүй болтлоо суурь нь хөдөлсөн.  Үүнийг зөвхөн өнгөрсөн долоо хоногийн үйл явцаар жишээлэхэд  УИХ-ын гишүүн Ж.Батзандан  намынхантайгаа тэрсэлдэн хөөгдөх дээрээ тулснаа зарлаад байгаа.  Сонгуулийн өмнөхөн ИЗНН, МҮАН тус намтай нэгдэх гэрээ байгуулж, гарын үсэг зуралцсан. Одоо гэрээ хэлэлцэл ч цаасан дээр зурагдсан төдий орхигдож, эвлэлдэх  гэсэн намууд ч амь амиа бодолцоо биз.  Дотроо эвлэрч чадахгүй байгаа эрхмүүд юун бусадтай эвсэн нэгдэх билээ.   УИХ дахь бүлэг байгуулах хэмжээний 9 суудал АН-ыг гудамжнаас төрд дуу хоолойгоо хүргэх гүүр болох учиртай, уг нь. Гэвч АН-ын бүлгийн гишүүдийн хувьд ч өөр намд элсэх магадлал тун өндөр. Намрын чуулган эхлэхийн өмнөхөн гишүүн Б.Наранхүүг МАН-д элсэх нь гэсэн мессэж тархсан. Өнөөөдөр Ж.Батзандан намаасаа хөөгдөх нь гэдэг  мессэж тарааж,  гал дээр тос нэмлээ. Үнэндээ УИХ дахь АН-ын бүлэг задарвал төр дэх хүч нь суларч сульдана. 

Ер нь АН-ынхан гудамжинд гарсан үедээ бутарч, хэсэг бусгаараа нам байгуулаад явдаг гэмтэй.   Тухайлбал, М.Энхсайхан намын удирдлагаасаа буусны дараа АН-ыг орхиж, МҮАН-ыг байгуулаад явсан.  Өнөөдөр АН-ыг хэний бүлэг, фракц удирдахаас хамаарч, даргад дэвшээгүй хэсгийнхэн нам байгуулаад  тусгаарлахыг үгүйсгэхгүй. Дээрээс нь бусад нам эвсэлд ч орох санаархал байгаа биз.

Шинэчлэлийн өмнөх ороо бусгаа АН-ын дүр зураг нэг иймэрхүү.

Н.Энхлэн

Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!