Монголын хөгжилд чөлөөт бүс биш Ж.Батзандангийн попрол л тушаа болно

🕔 2019/11/22 18:15

Ж.Батзандан чөлөөт бүсийг биш өөрийнхөө попролыг зогсоох хэрэгтэй

Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй хийтэй улстөрчдийн попрол хэрээс хэтэрсний нэгэн жишээ өчигдөр болов. УИХ-ын гишүүн Ж.Батзандан 800 хятад иргэнийг хэн оруулж ирснийг зарлахаар мэдээлэл хийх үеэрээ Монгол Улсад эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс хэрэггүй гээд хэлчихлээ. Түүний хэлснийг тодруулбал "Чөлөөт бүсэд хятадуудыг бөөнөөр нь оруулж ирэх завхарсан бодлогоо зогсоох ёстой. Чөлөөт бүсийг хятадуудын бүс болгох гэж байгаа энэ бодлогоосоо Засгийн газар татгалзах ёстой. Монгол Улсын чөлөөт бүс бол Монгол Улсын нутаг дэвсгэр юм” гэв.

 УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон төрийн түшээ тэрбээр Монгол Улсад чөлөөт бүс байгуулснаар хятадуудыг, өөр аль ч улсын бай иргэдийг бөөнөөр нь оруулж ирэн нутгаа эзэгнүүлэх гэсэн бодлого биш гэдгийг тэнэг л биш бол сайн мэдэх учиртай. Дээр нь Монголын чөлөөт бүс гадаадын эзэмшлийнх болохгүй гэдгийг ч мэдэхийн дээдээр мэдэх биз. Өөрөөр хэлбэл, өөрт нь ашигтай, өөрийгөө л хамгаалж байвал улс орны нэр хүнд, хөгжил дэвшил түүнд хамаагүй гэдэг нь үүгээр мэдэгдлээ. Зөвхөн энэ удаа ч биш өмнө нь олон удаагийн үг үйлдлээрээ өөрийгөө ямар хүн бэ гэдгийг харуулсан жишээ түүнд олон бий. Наад захын жишээ нь, Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзахдаа "И.Оспан бол баатар. И.Оспан баатар байгаагүй бол Монголын баруун хязгаар харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан” гэж тал зассан. Үүний дараа шүүмжлэлд өртөхдөө "И.Оспаны дайнаас болж олон монгол, казах, захчин, урианхай хүн амь насаа алдсаныг Монголын ард түмэн мартаагүй. И.Оспаныг бид мэдэлгүй яах вэ. Бид "Байтаг богд” киноноос эхлээд л монголчуудыг хэрхэн зовоож байсныг мэднэ. Олон хүний амь бүрэлгэж, мал сүргийг нь дээрэмдэж байсныг ч мэднэ. Би монголчуудтай биш казах иргэдтэй уулзахдаа л тэгж хэлсэн юм шүү” гэж өөрийнхөө мөн чанарыг тод харуулаад авсан. Бүхэл бүтэн Монгол Улсын парламентч байж Баян-Өлгийн иргэдийг монгол гэж боддоггүй нь мэдэгдсэн. Гэхдээ энд түүний хийрхэл, попролыг онцлох биш хариуцлагагүй үг үйлдлээс нь болж улсын хөгжилд ямар их хохирол учирч болох вэ гэдгийг өгүүлнэ.

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихдээ зах зээлээ нээлттэй явуулахын тулд 1995 оноос чөлөөт бүсийн хууль эрх зүйн зохицуулалттай болсон байдаг. Энэ хугацаанд хоёр улсын хамтын ажиллагааны хэд хэдэн чөлөөт бүстэй болж, эдгээрээ хөгжүүлэх бодлогыг төр засгаас гаргаж байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүстэй болсноор гадаадын хөрөнгө оруулалтыг татах, экспортын бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, шинэ техник технологийг нутагшуулах, ажлын байр бий болгох, импортын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх зардал багасах зэргээр эдийн засгийн өсөлтийг түргэсгэх чухал ач холбогдолтой. Дээр нь улсын төсөвт олон төрлийн татварын төлбөр төвлөрүүлэх давуу талтай. Гадаадын иргэдийг чөлөөт бүсэд нэвтрүүлж, худалдан авалт хийлгэх учраас иргэдэд эргэлзээ, айдас байгаа нь мэдээжийн хэрэг. Гэхдээ чөлөөт бүс байгуулж, хоёр орны бараа бүтээгдэхүүнийг харилцан худалдаж, аль аль талдаа ашигтай, үр дүнтэй ажилладаг жишээ олон улс оронд бий. Манай улсад ч ийм боломж бий. Замын-Үүд, Эрээн хоёр хөгжлийн ижил түвшинтэй хил залгаа оршиж байсан ч богино хугацаанд хөгжлийн асар их ялгаа гарсан. Энэ нь хятадууд Монголоос биш монголчууд л Эрээнээс худалдан авалт хийсэнтэй холбоотой гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулснаар монголчууд бараа бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд гаргах боломж тэлж буй хэрэг. Мөн Хятадын бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр, хямд зардлаар авах боломжтой. Энэ мэт ашигтай, үр өгөөжтэй зах зээл чөлөөт бүсэд бий.

Гэтэл шийдвэр гаргах түвшний түшээ хүн чөлөөт бүсийг хэрэггүй гэж үздэгээ хэллээ. Монгол Улсад чөлөөт бүс биш хийтэй улстөрчдийн попрол л гай болно. Тэр дундаа Ж.Батзандан мэтийн өөрийгөө хамгаалахын тулд хаана, юу ч хэлж, хийж мэдэх хүмүүс төрийн шийдвэр гаргах түвшинд байгаа нь улсын ирээдүйд илүү аюултай байж мэднэ.

Б.Цэнд-Аюуш

Эх сурвалж: eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!