Үндсэн хуулийн Цэцийн дараагийн дарга хэн бэ?
Д.Одбаяр Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Ийнхүү Цэцийн даргын суудал эзгүйрэхтэй зэрэгцэн дараагийн дарга нь хэн бэ гэсэн таамаг дэвшүүлж эхэллээ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд хуралдаж, нууц санал хураалтаар даргаа сонгодог. Д.Одбаярыг 2017 оны зургадугаар сарын 14-нд Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгосон. Цэцийн даргыг гурван жилийн хугацаатай сонгодог бөгөөд нэг удаа улирааж болдог хуулийн зохицуулалттай. Энэхүү процесс хийгээд уг албан тушаалд сонгогдсон хүн ямар эрх мэдэлтэй болдог талаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд дараах байдлаар заажээ.
6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ
1.Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.
2. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
З. Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
4. Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана
5. Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргана.
6.Цэцийн даргын түр эзгүйд Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.4-т заасан Цэцийн даргын бүрэн эрхээс "Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана” гэдэг бол маш том эрх мэдэл. Ний нуугүй хэлэхэд, Үндсэн хуулийн цэцээс ямар шийдвэр гаргахыг удирдан чиглүүлэх боломжтой гэсэн үг. Тийм учраас Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг томилдог субъектууд томилсон хүнээ дарга болгох сонирхолтой байдаг. Эрх баригч МАН Д.Одбаярыг Үндсэн хуулийн Цэцийн дарга болгох гэж Цэцийн гишүүнээр томилсон гэхэд буруудахгүй. Тухайн үед "Д.Одбаяр Цэцийн дарга болох нь” гэсэн яриа гарч байлаа. Удалгүй энэ яриа биелэлээ олж шинээр томилогдсон Цэцийн гишүүн Д.Одбаяр дарга болсон юм. Яг үнэндээ Цэцийн гишүүд өөрсдөө хуралдаад даргаа сонгож байгаа мэт боловч тэднийг томилсон субъектууд нь хэнийг даргаар сонгохыг чиглэл болгодог. Энэ удаад Д.Одбаярыг чөлөөлсөн тохиолдолд дараагийн даргыг сонгох процесс энэ маягаар явагдана.
Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, мөн гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүх нэр дэвшүүлэн УИХ-аар томилуулдаг. Одоогийн бүрэлдэхүүнээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүүг, УИХ Д.Одбаяр, Ш.Солонго, Г.Баясгаланг, Улсын дээд шүүх Н.Чинбат, Д.Солонго, Ш.Цогтоо нарыг нэр дэвшүүлэн томиллуулсан. Д.Одбаярыг Үндсэн хуулийн Цэцийн даргаас чөлөөлсөн тохиолдолд бусад найман гишүүний дундаас дараагийн дарга тодорно. Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр дэвшигчид ямар нэгэн хуулийн шалгуур, шаардлага байхгүй. Харин дээр дурдсан томилсон субъектуудын бичигдээгүй хууль үйлчилнэ.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нар 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд томилогдсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь сар гаруйн дараа дуусах гэж байна. Цэцийн гишүүнийг нэг удаа улираан томилж болдог байсан ч 2016 онд Х.Тэмүүжин тэргүүтэй гишүүд хуульд нь өөрчлөлт оруулахдаа энэ зохицуулалтыг хассан. Тиймээс Д.Солонго, Ш.Цогтоо нар лав Үндсэн хуулийн Цэцийн дараагийн дарга биш. Мөн эрх баригч МАН Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэн томилуулсан Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарыг Цэцийн дарга болгохыг хүсэхгүй. Энэ мэт эрх ашгийн зөрчил дундаас Үндсэн хуулийн Цэцийн дараагийн дарга тодорно.