Халимаг дахь Чингисийн хөшөөг булаан эзлэгчид зориулсан хөшөө гэжээ

🕔 2019/10/28 12:37

ОХУ-ын Халимагийн Улан-Хееч тосгонд Их Эзэн Чингис хааны хөшөө сүндэрлэн боссон билээ. Энэ бол ОХУ дахь анхны Чингис хааны хөшөө юм. Хөшөөг тус тосгоны "Улан-Хееч" хэмээх мал аж ахуйн нэгдлийн хөрөнгөөр босгосон байна. Чингис хааны хөшөөнөөс гадна 4 ойрд баатрын хөшөөтэй аялал жуулчлалын бүтэн цогцолбор юм.

Харин тус хөшөөний талаар ОХУ-д их маргаан болж байна. Булаан эзлэгч, цуст яргачинд хөшөө босголоо гэж зарим хүмүүс уурлаж байгаа юм.

ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Монголын салбарыг хариуцсан ажилтан, түүхийн ухааны доктор Владимир Грайворонский "Орост Чингис хааныг үргэлж булаан эзлэгч гэж бичиж ирсэн. Харин Орост амьдарч байгаа Буриад, Халимагийн ард түмний хувьд тэр бол үндэсний баатар. Тиймээ, Чингис хаан олон орныг булаан эзэлж, түрэмгийлсэн. Гэхдээ тэр дэлхийн түүхэнд хамгийн том гүрнийг байгуулсан хүн. Америкт Чингис хааныг "Мянганы хүн”-ээр өргөмжилсөн байдаг. Монголчууд чингис хаанаа тахин шүтдэгийг бид мэднэ. Халимагт хамгийн алдартай өвөг дээдэсдээ хөшөө барихад болохгүй гэх зүйл байхгүй” гэж ярьжээ.

"Яблоко” намын Халимаг дахь салбарын тэргүүн Батыр Боромангнаев "Славянчууд Их хаанд таагүй хандлаа ч бид дахин Чингис хаандаа зориулсан барилга байгууламж бүтээх болно. Миний хувьд Чингис хаан бол шинэчлэгч, хүн төрөлхтний хөгжлийг олон зуун жилээр урагшлуулсан соён гэгээрүүлэгч. Түүний их үйлсийн ая гавьяаг бид 800 жилийн дараа ч хүртсээр байна” гэж хэлсэн байна.

М.Сугар-Эрдэнэ

Эх сурвалж: Zindaa.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!