ЗАР »
Алс тосгоны өвгөн
Эмэгтэй хүний зандран хашхичих дуунаар тосгоны иргэдийн сониуч зан хөдлөн гудманд цугларсаар өнгө нь гандаж хир дагандаа баригдсан навсгар дээлтэй өвгөнийг чирж гулдрах шар толгойтой хүүхнийг бүчин овооров. Хүүхэн газар ширтэн зогсох хоёр хөвгүүн рүү заагаад:
-Аман дээр нь битүү яр туурчихсан. Энэ өвгөний өгсөн чихрийг идсэн гэж байгаа юм. Үхэх мөрөөрөө үхэхгүй хүүхэд хордуулаад гэж орилов. Олны дундаас нэг нь:
-Хомхой долоочихсон юм биш үү? гэхэд хүүхэн түүн рүү ширэв татаад:
-Юу гэж хоёрын хоёулаа хомхой долоодог юм. Энэ тэнэмэл өвгөний өгсөн чихрээс хордсон нь лав гээд хөгшний ханцуйнаас зуурсан барьцаа улам эрчлэн ороов. Өвгөний нүд бүлтэгнэж зугтахаар биеэ чарайв ч мяраалаг хүүхний тэнхээнд тамир нь дутан түүний дугтрах гарын аясаар нааш цааш савчин байлаа.
-Наад хөгшин чинь өдөр бүр оршуулгын газар руу явж байгаа харагддаг. Аягүй бол тэндээс түүгээ дээ гэж нэг авгайг хэлэхэд хүмүүс пүү паа гэцгээн өвгөнийг жигшив.
Тэгмэгц хүүхэн өвгөний гарыг бушуухан тавиад хялалзсанаа үүрсэн торыг нь угз татаад:
-Эндээ юу хийчихсэн юм гээд доош харуулан сэгсэрлээ. Торноос гурван цөгц газар өнхрөн ойчиход хүмүүс:
-Ямар бузартай юм бэ. Шарил тонодог байх нь гэж орилолдов.
Өвгөн "Болохгүй, болохгүй” гэж амандаа үглэсээр газраар өвдөглөн мөлхөж цөгцнүүдээ хаман торондоо хийгээд тонгойсон чигтээ толгойгоо тэврэн хэвтчихэв. Хоттой ойр байх энэ тосгоны уугуул суугчид амьдралаа хөөн хот руу нүүсэн бол тэдний орыг залган зах хязгаар аймгуудаас төв газар бараадахаар шинэ суурьшигсад ирж өдгөө тосгоныхон бие биеийнхээ царайг л гадарлахаас нэгнээ төдийлөн сайн танихгүй болжээ. Бараг л анх удаа ойроос царайгаа харалцаж байгаа нь энэ ажээ. Хот газрын донжтой харагдах гэж үсээ алтан шар өнгөөр будуулсан мяраалаг хүүхэн тонгойн хэвтэх өвгөнийг:
-Алив босооч гээд мөрөөс нь сэвхийн татав. Өвгөний хүлцэнгүй, ноомой байдлыг өрөвдсөн нэгэн эр:
-Яах нь вэ дээ, хөөрхийг. Бүл муутай юм шиг байгаа юм. Хашаа нь нураад хэчнээн ч сарын нүүр үзэв. Уг нь нэг залуу ирээд додомдож байгаа харагддаг. Сүүлийн үед лав харагдсангүй гэж өмөөрөв.
-Үйлийн үр нь тэр байхгүй юу. Залуудаа олигтойхон амьдарсан бол өдийд юу гэж ингээд нохой шиг явах вэ дээ гэж хүүхэн ярвалзаад:
-Дахиж хүүхдэд элдэв юм өгсөн байж үзээрэй. Хохь чинь шүү гэж заналтайяа хэлээд түлхэв. Өвгөн тэрхүү сиймхийг ашиглан гудамж өөд зүтгэхэд цугласан хүмүүс түүнд хүрэхээс шижиглэн ярсхийн зам тавьж өгчээ.
Хүмүүсд гэм хийснээ ойлгосон өвгөний айдас хүрч тэднээс бушуухан хазганан зугтлаа. Энэ байдал хүмүүсийг улам хөгжөөж зарим саваагүй нэг нь түүний араас чулуу шидэхэд өвгөн бүрч айн, майжигнасаар гүйж яваад бүдэрээд уначихав. Өвгөн боссонгүй. Хүмүүс түүнийг хөдлөх нь үү гэж харсаар байлаа. "Үхчихээгүй байгаа” гэж олны дундаас нэг нь хэлэв. Тэгтэл гудамжны үзүүрээс ачааны тэрэг гарч ирээд өвгөний дэргэд чихран зогслоо. Бүхээгнээс өндөр залуу үсрэн буугаад газар түрүүлгээ харан хэвтэх өвгөн рүү гүйн очиж чангааснаа удалгүй сугадан босгов. Тэд юм ярьж буй бололтой цугласан хүмүүс рүү харах ажээ. Тэгснээ өвгөн толгой сэгсэрч залуугийн гарыг түлхчихээд цааш бөгтөгнөн одов. Залуу эргэж бүхээгтээ суух гэснээ онгорхой хаалгаа тас хийтэл савж хаагаад хүмүүс өөд алхав. Түүнийг тосгоноос хол амьдардаг малчин эр болохыг нэг нь таниад "Дуутын амны малчин л байна” гэж мэдэмхийрэхэд одоо яах бол гэсэн шиг хүмүүс тарж явалгүй сайхь эрийг хүлээцгээв. Залуу өөр рүү нь сониучирхан харах тэднийг нүд тойруулаад:
-Та нар хэн юм бэ? Бусдыг доромжилж, харааж зүхэх ямар эрхтэй юм? Хэн та нарт энэ эрхийг олгосон юм? гэж орилов. Хүмүүс гайхаж балмагдлаа.
-Тээр тэнд харагдах шатсан балгас юу байсныг мэдэх үү, та нар. Гучин жилийн өмнө тэнд хүүхдийн инээд цалгисан дунд сургуулийн дотуур байр байлаа. Тэгэхэд шөнө дунд гэнэт гал гарч 12-той, 14-тэй ах дүү хоёр бүх хүүхдүүдийг галаас гаргаж амийг нь авраад өөрсдөө харамсалтай нь амь үрэгдсэн юм. Тэр галаас аврагдсан хүүхдийн нэг нь би байна гэж жолооч орилоод ханцуйгаа шуун гараа дээр гэгч өргөн бугуйн дахь түлэгдсэн сорвио үзүүлэв.
Түүний нүд үсчин эргэлдэж, тойрон зогсох хүмүүс рүү олон нохойд боорлуулсан чоно шиг цовхчиж байлаа.
-Тэр хоёр хүү байгаагүй бол дөчин гурван хүүхэд шатаж үхэх байлаа. Та нарын харааж зүхэж, адлаж нүд үзүүрлээд байгаа энэ өвгөн тэр хоёр хүүгийн эцэг нь. Хүүхдээ алдсан эх сэтгэл санаа нь хямраад удалгүй бурхан болж энэ өвгөн орь ганцаараа хаашаа ч явалгүй шатсан туурийг сахиж хоцорсон юм. Та, бид нарын жаргалтай инээдийн цаана хэн нэгний зовлон нуугдаж байдгийг мэдэх үү? Бид нарыг мэдээгүй, анзаараа ч үгүй байхад энэ жаргалын маань төлөө хэн нэгэн сайн санаатан амьдралаа золиосолж байдаг юм. Энэ өвгөний зовлон шаналал миний амьдралын, жаргалтай яваагийн маань төлөөс, үнэ цэн. Та нар нутгаа хаяад ирж байгаа юм чинь хүн чанараа гээх энүүхэнд биз гэж хашгираад жолооч машин өөдөө алхав. Уйлж буй бололтой нүүрээ гараараа шудрах нь харагдлаа. Хүмүүс юу ч дуугарсангүй. Бүгд л бодолд автан дүнсийжээ. Тэртээ гудамны үзүүрт өвгөн тороо савчуулан өөрийг нь хүн хөөж байх вий гэсэн шиг эргэн эргэн харсаар бөгтөгнөн алхах ажээ.
Өвгөн зулын гол ороон суутал гэнэт гадаа нь хүмүүс хашгиралдахад цочсондоо давхийн нугдайв. Хүмүүсээс айсан өвгөн зулын хөвөнгөө хойш тавин биеэ хураагаад нусаа ч татаж төвдөлгүй огт чимээ гаргахгүйг хичээн нам суужээ. Түс тас хэмээн юм шидлэх дуу хадахад өвгөн "Хашааны үлдсэн хэдэн банзыг маань зөөж байх вий” гэж санаад аргагүй өндийн гэрийн хаалгаар болгоомжтой толгойгоо цухуйлгалаа. Гэтэл хэдэн залуус ачааны тэрэгний тэвшин дээрээс банз шидэн буулгаж байхыг үзээд мэл гайхав. Өвгөн гэрийнхээ үүдэн дээр гаран зогслоо. Тэгтэл шар үстэй, ууртай бүсгүй түүн дээр гэрэвшингүй ирээд тортой зүйл сарвайн:
-Энэ хуушуур. Би өглөө хайрсан юм гээд гарт нь атгуулав. Тэгснээ инээмсэглэж:
-Би олон жилийн өмнө эцгээ алдсан. Өнөөдрөөс эхлээд таныг би ааваа гэж бодож явах болно гэж хоолой чичрүүлэн хэлээд дэргэдээ зогсох хоёр хүүд "Өвөөдөө очиж үнсүүл” гэлээ. Түүн рүү хулмайсаар дөхөх хоёр сөөсгөр хүүг хараад өвгөн олон жилийн өмнө орхиод одсон хүүхдүүд нь хүрээд ирчихсэн юм шиг санагдахад гараас нь тортой хуушуур алдууран унаж, хөл нь аяндаа бохирч газар өвдөглөн суув. Гучин жилийн тэртээ нулимс нь ширгэж алга болсон хоёр цийдмэрээсээ халуун зүйл бөмбөрөн хацар даган урсахыг тэгэхэд өвгөн мэдрэв ээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!