НУТГИЙН ЧУЛУУ АМИНААС ҮНЭТЭЙ... ( ӨГҮҮЛЛЭГ)

🕔 2016/12/12 17:56

 

Дамиран өвгөн өвсний толгойн шүүсийг сорж хэлээ хэд бувтгануулснаа " Амт нь суларчихаж, арга ч үгүй байх даа, зуны адаг сар гарлаа. Шим, сөл нь үндэс рүүгээ шилжсэн биз " гэж бодон бөгтөлзсөөр өвсөн дунд ямар нэгэн юм эрж буй мэт хэд алхаж халзгайдуухан газар олов бололтой зүүн өвдгөө бохирон сууж гаансаа гарган зэхэв.

Тэртээх уулсын оройгоор үүлс хөшигрөн нүүгэлтэж бөөн саарал үүлс хуралдсан байхыг өвгөн анзаарч " Гийх тэнгэр хаяанаасаа гэдэг. Энэ тэнгэр ч мөд онгойх шинжгүй дээ" гэж бодсоор гаансандаа тамхиа нэрэв.
Ердөө хажууханд нь дөрөөн чимээ гарч хэн нэгэн ойртон ирсэн нь Дэрэм хэмээх малигар шар залуу байв. Өвгөн чих нь хатуурч нүд нь хол ойрын юм муу хардаг болсноо мэдэх тул хажууханд нь морьтон ирсэн байхад төдийлөн гайхсангүй, таньж ядан мэнд мэдэхийг нь чих тавин хүлээж суулаа.
- За Дамиран гуай, сайхан зусч байна уу?
- Сайн хүүхээ, сайн...
- Энүүгээр саяхан хоёр жип машин өнгөрөв үү? Дамиран гуай...
- Айн? 
-Энүүгээр машин явсан уу?
- Мэдсэнгүй, хүүхээ...
Залуу юм хэлэлгүй хажууд нь түр саатасхийгээд босч мордоход нь өвгөн хойноос нь, 
-Хаа хүрэх нь вэ? Хүүхээд...
Дэрэн хариу дуугарсангүй нь өвгөнийг сонсохгүй болохоор хариулсан хариулаагүй ижилхэн гэж бодсоных байв.
Өвгөн Дамиран нас сүүдэр дал гарсан ч ухаан санаа нь залуугийнх шигээ цэцэн цэлмэг хэвээр, өөлөх юм гэвэл чих нь хатуурч нүд нь бүрэлздэг болсноос өөр хууч гээд байхаар зүйлгүй тэнхлүүн яваа нь жар гарсан ч ануухнаараа байх Жаажаатай нь холбоотой аж. Түүний эхнэр Жаажаа унд хоол базаахдаа тун сурмагаас гадна өвгөний ая данд таацуулах нь аль залуу наснаас улбаатай юм.
Дамиран ойрхон модноос уясан морио харан суухдаа Жаажаагийнхаа ааг үнэртүүлсэн шаргал цайг хэсэгхэн зуур үгүйлээд авав. Насаараа ойн цагдаа хийсэн түүний ээлжгүй, цаг наргүй ажил одоо ч сайн дурын үндсэн дээр үргэлжилж ганц муу борлог морио унаад уул толгод хэсэж явах нь өөрийнх нь хувьд жаргал байдаг санж. Харин түүний тухай улс амьтан ил далд " хөөрхий, зөнөчихсөн юм. Гэртээ тогтдоггүй юм " гэцгээн жиг жуг гэх нь Жаажаагийнх нь чихэнд хүрчихнэ. Жаажаа " Амарч үз, өвгөн минь. Хар үүрээр албатай юм шиг гарч давхих хэнд хэрэгтэй юм. Чиний ажлыг цаана чинь зөндөө хүмүүс хийдэг болсон. Тэд хонтоорт суугаад хомпүүтэр гэдэг юмаар ажлаа хийдэг болсныг чи мэдэж байж яагаад ингээд өөрийгөө сойдог морь шиг өөрийгөө зовоож байдаг юм" гэж үглэнэ. Үргэлж биш гэлээ ч сүүлийн үед үглэх нь ихсээд байх шиг өвгөнд санагдана.
Хэзээнээсээ хүмүүсийн хэлсэн сайн муу үгийг чихнийхээ гадуур өнгөрөөж сурсан хашир буурал үүнийг тоох нь үгүй.
Дамиран хээрийн соргог салхиар цээж дүүрэн амьсгалан давхих зуур өчигдөрхөн орсон бороонд ойн өвс ногоо, хээнцэр цэцэгсийн өнгө улам сэргэсэн байхыг анзаарч яваа нь олон жил баян хангайдаа мөр мөшгөж амьдарсныг илтгэх аж.
Тийнхүү хэдэн уулын бэл ороон давхисаар зорьсон газраа хүрээд гайхахын эрхээр нүдээ хий шударлаа. Хэдхэн сарын өмнө нарсан ойг захлаад хусан ой шуугиж байсан газар одоо энд тэндгүй булга татсан нүх, ташраараа хядагдсан нүд хальтрам хожуул үлдсэн байхын чинээ тэр санасангүй. Гайхах алмайрах зэрэгцэх зуур амьсгаагаа бага зэрэг дарсхийгээд, морио хөтөлсөн чигээр хожуул бараадан суув. Өөртэй нь адил өтөлж бүдүүрсэн ч байгалийн жамаараа бол одоо ид ач тусаа өгч эхлэх тэр тайрагдсан бүдүүн нарснуудын өмнөөс гомдол мэдүүлэн уйлж байх шиг хожуулаас нь нойтон давирхай бөнжийтэл урссан байхыг хараад Дамиран ухасхийн бослоо.
" Гадны хүн орохыг хориглоно" гэсэн пайзтай нүсэр техник бүхий төмөр торон хашаа руу өвгөнийг ойртоход бүдүүн дуутай хоточ банхар хэд хэдээрээ ээрэн шуугилдах нь сүртэй. Тэднийг уяагүйсэн бол өвгөнийг хэдэн хэсэг тасчиж хаяхад бэлэн байлаа.
Нохойн улилдан агсрах чимээнээр тээр холоос нэгэн бөөвгөр хүн түүнийг чиглэн ирсэн нь хэл ам ойлголцохгүй данжаад байв. Энэ ч бас энд юу вэ дээ гэж бодогдоход өвгөний цээжинд залуугийнх нь эр бяр амтагдаж ганцхан дүүгүүрдээд нохдынх нь дунд шидчихмээр санагдана. 
- Чамаас өөр хүн байна уу? Энд? гэж өвгөн дуугаа өндөрсгөн зандран асуув.
- .........
- Яадаг муу туучий вэ. Хүн гэхэд хэцүү туучий байна даа. Дохио зангаа ч байхгүй...
Сайхь хүн урдаас нь орсгор шар шүдээ гаргаж худлаа инээмэр аядчаад бөхөлзөн ухарсаар буцаад орчихов.
Ноход Дамирангийн хөдөлгөөн бүрийг анаж шуугилдсаар. 
Өвгөн нохдын шуугианаас төвөгшөөж хашаанаас холдоод алив юмыг заавал нягталдаг зангаараа ойр орчмыг нэгжин үзэв. Удаан алхангаа нуруугаа үүрч бодолхийлэх зуур хөлд тааралдсан юмыг ажиглана. Архины шилнээс эхлээд бүсгүй хүний хөхний даруулга хүртэл тааралдах нь ой гутам ажээ. Өвгөн цааш явсаар өмхийрэх шахаж ялаа батгана шавуулсан нэгэн хиймэл нуурын дэргэд ирэв. Ойрхон байх булаг шандын усыг хорьж боож хиймэл нуур үүсгэсэн нь тодорхой байлаа. Булаг шандны аль хэсгээр сэтлэж энэ хиймэл нуурыг үүсгэснийг олж тогтоох хэрэгтэй гэж бодон бэдрэх түүний эрлийн үзүүр мухардаж, нүдэнд нь өртөж тийм хэмээн тэмдэгрэх зүйл мэдэгдэхгүй ажээ. Ийн гайхширсан тэрээр нуур руу улам ойртов. Өвгөн нуур тийш очиход хөл нь тушигдах мэт эвгүй сонин мэдрэмж, зөн совин төрөхийг анзаарсан ч ойр хавиасаа урт мөчир олж түүнийгээ тулан болгоомжтойгоор нуурын ус руу дөхөв. Хиймэл нуураас эхүүн эвгүй үнэр хамар цоргих нь өвгөнийг улам болгоомжилоход хүргэж байлаа. Дамиран тулж явсан модоо нуурын ус руу дүрэхэд мөчир даган хар саарал хорхой шаван байхыг олж хараад " Энэ чинь хусан ойд ганц нэгхэн харагддаг саарал байх шив. Энд ингэж үрждэг нь ямар учиртай юм бол" гэж бодохын сацуу толгойд нь нэгэн бодол харван орж ирэв. " Хус мод ойн чийгийг өөртөө барьж байдаг. Ойг хиаруулан устгаснаас чийгэнд амьдардаг хорхой шавьж хаачихаа мэдэхээ больсон байх нь. Тэгээд амьдрахын эрхээр энэ хэсэгхэн тогтоол усыг бараадсан болж таарч байна. Хөөрхийс, амьдралын төлөөх тэмцэл" гэж бодох зуур л хоолой нь бачуурч нүд нь харанхуйлж хорвоо дэлхий тэр аяараа гуйван дайвалзах нь тэр.
Тэрээр хиймэл нуурын уснаас холдохыг тэмүүлж хэд алхсанаа мэдсэнгүй.
Хамаг бие нь жингүйдсэн юм шиг хачин орчинд өвгөн сэрэв. Эгц дээр нь сэмжин үүлтэй хөх тэнгэр харагдах хүртэл өвгөн ухаан алдсанаа ч ойлгохгүй байлаа.
Шуугисан их чимээн дундаас " Ашгүй, та сэрчихэв үү? Ээ... төрийн минь сүлд" гэж уулга алдан залбирах дууг л бүүр түүрхэн сонсож байв.
Гадаадын хөрөнгө оруулалттай гэх компанийн гадаад эзэнтэй уулзаж хар нэрс зарах, болж өгвөл дахиад түүж өгөх аман гэрээ хийх гэж өөртөө бол их л том наймааны арга хайн наашилсан Дэрэм хоёр жипний араас мөр даган давхисаар энэ газар ирээд өвгөн Дамиранг тэрийн хэвтэхийг олж харжээ. Өвгөний царай цэлдэн хөхөрч, нүүр нь танигдахын аргагүй хөөж пэмбийснээс Дамиран гуай гэж оноож хэлэхийн аргагүй байлаа. Зам зуур тааралдаж, морь хуйг нь харсан болохоор шууд таньсан нь тэр байж. Дэрэн сандрахын эрхэнд түүсэн хар нэрсээ Дамирангийн дээрээс асгаж уйлан мэгшиж жимсээ нухсаар байв. Хар нэрсийг ямар ч үнээр хамаагүй авдаг гадаадын хүмүүс сайныг нь мэдээд л авдаг биз. Сандарсан залууд өөр ямар ч арга байгаагүй билээ.
Амь... буцаж ирсэн амь. Дамирангийн нүднээс дусал ганцхан нулимс урсах тэр мөчид " Ээ, тэнгэр өршөө... Сахиус минь өршөө... Төрийн минь сүлд өршөө" гэж өөрийн эрхгүй дуу алдан Дамиранг тэврэн авсан Дэрэмийн бүх бие чичрэн авай.
******** ********** ***********
Таван жилийн дараа...
Дэрэм харь орноос буцан ирж эх нутагтаа хөл тавьсаар овоо хэдэн сарын нүүр үзсэн ч дорвитой хийж бүтээсэн зүйл гэж үгүй байсаар өглөө оройдоо цэнхэр дэлгэцийн өмнө суудаг хүн болж хувирав.
Эхний үед харийн гүрэнд ууж сурсан өтгөн хар кофег урдаа тавингаа мэдээ сэлт түүвэрлэн үздэг байсан бол сүүл рүүгээ хэрэгтэй хэрэггүй, болсон болоогүй бүх мэдээллийг албатай юм шиг харж суугаад цаг нөхцөөх болсон нь ганц Дэрэмийн хэрэг биш байлаа. Үеийн залуус нь хийх ажил төрөл байхгүйгээс аар саархан ажил эрхэлж олсон тав арван төгрөгөөрөө амьдрал ахуйгаа залгуулан үлгэн салган хоёр нарны хооронд гэлдрэх нь хэвийн, байдаг л нэг зүйл болж хувирсныг тэрбээр гаднаас ирсэн хүний нүдээр илүү сайн анзаарч харж байв.
Шилтэй цэнхэртэй сэмхэн ханилсаар залуу насаа арчаагүй сүгэн биеэр сольсон найз нь ч түүнд их зүйлийг ухааруулж байлаа.
Нутгийн цэнхэр уулс дүнхийж, аяс аясын салхины нь алтан үзүүр хамрын самсаа шархируулах бүр Дамиран өвгөнийг санагалзах авай...
Уулс бүхнийхээ чулууг таньдаг нутгийн хөх өвгөд цөөрчээ...
Тэр жил Дамиран өвгөнтэй хээр тааралдсан үйл явдал Дэрэмд нутгийн чулуу амины үнэтэйг ухааруулсан ажгуу.
Тэр явдлаас хойш өвгөний бие төдийлөн сайжрахгүй байсныг Дэрэм мэдэх билээ. Хүнцлээр хордсон хиймэл нуурнаас болж өвгөнд юу тохиолдсоныг бүгд л сонссон авч чухам ямар арга хэмжээ авсан нь тодорхой бус байсаар нэг мэдэхэд л гадаадын гэх тодотголтой тэр аж ахуй ор мөргүй алга болсон билээ.
Дэрэм ч хөөцөлдөж байсан виз нь гарч харийн гүрэнд хар ажил хийхээр одсон юм.
Бүгчим бүүдгэр тэнгэр дор өглөө оройг ч умартан аяга таваг, шал шавхай цэвэрлэх тэрбээр эх нутгийнхаа гүн цэнхэр тэнгэрийг сэтгэлдээ төсөөлж гүнзгий гэгч нь агаар сорж амьсгалчихаад л зүтгээд байдаг байж билээ.
Дамиран өвгөнийг бие барсан гэж сонсохдоо харийн нутгийн тэр бүгчим өмхий агаарыг бүр ихээр мэдэрсэн санагддаг авай.
Түүнд энэ тухай дуулгасан хүн "өндөр сайхан нас зооглосон буянтай буурал даа, бид тэдний ясыг ч гүйцэхгүй дэг ээ" гэж тодотгож хэлснийг сайн санадаг билээ.
Түүнээс хойш олон жил өнгөрөөгүй ч одоо тэр буурлын тухай дурсаж байгаа хүн ховор болжээ.
Дэрэм нутагтаа ирсний дараа Жаажаа чавганцыг зорин очиж золгоход эмгэн авдраа уудлан их л нандигнан баринтагласан нэгэн зүйл гаргаж ирэн духандаа хүргэн адис аваад " Өвгөн ах нь үүнийг чамд үлдээсэн юм. Өөрийнх нь нэгэн насаараа шүтэж ирсэн зүйл байгаа юм" хэмээн сүншигтэйгээр гардуулж өгсөн нь эх нутгийн дархан хил хязгаарыг алтан үсгээр соёмболон тэмдэглэж хэдэн үеэр дамжуулсан нандин шүтээн байлаа.
Адис хүртэж бөхийн байж хүлээж авсан Дэрэм уг нандин шүтээнийг хойморьтоо залж тахин шүтдэг болов.
Өвгөн буурал өөрийн үр хүүхэдгүй байснаас уг шүтээнийг нь өвлөн авснаа хувь тавилан хэмээн ухаарч сүслэн дээдлэх болсон билээ.
... Өдөр тутам зурагтын өмнө суугаад дадсан үйлдлээ хийх Дэрэмд нэгэн мэдээ зүрх часхийлгэж, сэтгэл сэрхийлгэм сонсогдох нь тэр.
" Хилийн цэргийг татан буулгаж, хилийн цагдаатай болно" гэж тов тодорхой уншихад ухасхийн бослоо.
" Арай ч хэтэрнэ ээ. Энэ юу болж байна!!! Би харийн гүрэнд аяга шанага угааж явсан ч харин одоо бол эх орондоо байна. Эх орны хүү, эр цэрэг нь байна. Нэг өдөр ч хил манаж хээр хонож үзээгүй билээ. Гэвч үе үеийн дархан хилчдийн ар тал байсаар ирсэн эрэлхэг зоригт хөх өвгөдийн үр удам байна" Дэрэм ийнхүү бодохын сацуу өвгөн буурлын өвлүүлж үлдээсэн нандин шүтээнийг алгандаа дээдэлж духандаа наан адис авлаа. Түүний алганаас хөлс асгарч, зүрхнээс нь уур хилэн сад тавин байв. Энэ үед 
" Эх нутгийнхаа ширхэг чулууг ч хөндүүлэхгүй. Хэдэн жилийн өмнө ойн цагдааг хонтоорт суулгаж хомпүүтэр гэдэг юмаар ажлыг нь хийлгээд ар хударгаар нь ургаа моддыг тасар цавчиж, уул уулаар нь эрдэнэсийг минь зөөсөн нь багадаад одоо дархан хил хязгаараар минь оролдоно гэнэ ээ. Тэгэх бий вий та нар. Битгий горьд. Санасны чинь гарз" гэж Дамиран өвгөн хэлэх мэт түүнд бодогдоно.
"Улсын хилийн онцгой дархан бүсийг багасгаж, тодорхой хязгаарт оруулж байгаад алт эрдэнэсийг нь цөлмөх бузар муу арга сэдсэн хэнбугай ч байсан өршөөхгүй. Нутгийн цэнхэр уулсын минь ширхэг чулуу амины үнэтэй. Харь нутагт хэл буруутны шавхайг цэвэрлэж явахдаа ч би эх нутаг, элгэн түмнийхээ төлөө, үр удмынхаа төлөө, өвөг дээдсийнхээ төлөө хөлсөө дуслуулж явсан юм. Одоо би эх орондоо ирсэн байна. Миний нутгийн ширхэг чулуунд ч бүү санаарх "
Сэтгэлээс нь гадагшлах эдгээр үгс идэр залуугийн нүдийг очтуулж хилэнгийн манангаар дүүргэх авай....

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!