Ерөнхий сайд аа, ЖДҮ-чдээ чирсээр л байх уу

🕔 2019/08/02 11:57

Эрх баригч намын дарга, эрхэм Ерөнхий сайд ирэх оны сонгуульд хэнд, хэрхэн нэр дэвших эрх өгөх бол. Энэ удаагийн парламентад байгаа олонд танигдсан хүмүүсээ "сойх уу”. Эсвэл иргэдээс ахиухан санал авахын тулд 60 тэрбум бус өндөр босго тавьж хууччуулаа арын фронтод албан тушаал горлигчоор үлдээх үү.

Одоогийн УИХ-ын 12, Засгийн газрын 2, өндөр албан тушаалтай 10 гаруй хүн ЖДҮ-ийг дэмжих сангаас бага хүүтэй, их хэмжээний зээл авсан нь жил гаруйн өмнө ил болсон. Гэвч өндөр албан тушаалтай хуруу дахам цөөн хүн ажлаа өгч, зарим нь авснаасаа ч их хөрөнгөтэй гэдгээ гайхуулан шууд буцаан төлсөн. Тэгсхийгээд л нам жим болгож, хав дарсан.

Түүнээс хойш ЖДҮ-гийн төсөл шалгаруулалт зэргийн журмыг өөрчилснөөр олон нийтэд ил тод болгосон. Өнгөрөгч 5 сарын 27-ны өдрөөс зургадугаар сарын 10-ныг хүртэл иргэн аж ахуйн нэгж байгууллагаас төсөл хүлээн авсан. Нийт 2752 иргэн хамрагдаж, нийт 487 тэрбумын төслийг Улаанбаатар хот болон орон нутгаас хүссэн байдаг. Сонгон шалгаруулах журмын хүрээнд 300.0 сая төгрөгнөөс дээш 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХСанд судлагдсанаас 47 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцсэн. Тэдгээрээс эхний ээлжинд банкаар дамжуулан санхүүжигдэх, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 аж ахуйн нэгжийн 13.2 тэрбум төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болоод байгаа.

Харьцуулалт нь ердөө л энэ. Жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийн хувьд энэ сангаас зээл авч, төслөө хөл дээр нь тогтвортой болгоно гэдэг давашгүй давааны нэг. Харин УИХ болон Засгийн газрын гишүүн, албан тушаалтнуудад бол гарын үсэг зураад л болчихдог асуудал. Харин тэрхүү гарын үсгийг зурах эрхийг МАН-ын өмнөх дарга нар олгосон. Гэхдээ одоогийн Ерөнхий сайд давуу эрхийг нь хязгаарлах байтугай хариуцлага тооцох эрхээ атгачихсан хэрнээ хуулийн элдэв цоорхой ашигласаар өнөөдрийг хүргэж, хэдэн гишүүнээ хаацайлсан.

Тэгвэл ирэх жил яах вэ. ЖДҮ-гийн дуулиан дөнгөж эхэлмэгц У.Хүрэлсүхийн толгойлсон засаг ганхсан. Мэдээж ганхуулсан тал ч алдаа, дутагдал ихтэй учраас амаа үдүүлсэн биз. 2020 онд бол МАН-ынхан биесээ мэрж ЖДҮ-гээр наадаж байх зуурт АН-ынхан ахиухан суудал авч чадахаар хэмжээнд хүрсэн. Үүнийг улстөрийн хүрээнийхэн ч ярьдаг. Тэгэхээр Ерөнхий сайд ЖДҮ-чдээ чирсээр сонгуульдаа орох уу. Тэднээс цэвэрхэн салаад, дахин олуулаа болж, парламентад үлдэх үү. ЖДҮ-чиддээ цагт нь хариуцлага тооцоогүйн балаг жил хүрэхгүй хугацааны дараа гарах л байх даа.

Р.Саруул

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!