Ядуу буурай улсуудын дипломат албыг хар тамхины бүлэг “олзолдог”

🕔 2019/06/18 12:22

ГХ-ны сайдын ачаар хар тамхины хэргүүд илэрч байгаа мэтээр "далийж” эхлэв

Дипломатууд хар тамхины хэрэгт холбогдсон дуулиан гол асуудлаасаа хазайж, улс төрийн өнцөг рүү орчихлоо. Монголын төр хар тамхи түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцож байгаагаас өөрцгүй ойлголт төрүүлсэн энэ хэрэг анхны тохиолдол биш байсан нь харамсалтай. Хууль бус тамхины наймааны 20 гаруй хэрэг гарч, тэр тоолонд Монгол Улсын нэр төр шаварт хутгалдсаар байв. Гэвч тухай бүрт нь ГХЯ-аас хариуцлага тооцох, дахин гаргуулахгүй байх арга хэмжээ авахын оронд нуун дарагдуулсаар ирсэн нь өнөөдрийн 70 кг героин хүртлээ өндрөө авах нэг шалтгаан болсон. Гэхдээ энэ удаад монголчууд улсаа төлөөлж яваа дипломатуудаа гэмт хэрэгт холбогдсоныг Германы хэвлэлээс мэдэж авлаа. Хариуд нь ГХ-ны сайд мэдээлэл хийж, УИХ-д сонсгол танилцуулах хэмжээнд яригдлаа.

Түүний ам нээсэн анхны баримтууд хачирхалтай зүйл ихтэй. Гадаад харилцааны сайдын сайн ажилласны хүчинд далд байсан хар тамхины наймааны хэргүүд илэрч байгаа мэтээр "далийж” эхлэв. Яг үүний өмнөхөн Эрүүл мэндийн сайдын эрчимтэй ажлын үр дүнд сүрьеэг олноор нь илрүүлсэн тухай магтаж, энэ эрчээрээ тэмбүүг нээж илрүүлээд, түүнтэй тэмцэхээр зориглон орлоо гэх мэтээр хөвөрсөн.
Харин ГХ-ны сайдын хувьд дипломатуудын орооцолдсон энэ наймааны ард байх хязгааргүй эрх мэдэл, хэмжээлшгүй их мөнгийг сөрж, ганцаархнаа эр зориг, тэвчээр зааж зүтгэсээр системийн өөрчлөлт хийж чадсан гэв. 2009 оноос эхэлж дипломат албанд томилогдогсдыг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдвол хууль бус наймаанд хамаарах мөнгөн дүнгээр Монгол Улсдаа төлбөр төлөх хатуу нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зуруулдаг болсон байна. Тэгэхээр энэ гэрээ ёсоор "Истанбулын хоёр” Германы хуулиар шүүгдэхээс гадна, 70 кг героины үнэ болох гурван сая еврог эх орныхоо нэрийг хугалс - ны нөхөн төлбөр болгож төлөх ёстой аж. "Энэ чинь ганц Монголын биш дэлхийг хамарсан сүлжээ болчихоод байна гэдгийг бодоорой. Би огцрохгүй гэж айсандаа яриад байгаа юм биш. Үүний эсрэг юу хийсэн, ямар арга хэмжээ авснаа л хэлж байна” гэж сайд тайлбарласан байдаг. Сайдын "буянаар” дэлхий дахинаа шившгээ дэлгэсэн Монголын нэр хүнд "цайрах” юм байна л даа.
Хар тамхины наймаа бол дэлхийг хамарсан сүлжээ мөн. Тэд дипломат шугамаар бүтээгдэхүүнээ тээвэрлэхийг чухалчилдаг. Хамгийн аюулгүй, эрсдэлгүй "ногоон гэрэл” бол улсуудын хооронд бүрэн эрхтэйгээр, шалгалт нэгжлэггүй нэвтэрч чаддаг дипломат албаныхан аж. Гэхдээ ядуу буурай орнуудыг онилж, төлөөлөгчийн газрынх нь ажилчдын холбоо сүлбээ, ар гэрийг нь хүртэл бүрэн дүүрэн судалсны дараа тээвэрлэх санал тавьж, ажиллагаандаа оролцуулдаг гэнэ. Истанбулын хоёрын тухайд ч нэгийнх нь гэр бүлд нь хүнд зовлон тохиосон үедээ хар тамхи тээвэрлэх саналд шийдсэн хариу өгч, оролцсон байх магадлалтайг хүрээнийхэн нь ярьж байна. Гэр бүлийнх нь хэн нэгэн өвдөж, олон сая ам.долларын зардалтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсныг гэмт хэргийн сүлжээнийхэн мэдэж, "олзолсон” талаар шивнэцгээж байна.
Улсын хөгжил буурай, улстөрчид нь авлигад автсан орнуудын дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнуудыг хар тамхины наймаанд татан оролцуулсан тохиолдол зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй. Африк, Ази, Өмнөд Америкийн зарим улсын дипломатууд тамхины хэрэгт холбогдсон тохиолдол бий. Хамгийн "алдартай” наймаачид нь Хойд Солонгосын дипломатууд аж. Дэлхийн түүхэнд дипломатуудын үйлдсэн хамгийн ноцтой 10 гэмт хэргийн жагсаалтад Хойд Солонгосын хар тамхины гэмт хэрэг бичигддэг. 2014 онд АНУ-д гаргасан судалгаагаар сүүлийн 20 жилийн дотор БНАСАУ-ын дипломат ажилтнууд хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл зөөвөрлөсөн, наймаалсан гэмт хэргийн 50 тохиолдол гарсныг дурджээ.
• Ядуу буурай орнуудыг онилж, төлөөлөгчийн газрынх нь ажилчдын холбоо сүлбээ, ар гэрийг нь хүртэл бүрэн дүүрэн судалсны дараа тээвэрлэх санал тавьж, ажиллагаандаа оролцуулдаг гэнэ.
• Гэрээ ёсоор "Истанбулын хоёр” 70 кг героины үнэ болох гурван сая еврог эх орныхоо нэрийг хугалсны нөхөн төлбөр болгож төлөх ёстой аж.
• Улсын хөгжил буурай, улстөрчид нь авлигад автсан орнуудын дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнуудыг хар тамхины наймаанд татан оролцуулсан тохиолдол зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй.
Бүр 1976 онд "хойдууд” 2.5 сая янжуур тамхи импортлохыг завдсан хэргээс нь үүдэн Дани улс дахь Хойд Солонгосын дипломат төлөөлөгчийн газрыг хааж байв. Түүнчлэн Болгарт баригдсан Хойд Солонгосын хоёр дипломатч 621 мянган ширхэг сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг Арабын орнуудад худалдах зорилготой байв. Үүгээр зогсохгүй тус бүр 20 кг боодолтой нийт 200 кг героиныг Зүүн Европын орнуудад борлуулахаар тээвэрлэж яваад саатуулагдсан хоёр дипломатын нэг нь улсынхаа эрх ашгийн төлөө хар тамхины наймаа хийх гэж байснаа хүлээсэн гэж АНУ-д мэдээлж байв. Тэднийг дөрөвдүгээр сарын 15 буюу их удирдагч Ким Ир Сений төрсөн өдрөөс өмнө зарж дуусган, мөнгө явуулах тушаал өгсөн тухай америкчууд үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл тохуурхан бичиж байжээ.
Төрийн итгэмжлэл өвөрлөж, томилогдсон улсынхаа хуульд нийцүүлэн ажиллаж, амьдрах ёстой дипломатууд нь хүнд гэмт хэргийн холбогдогч болчихоор ингэж тохуурхах нь ч аргагүй. Үүнтэй адил анхны тохиолдолд нь таслан зогсоолгүй, гэмт хэрэгтнүүдээ хаацайлан, татаж авсан даруйдаа суллаж чаддаг Монгол Улсын төрийн институцуудын үйл ажиллагаа нь дэлхийн чихнээ шившгээ дэлгэж, гэмт бүлэглэлд олз болохоос яалтай.
Нэг үхрийн эвэр хугарвал мянган үхрийн эвэр доргино гэдэг. 70 жилийн турш 500 гаруй мэргэжлийн дипломатчдийг төрүүлсэн Монгол Улсын Гадаад харилцааны яам, түүнд харьяалагдах бүх албан хаагчийг "хар тамхины наймаачин” болгон харагдуулах хандлага нийгэмд давамгайлж байна. Дипломат протоколд заасныг ёсчлон мөрдөж, үйл хөдлөл, харцаа хүртэл хянаж, гадаад ертөнцөд "нэг амаар” ярьж чаддаг, төрийн элч, чадварлаг дипломатчдын сайн туршлага олон нийтэд бүү хэл ГХЯ-нд мартагдсан гэлтэй.
Гадагшаа харсан Засгийн газар гэж ойлгогддог гадаад харилцааны дипломат ажилтнуудын томилогдох босго, улс төрийн эрх мэдэлтнүүдийн хэтэвчээр хэмжигддэг болсоор удлаа. Эрх баригч намын лидерүүдийн хүслийг гүйцээж, хүнийг нь илгээж амжаагүй байхад хоёрдугаар ээлжийн хачирхалтай томилгоонуудыг хийж буй увайгүй үзэгдлээ одоо зогсоогооч. Дүүгээ, хүүгээ, хамаатан саднаа элч болгон томилуулахаар улайрч байгаа шигээ дипломат албыг цэвэрлэж, төрийн өндөр босгыг дахин батжуулахад анхаараач.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!