Элчин сайдад нэр дэвшээд хоёр удаа бүдэрсэн Н.Чимгүүндарь Нью-Йоркт томилогдлоо

🕔 2019/06/11 12:42

Дипломатууд нь хар тамхины хэргээр саатуулагдсан гээд нэлээд хэл амны бай болоод байгаа Гадаад харилцааны яамны дипломат томилгоонууд олны анхаарлын төвд байгаа. Хамгийн сүүлд тус яамны хийсэн томилгоонуудаас бас нэгэн сонирхол татахуйц нь АНУ-ын Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр томилогдсон Н.Чимгүүндарийн томилгоо юм. Өдгөө Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд гэсэн албан тушаалтай байгаа Н.Чимгүүндарь нь өмнө нь хоёр ч удаа Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж байсан. Гэсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга Итгэмжлэх жуух бичиг гардуулаагүйгээс Элчин сайдаар томилогдож чадаагүй билээ. Тодруулбал тэрбээр Канад улсад суух Онц бөгөөл Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон ч Ерөнхийлөгч Х.Баттулга Итгэмжлэх жуух бичиг олгоогүй билээ. Дараа нь Тайландын Вант Улсад суух Элчин сайдаар нэр дэвшсэн ч мөн л Ерөнхийлөгч татгалзсан юм. Н.Чимгүүндарийн хувьд дипломат албанд 11 жил ажилласан туршлагатай. Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль, Францын үндэсний удирдлагын их сургууль, Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцаа, дипломат албаны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, олон улсын харилцааны магистр, "Тэргүүн итгэмжит” дипломат цолтой. Англи, франц, орос хэлтэй мэргэжлийн дипломатч билээ.

С.Балдан-Очир

Эх сурвалж: 24tsag.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!