Хар тамхины хэрэгт холбогдсон Солонгос эрийн хэрэг шүүхэд шилжлээ
Таны харж байгаа энэ эрийг Ким Ён Жү гэдэг. Монгол улсад ажлын бус аяллын визтэй бөгөөд тамхи хадгалж байгаад цагдаад саатуулагдаж байсан юм. Өдгөө түүний хэрэг шүүхэд шилжээд байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт түр оршин суугч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Жү нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабилын агууламжтай савлагааны хамт 159 грамм "Каннабис” хадгалж байсныг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хэргийг Нийслэлийн Прокурорын Газрын хяналтан дор эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах үйл ажиллагааг хийж дуусан яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Жүд Эрүүгийн хуулийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд одоогоор хурлын тов гараагүй байгаа юм. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэх юм нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм. Улмаар ял эдэлсний дараагаар Монгои улсаас албадан гаргах юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хар тамхины хэрэгт холбогдсонСолонгос улсын иргэн Ким Ён Жү гэгч нь Монгол улсад аяллын визтэй амьдарч байгаа аж. Түүний хувьд гоо сайхны барааг цахим орчинд худалдаалан ашиг олдог байна. Ингэхдээ тэрбээр татварт мөнгө төлдөггүй, түүний зарж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн чанарын шаардлага хангасан эсэх МХЕГ-ын бичиг огт байдаггүй нь эрсдэл дагуулж байгаа юм. Хэрвээ бизнес эрхлэн ашиг олж л байгаа бол татвар төлөх ёстой байдаг. Гэтэл өнөөдөр татварт мөнгө төлдөггүй болох нь ебаримт олгодоггүй байдлаас нь харж болно. Өөрөөр хэлбэл аяллын визтэй хүн бизнес эрхэлж байгаа нь Монгол улсаас албадан гаргах үндэслэл бөгөөд гэмт хэрэгт холбогдсон тул ГИХГ-аас хэргийг хэрхэн шийдвэрлэх эсэхийг харгалзан Монгол улсаас албадан гаргах юм байна.
Эх сурвалж: dorgio.mn