Дулдуйтын Равжаа дуулж явсан нутаг луйварчдын өгөөш болж буй юм биш биз

🕔 2019/04/23 14:06

 

Дулдуйтын Данзанравжаагийн "Үлэмжийн чанар”-аа дуулж, "Саран хөхөөний намтар”-аа дэглэж асан, монголчуудын түүх, соёл, шашны хосгүй өв, тайлж дуусаагүй нууцыг тээдэг Хамарын хийд, энергийн төвийн хажууханд уурхайн кэмп байгуулж, орон нутгийн тусгай хамгаалалттай газраас ашигт малтмал олборлоно хэмээн бужигнуулсан компани, тэдний эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн эргэн тойрон дахь ээдрээ, эргэлзээтэй үйл явдлын талаар манай сонин цуврал сурвалжилга бэлтгэн хүргэж буй. Мэдээлэл цуглуулж, тусгай зөвшөөрлийн "туулсан” урт замаар мөшгөх тусам эргэлзээтэй, сэжиг, хар төрүүлэм дүр зураг тодорч буй талаар бид тухай бүрт нь мэдээлж байгаа билээ.

Тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр тус компанийн эзэмшиж байсан Хашаатын говь, Хаалга уул, Хар тал нэршилтэй гурван тусгай зөвшөөрлийг 2009 онд Ашигт малтмалын газар (хуучин нэрээр) цуцалсан. 2012 оны хавар тус компаниас Хашаатын говь, Хаалга уулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан бөгөөд тухайн үед бүх шатны шүүх "Ашигт малтмалын газрын шийдвэр хууль ёсных, үүнийг хүчингүй болгох боломжгүй” хэмээн алх цохисон байдаг. Гэтэл Хар тал (Хамарын хийд орчмын) тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын шийдвэр хууль зөрчсөн гэж үзэн, тусгай зөвшөөрлийг сэргээх шийдвэрийг 2017 онд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл гаргасан нь гайхаш төрүүлж буй.

Яг адилхан нөхцөлд, ижил үндэслэлээр цуцалсан гурван тусгай зөвшөөрлийн хоёрыг нь анхан шатнаас Дээд шүүх хүртэлх бүх шатны шүүх "Сэргээх боломжгүй” гэсэн байхад үүнээс таван жилийн дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүх 180 хэм эргэсэн шийдвэр гаргаж, Хар талын тусгай зөвшөөрлийг сэргээсний цаана юу нуугдаж байна вэ. 2012 оны бүх шатны шүүхийн шийдвэр, үүнээс таван жилийн дараах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хоёрын хооронд ямар нэг зөрчил, учир зүйн алдаа, эргэлзээ төрүүлэх зүйл байна уу гэдгийг харахын тулд нэхэмжлэгч "Оуяашиёоу” компанийн гаргасан гомдол, хариуцагч Ашигт малтмалын газрын ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг үнэлж, дүгнэсэн шүүхийн шийдвэрүүдийг харьцуулж үзэх хэрэгтэй болно. "Ашигт малтмалын газрын шийдвэр хууль ёсных, түүнийг хүчингүй болгох боломжгүй” гэсэн гурван шатны шүүхийн шийдвэр, үүний яг эсрэг буюу Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрлийг сэргээсэн нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бидэнд байна. Анхааралтай уншиж, харьцуулаад дүгнэлтээ хийгээрэй.

ХАШААТЫН ГОВЬ, ХААЛГА УУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ СЭРГЭЭХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ГУРВАН ШАТНЫ ШҮҮХ ҮЗЭВ

2009.12.04. "Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр "Оуяашиёоу” ХХК-ийн эзэмшиж байсан 12922А, 12925А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 1055 тоот шийдвэр гарчээ.

2012.05.09. Дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий "Оуяашиёоу” компанийн нэхэмжлэлтэй хэргийг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн, шийдвэрлэв. Компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт "Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг, Хашаатын говь нэртэй газарт 12922А, Улаанбадрах сумын нутаг Хаалга уул нэртэй газарт 12925А дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшиж байсан. Компанийн захирал 2009 оны хоёрдугаар сараас гурван жилийн турш хүндээр өвчилж, эмчилгээ хийлгэсэн бөгөөд энэ хугацаанд өөрийн биеэр ирж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломж байгаагүй. Өвчний улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж амжаагүй талаар Ашигт малтмалын газарт хандахад "Танай гомдлыг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгсөн” гэжээ.

Ингээд "Оуяашиёоу” компани "1. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс манай компанийн эзэмшиж байсан 12922А, 12925А дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлэхгүйгээр цуцалсан байна. Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзсэн бол Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасны дагуу мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчсөн. 2. Өвчтэй байсан нь Татварын ерөнхий хуулийн 4.1.8.б-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаан мөн” гэсэн хоёр үндэслэлээр Ашигт малтмалын газрын шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлүүдийг сэргээхээр нэхэмжилсэн байна.

Уг хэргийн хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс гаргасан хариу тайлбарт "Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан, үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж заасан. Энэ заалтаар татвар төлөгч хуулийн этгээд нь "Оуяашиёоу” компани. Тиймээс тус байгууллагын захирал эмчлүүлснийг "Оуяашиёоу” компанид хамааруулж ойлгох хууль зүйн үндэслэл байхгүй. "Оуяашиёоу” компани өөрийн эзэмшиж байсан 12922А, 12925А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн жилийн ээлжит төлбөрөө 2009 оны арванэгдүгээр сарын 8-ны дотор төлөх ёстой байсан ч төлөөгүй нь тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг дэх баримтаар тогтоогдож байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.4 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг "Оуяашиёоу” компанийн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй албан ёсны хаягаар, 6-6236 тоот албан бичгээр 2009 оны арваннэгдүгээр сарын 13-нд мэдэгдсэн” гэжээ.

Уг маргааныг хянан, хэлэлцсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх "Оуяашиёоу” компани өөрийн эзэмшил дэх 12922А, 12925А дугаартай тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг тусгай зөвшөөрлийг анх олгосон огноогоор тооцон, 2009 оны арваннэгдүгээр сарын 8-наас өмнө төлөх ёстой байжээ. Гэтэл "Оуяашиёоу” тусгай зөвшөөрлийн 2009, 2010, 2011 оны төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн "Тус компанийн захирал хүндээр өвдсөн тул тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй байсан” гэх тайлбараар тогтоогдлоо. Нэхэмжлэгч тал "Оуяашиёоу” компанийн анхны хөрөнгө оруулагч У Сэн Чиан (Wu Sen Qiang) тус компанийн үйл ажиллагааг удирдан явуулж байх үедээ буюу 2009 оны хоёрдугаар сараас гурван жил орчим хүндээр өвчилсөн тул өөрийн биеэр ирж тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй байсан. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх ёстой” хэмээн тайлбарлаж, өвчтэй байсныг нь нотлохоор БНХАУ-ын Ард түмний зэвсэгт хүчний ерөнхий эмнэлгийн гэх "У Сэн Чиан нь 2009 оны нэгдүгээр сарын 10-наас 2010 оны наймдугаар сарын 6-ныг хүртэл нийт 573 өдөр эмчлүүлсэн” гэсэн бичгийг шүүхэд гаргасан. Үүнийг үндэслэн дээрх тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхээ сэргээлгэхийг хүссэн. Гэтэл У Сэн Чиан нь Монгол Улсын хилийн Буян-Ухаа боомтоор 2009 оны гуравдугаар сарын 18-нд орж, 21-нд гарсан, тухайн оны тавдугаар сарын 28-нд орж, 31-нд гарсан болох нь түүний G2I5I8555 дугаарын паспортын тэмдэглэгээгээр тогтоогдож байна. Эндээс үзвэл тэр Монгол Улсад орж ирсэн хугацаандаа 2009 оны төлбөрийг урьдчилан төлөх боломжтой байсан нь тогтоогдож буйгаас гадна түүний 2009 оны хоёрдугаар сараас хүнд өвчнөөр 573 өдрийн турш өвчилж, тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг төлөх боломжгүй, хүндэтгэн үзэх нөхцөлд байсан гэдэг нь нотлогдоогүй учир энэ тайлбар үндэслэлгүй байна.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс тус компанийн эзэмшилд байсан 12922А, 12925А дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2009 оны арваннэгдүгээр сарын 13-нд 6-6236 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч уг бичиг "Хаяг тодорхойгүй, ийм газар байхгүй” гэсэн "Монгол шуудан” компанийн тэмдэглэгээтэйгээр "Оуяашиёоу” компанид хүргэгдээгүй буцсан болох нь Ашигт малтмалын газрын шуудангийн бүртгэлийн дэвтрээр нотлогдож байна. Хүргүүлсэн мэдэгдлийг нэхэмжлэгч "Оуяашиёоу” компани гардан аваагүй боловч, хариуцагч уг мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн нь тогтоогдож байх учир Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийг дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж шууд буруутгах боломжгүй. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, мөн зүйлийн 56.4 дэх хэсэгт "төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж, үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, эдгээр шийдвэрийг эзэмшигчид мэдэгдэнэ” гэж заасан байна. Хуулийн эдгээр заалтын агуулга нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасан хугацаанд нь төлсөн бол түүнийгээ нотлох боломж олгосон харилцааг зохицуулсан болохоос мэдэгдэл хүргүүлж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлүүлэх гэсэн ойлголтыг агуулаагүй юм. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн нь компанийн өөрийн нь буруутай үйл ажиллагаа байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзлээ.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны арванхоёрдугаар сарын 4-ний 1055 дугаар шийдвэрийн "Оуяашиёоу” компанид холбогдох хэсэг нь хуульд нийцэж буй бөгөөд нэхэмжлэгч "Оуяашиёоу” компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв” гэжээ.

2012.07.08. "Оуяашиёоу” компани Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдахдаа "Төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээ хүлээн зовшөөрч, хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотолсон байхад...” хэмээн гомдол мэдүүлсэн байдаг.

Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх "Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Төрийн захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлсэн нөхцөлд "Нэхэмжлэгч компани хаяг дээрээ байхгүй, хаяг өөрчлөгдсөн” гэсэн хариуцагчид хамааралгүй нөхцөлөөр түүнийг буруутгах боломжгүй. Энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэхээргүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, мэдэгдэл хүргэлгүйгээр цуцалсан гэсэн нэхэмжлэгийн тайлбар, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигч "Оуяашиёоу” компани 12925А, 12922А тусгай зөвшөөрлийн 2009, 2010, 2011 оны ээлжит жилийн төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилго бүхий төлбөрийг гурван жилийн турш төлөлгүй, хуульд заасан үүргээ зөрчиж, тусгай зөвшөөрлийн эрхээ хадгалж чадаагүй этгээдийг "2009 онд мэдэгдэл хүрээгүйгээс хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна” гэж зөвтгөх боломжгүй юм” гэжээ. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

2012.10.01. "Оуяашиёоу” компани Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчдэд хандсан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад "Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй” хэмээн хэргийг эцэслэж байв.

ХАМАРЫН ХИЙД ОРЧМЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ СЭРГЭЭСЭН ХУУДУУТАЙ ШИЙДВЭР

2009.08.03. "Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн зөрчсөн” гэсэн үндэслэлээр "Оуяашиёоу” ХХК-ийн эзэмшиж байсан 12923А дугаартай Хар тал (Хамарын хийд орчмын) тусгай зөвшөөрлийг цуцлах Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 516 тоот шийдвэр гарчээ.

2017.09.18. Дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий "Оуяашиёоу” компанийн нэхэмжлэлтэй хэргийг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн, шийдвэрлэв. Компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "Хар тал нэртэй газарт 12923А тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс (хуучин нэрээр)-ийн даргын 2007 оны арваннэгдүгээр сарын 8-ны шийдвэрээр эзэмшиж байсан болно. (Хамарын хийд орчмын Хар тал нэршилтэй 25 301 га талбайд ашигт малтмалын хайгуул хийх 12618Х тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн төв (хуучин нэрээр)-ийн даргын шийдвэрээр 2007 оны наймдугаар сарын 3-нд авсныг тэд "мартсан” бололтой).

"Оуяашиёоу” компани нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль ёсны дагуу эзэмшиж, ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухайн жил бүр хуульд заасны дагуу төлж байсан. (Өмнөх хоёр тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй гэдгээ хүрээн зөвшөөрч, 2009-2011 он хүртэлх хугацаанд төлөх ямар ч боломжгүй хүндэтгэх шалтгаантай байсан гэдгээ нотлохоор 2012 онд бүх шатны шүүх хурлын явцад оролдож байснаа бас мартжээ)

Гэтэл Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны наймдугаар сарын 3-ны 516 дугаар шийдвэрээр 12923А тусгай зөвшөөрлийг "Төлбөр төлөөгүй” гэх үндэслэлээр цуцалжээ. Уг шийдвэрийг манай компанид албан ёсоор мэдэгдэж, танилцуулсан зүйл байхгүй бөгөөд бид 2017 оны хоёрдугаар сарын 20-нд Ашигт малтмалын газарт очиж, Кадастрын хэлтсийн мэргэжилтнээс асууж лавласнаар энэ шийдвэртэй танилцсан болно. (Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.2-т "Дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг жил бүрийн есдүгээр сард багтаан батлагдсан маягтын дагуу”, мөн хуулийн 48.6.3-т "Тухайн жилийн үйл ажиллагааны тайлан, маркшейдерийн хэмжилтээр тогтоогдож батлагдсан уулын ажлын үндсэн үзүүлэлт болон график зургийг дараа оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасан. Тухайн аж ахуйн нэгж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан бол хамгийн муугаар бодоход 2010 оны хоёр болон есдүгээр сард эзэмшилдээ байсан тусгай зөвшөөрлөө цуцлагдсаныг мэдэх боломжтой байсан. Үүнээс гадна "Оуяашиёоу” компанийг үүсгэн байгуулагч У Сэн Чиан 2011 оны дөрөвдүгээр сарын 11-нд У Зэн Лон (Wu Zhenlong)-д компаниа шилжүүлсэн. Ингэхдээ эзэмшилдээ байсан тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй байдлыг хянаж үзэхгүйгээр эдгээр хөрөнгийн эрхээ бусдад шилжүүлэх боломжгүй. Мөн тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг ч жил бүр төлөх ёстой. Тиймээс тусгай зөвшөөрлүүдийг цуцлагдсаныг мэдээгүй ийм удаан хугацаанд явсан гэдэгт хэн ч итгэх аргагүй худал юм. Энэ талаар 2012 оны шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан байдаг)

Маргаан бүхий акттай албан ёсоор танилцахад төрийн захиргааны байгууллага нь дараах хууль тогтоомжид нийцээгүй үйл ажиллагаа явуулж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийн талаар мэдэгдэлгүйгээр цуцалсан нь буруу. Улмаар тусгай зөвшөөрөл цуцалсан тухай шийдвэрээ ч эзэмшигчид огт мэдэгдээгүй нь хариуцагч төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд үл нийцсэн болохыг харуулна. Тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл байгаагүй болохыг нотлох боломжийг манай компанид олгоогүй шууд цуцлах шийдвэр гаргасан нь илт хууль бус болсон.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд Захиргааны байгууллага ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрээ манай компанид гардуулах, хүргүүлэх зэргээр ямар нэгэн байдлаар огт мэдэгдээгүй бөгөөд 2009 оны цуцалсан шийдвэртэй холбогдох маргаан өнөөдөр гарч байгаа нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон” гэжээ.

Хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир шүүхэд гаргасан хариу тайлбартаа "Хар тал нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын 12618Х дугаартай тусгай зөвшөөрлийг АОЛК компанид 2007 оны тавдугаар сарын 3-нд олгосон байна. АОЛК компаниас тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэний дагуу 2007 оны арваннэгдүгээр сарын 8-ны шийдвэрээр 12923А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Мөн АОЛК компаниас гаргасан хүсэлтийн дагуу тухайн оны арваннэгдүгээр сарын 15-нд уг тусгай зөвшөөрлийг "Оуяашиёоу” компанийн нэр дээр шилжүүлсэн. "Оуяашиёоу” 12923А дугаартай тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг 2009 онд төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд энэ нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр юм. 2009 оны наймдугаар сарын 13-ны 6-3332 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг "Оуяашиёоу” компанид явуулсан. Энэхүү мэдэгдлийг 12923А дугаартай тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа гаргаж өгсөн бичиг баримтад заасан "Оуяашиёоу” компанийн албан ёсны хаягаар хүргүүлсэн боловч "Тухайн хаягт ийм компани байхгүй” гэсэн тул шуудангаар буцаагдсан байсан. Нэхэмжлэгч шүүхэд мөн дээрх хаягаар нэхэмжлэлээ гаргасан байна. Иймд хариуцагч захиргааны байгууллага хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс 2009 оны наймдугаар сарын 3-ны захиргааны актыг хүчингүй болгуулахаар 2017 онд шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ. (Хоёр тусгай зөвшөөрөл сэргээх тухай дээрх маргаанд энэ тухай яригдаж, гурван шатны шүүх хэрхэн шийдсэнийг санаарай)

Уг маргааныг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны наймдугаар сарын 3-ны 516 дугаар шийдвэр илт хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хэмээн үзжээ.

Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2-т "Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэснийг биелүүлээгүй, мөн хуулийн зүйлийн 56.3-т "Энэ хуулийн 56.1.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” хэмээн заасан ажиллагааг явуулах боломж олгоогүйг гол үндэслэл болгосон байна.

Харин хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамирын гаргасан тайлбар болон "Оуяашиёоу” компани тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй хууль зөрчсөн, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан зэрэг нөхцөл байдлыг огтхон ч үнэлж, авч үзээгүй байна. Яг адилхан нөхцөл байдалтай хоёр хэргийг шийдвэрлэсэн 2012 болон 2017 оны шүүхийн шийдвэр тэнгэр, газар шиг ялгаатай байгаа нь юуных вэ. Шүүгчид хуульд захирагдаж бус дур зоргоороо авирлаж, үзэмжээрээ шийдвэр гаргадгийн бодит жишээ энэ биш үү.

Х.Уянга

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!