ДУНДГОВИЙН НУТАГ ДАХЬ ДАХИН НЭГ УУРХАЙД ХЯТАД ЭЗДИЙН МАРГААН ДЭГДЭВ

🕔 2019/03/26 19:14
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Чинхаш” компани 2014 оноос  төмрийн хүдэр олборлож эхэлжээ. "Чинхаш”  компанийн захирлаар хятад улсын иргэн Дуан Зин Жу гэх хүн бүртгүүлэн Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.   Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Хятадууд 2042 он хүртэл авчээ. Гэвч энэ компани Монгол улсын хуулийг үл хүндэтгэн татвар төлөхөөс зайлсхийж эхэлжээ.  Мөн нийслэлийн Баянгол дүүргийн татварын хэлтэст 247сая 601 мянга 496 төгрөгийн өртэй байна.  Татварын  байгууллагаас Монгол Улсын хуулийг биелүүлж татвараа төлөх шаардлага хүргүүлэхэд төлөхгүй гэж хууль шүүхийн байгууллагад ханддаг байна. Энэ бүхнийг одоо баримтаар өгүүлье.
Баримт-1
Дундговь аймгийн татварын хэлтсээс "Чинхаш”  компанид татварын өрөө төлөх бичгийг 2019 оны 02 сарын 01-нд хүргүүлжээ. Уг албан бичигт танай компани нь татварын өрийг бууруулахаар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шүүх, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны шүүхэд хандсан боловч, татварын өрийг хэвээр төлүүлэхээр шат шатны шүүх шийдвэрээ гаргасан. Иймд заасан хугацаанд татвараа төлөхийг шаарджээ.
"Чинхаш”  Компани Улаанбаатар хот дах оффис нь Баянгол дүүрэгт байдаг. Тиймээс Баянгол дүүргийн таварын хэлтэст  Нийгмийн даатгал болон хүн амын орлогын албан татвар зэрэгцээ төлдөг. Бид сурвалжилга бэлтгэх явцдаа Баянгол дүүргийн татварын хэлтэс болон татварын ерөнхий газраас "Чинхаш”компанийн татварын өрийн асуудлаар ярилцлага авах гэсэн боловч компанийн нэр хүндийн асуудал гээд ярилцлага өгөхөөс татгалзлаа.
Гэхдээ бид Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргын өрөөнд бидэнд ярьсан зарим зүйлийг нууцаар бичиж авсан юм. Татвар буй дор төр буй гэдэг. Монголын татварыг бүрдүүлэх байгууллагын хүмүүс ингэж ярьж байгаа нь хачирхалтай!!!
Баримт-2
"Чинхаш” компани нь Уурхайн үйл ажиллагаа өргөтгөхийн тулд  БНХАУ-ын "Тиан Жэн Шиэн Шин Ий” компаниас 12 сая юань буюу 4 тэрбум 560 сая 374 мянга 839 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж,  уурхайн үйл ажиллагаандаа зарцуулсан ч эргэж төлөгдөөгүй учир шүүхэд  "Чинхаш” компани дуудагдсан баримт байна.
Ингээд уурхайн үйл ажиллагаа бүрхэг болж, үйл ажиллагаа нь  ч зогссон байна. Харин уурхай хөрөнгө оруулалтын маргаанаас үүдэн  хоёр  хятад эзэнтэй болсон байна. Тэд хоорондоо шүүхдэлцэж, өөр өөрсдийн хамгаалалтын албыг уурхайд байрлуулсан байна. Манай сурвалжлах баг газар дээрээс нь очиж, сурвалжлахаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумыг зорьсон юм. Мөн уурхайн ойр орчимд нутагладаг нутгийн малчидтай ч уулзлаа. Анх уурхайн үйл ажиллагаа эхлэхэд нутгийн малчид эсэргүүцэж байжээ. Гэвч нутгийн иргэдийг  цуглуулан олон удаа  хуралдсаны эцэст зөвшөөрснөөр уурхайн үйл ажиллагаа 2014 оны намраас эхэлжээ. Ингэхдээ  "Чинхаш” компани зүгээс нутгийн иргэдэд худаг гаргаж өгнө, сар бүр нөхөн төлбөр олгоно, уурхайн бүс нутагт байгаа малчин иргэдийн оюутны сургалтын төлбөрийг даана гэхчлэн олон амлалтуудыг өгсөн байна. Гэсэн ч үүнээс биелсэн нь 10 худагнаас  өөр зүйлгүй үлджээ.
Уурхайн гадна хоёр төрлийн хамгаалалтын алба гарчээ. Нэг хамгаалалтын алба "Чинхаш”  компанийн хамгаалалт бол,  нөгөө  хамгаалалтын алба  нь "Чинхаш”  компаниас 4 тэрбум гаруй төгрөгийн авцаатай компани хамгаалалтын албаа байрлуулжээ.
Уурхайн хувьд анхаасаа үйл ажиллагаа буруу явсан. ТЭЗҮ болон зураг төслөөсөө хазайсан. Үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллага болон уул уурхайн яамнаас тогтоож, алдаагаа засах үүрэг чиглэл өгсөн ч биелүүлээгүй байна.
Энэ сурвалжлагыг бэлтгэх хугацаанд хятадуудын зүгээс "Чинхаш” компанитай холбоотой сурвалжлагаа битгий гаргаач гэж олон хүнийг манай редакц руу утсаар яриулсан.Бидний зүгээс боломжгүй гэдгээ удаа дараа хэлсэн.  
Эцэст нь харин тэд нөгөө л сурсан зангаараа аашилж бидэнд авлигал өгье гэсэн юм. Харин бид тэдний амалсан мөнгийг баримтжуулан авч, хуулийн байгууллагад өгөхөөр болсон.
Эх сурвалж: TV5.mn

ДУНДГОВИЙН НУТАГ ДАХЬ ДАХИН НЭГ УУРХАЙД ХЯТАД ЭЗДИЙН МАРГААН ДЭГДЭВ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!