Монголын хууль гурав хоног ...

🕔 2019/03/16 14:25

Бид хүнсээ цуглуулахдаа голдуу нийлэг уут буюу гялгар уут худалдан авдаг. Монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон нийлэг уут хүн болон байгалийн эрүүл мэндэд ямар их хор хөнөөлтэйг та мэдэх үү?

Химийн аргаар боловсруулсан хортой эд учраас хүнсний бүтээгдэхүүнийг нийлэг уутанд савлахад урвалд орж хор нь хүнсэнд шингэдэг. Үүнээс болж сүүлийн үед түгээмэл дэлгэрч байгаа элэг, ходоод, нойр булчирхайн үрэвслийг идэвхжүүлж хорт хавдар үүсгэхэд нөлөөлж байгаа талаар эрдэмтэд анхааруулж буй.

Мөн гялгар уут нь хөрсөнд 100-150 жил устдаггүй бөгөөд дахин боловсруулах технологийн шаардлага хангадаггүй. Тиймээс байгалд хөнөөлтэй хог болон хөглөрдөг аж. Тиймээс гадны орнууд нийлэг уутыг хэрэглээнээс хасахад анхаарлаа хандуулж эхэлсэн аж.

Дэлхий жилд 100 сая тонн нийлэг бүтээгдэхүүн үйлвэрлэн гаðгадаг тооцоо байдаг. Үүний 10 хувь нь "эцсийн зогсоол” болох далайд очиж дуусгавар болдог байна. Хамгийн аймшигтай баримт бол далайн амьтад болон шувуугаар дамжин хүнсний бүтээгдэхүүнд их хэмжээний хортой бодис шингэж байгааг мэдэгдэж байна. Монгол орны хувьд бид ч гэсэн нийлэг бүтээгдэхүүн идсэн үхрийн мах, сүү хүнсэндээ хэрэглэж байгааг үгүйсгэх аргагүй.

Ямартай ч манай улс нийлэг уут хэрэглэхийг хориглосон шийдвэр гараад байгаа хэдий монголын хууль гурав хоног гэгчээр өнөөдрийг хүртэл хууль хэрэгжээгүй л байна. Учир нь нийлэг уутыг хурааж хэрэглээнээс гаргаагүйгээс ихэнхи дэлгүүр худалдааны төвүүд нийлэг уутыг худалдаалсаар байгаа юм.

Энэ талаар бөмбөгөр худалдааны төвийн наймаачид "Одоогоор орлуулах бүтээгдэхүүн байхгүй байна шүү дээ. Тэгэхээр хэрэглэхээс өөр яахав. Гялгар уутны оронд хэрэглэх бүтээгдэхүүнээ худалдаанд гаргачихвал бид ч мөн хэрэглээд эхэлчихнэ шүү дээ" хэмээн учирлаж байв.

Дэлхийн чиг хандлагыг манайхан уг нь зөв олж харсан, зөв шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч "Саалиа бэлдэхээр саваа бэлд" гэдэг шүү дээ. Төр засаг хэдий олон нийтийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гарж байгаа хэдий ч өргөн хэрэглээний бараа болчихсон бүтээгдэхүүнд орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зайлшгүй шаардлагатай байна.

Манайд хэрэглэж байгаа гялгар уутны 90 гаруй хувийг хятадаас импортлодог. Хятадад хориглосон технологиор буюу хаягдлаар дахин боловсруулсан, хүнсний бүтээгдэхүүн савлах стандарт шаардагад нийцэхгүй маш хямд, хэт нимгэн нийлэг уутанд хүмүүс ухаангүй дуртай. Ийм хямдад дурлаж, эрүүл мэнд байгалиа сүйтгэсээр байх уу.

Б.Учрал

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!