ХОЁР САЙДЫН ХОС ХУУРАЛТ /"Сонгуулийн түүхээс" цуврал №1/

🕔 2019/02/20 22:54
"Царцаа Намжил нэг дэх ээ баригдсангүй, хоёр дахь аа баригдах шахлаа, гурав дахь аа…яадаг бол”…Дундговийн тал нутгаар "Ган зам зурайн гялалзаад галт тэрэг хурдлан явна”. Энүүхэнд хүрэн нүүрснээс нэрсэн Монгол бензин урсч аймгийн маань баярлаж хөөрсөн дарга нар "Алтан” дээлийнхээ энгэрийг мялааж харагдана. Улаанбаатар орох хурдны замаар машин тэрэг сүлжилдэнэ. УИХ-ын эрхэм гишүүд нээлтийн улаан туузыг хайчлах гэсэн чинь хайч нь даахгүй бололтой удаад байх юм. Хэрэгт дурлан ойртвол энд ч сургууль, цэцэрлэг, тэнд ч өрөө танхим… гээд  шинэ юм болгоныг нээх тууз хайчилсаар байгаад хайчны нь ир барагдчихаж. Хэн нэгнийг шинэ хайч авахуулахаар дэлгүүр рүү  данхар гэгч нь "Жип” хөлөглүүлэн давхиулав бололтой…
Өө, энэ чинь зүүд байна ш дээ. Оргүй хоосон зүүдэлмээргүй юм гэтэл аймгаас маань сонгогдсон УИХ-ын эрхэм хоёр гишүүн ийм ч зам тавина, тийм ч барилга барина гэж амлан  тархи угаасаар   сэтгэлд хоногшчихож. Олон хүн эрхэм гишүүдийн амлалтыг зүүдэлж сэрдэг болчихож.
Аль 2004 онд нэр дэвшээд ирэхдээ л Р.Рааш гуай "Дундговийн  нутгаар төмөр зам дайруулна” гэж барин тавин ярьж нөгөөдөр сонгууль болно гэж байхад "Төмөр замтай Дундговийн төлөө саналаа өгцгөөе” гэсэн захидлыг олон мянган хувиар санд мэнд тараав даа. 2008 онд дахин нэр дэвшихдээ мөн л төмөр замаа ярьсан.  Төмөр зам тавина гэдэг улс орны хөгжлийн стратегитай уялддаг, хэн нэг хүний санаа зоргоор шийдэх асуудал биш гэдэг нь төмөр замын хувьд Монголдоо л "Ноймор нэг” Рааш гуайд байтугай жирийн иргэнд ч дэндүү ойлгомжтой ч сонгуулийн сендромд халуурсан үед хэн хүнгүй л итгэдэг аж. Сонгуулийн өмнөхөн Мандалговьд Улаанбаатар хүрэх засмал хар замын нээлт сүр дуулиантай болж Улаанбаатараас ирсэн Зам ангийхан аймгийн төвийн зүүн хойт хөтөл дээр  олон цагаан гэр барьж машин тэргээ багшруулан тоос манан хадуулж эхлэв дээ. Сонгууль ч дууссан. Зам анги ч ачаа хөсгөө ачаалан нийслэл рүүгээ арилж өгсөн. Шороо асгасан  гурав дөрвөн километр зам ч  талхлагдан тарж бутраад дуусч билээ.  Харин сүүлд хамтарсан Засгийн газрын чармайлт,  улсын хөрөнгө оруулалтаар уул замын ажил эхэлсэн ч  тун урагш муутай яваа л даа. Нөгөө нэг эрхэм  болох Халзхүүгийн Наранхүү гэдэг хүн  Дундговийн хүрэн нүүрснээс монгол бензин нэрэх үйлдвэр барьж  аймгаа төдийгүй, бүс нутгаа хангах амлалтаар цатгачих нь тэр.
Одоо "Хоёр сайдын хос зорилт” хөтөлбөрөөс иш татъя.
"Улаанбаатар, Мандалговь-Таван толгойг холбосон засмал зам тавина. Чойр, Мандалговийг 200 км төмөр замаар холбоно. Дундговийн хүрэн нүүрснээс хямдхан бензин гаргах үйлдвэр байгуулж орлогоор нь цөлжилттэй тэмцэх сан байгуулж усжуулалтын аян өрнүүлнэ. Сум бүрд 40 айлын, аймгийн төвд 400 айлын орон сууц барина. Цементийн  үйлдвэр барина. Хараат, Буянтын ураны ордыг ашиглах үйлдвэр барина… "  гээд тоочоод барахгүй.  Сум бүрд барьж байгуулах зүйлсийн жагсаалтыг уншвал Дундговийг амьдын диваажин болгон хувиргах гайхамшигт  "Үлгэр”  төсөөлөгдөнө. Энэхүү амлалтынхаа дээр "Баруун зүүн хоёр гар шиг, тооно түших хоёр багана шиг ажиллаж чадна. Хэлснээ хэрэгжүүлж амласнаа ажил болгоно. Энэ бол эрчүүдийн үг” гэснийг яах вэ.  Бас "Үйлдвэртэй, устай, ажилтай, амьдралтай, замтай ирээдүйг сонгоцгооё” хэмээн уриалсан.
Гэтэл дөрвөн жилийн дараа гэхэд дээрх амлалтын нэг нь ч  биелсэнгүй дараагийн сонгуулийн компани эхлэв.  Ямар сайндаа "Раашийн замаар Наранхүүгийн бензинийг хийгээд давхихад бидний нас хүрэхгүй нь” гэсэн хошин яриа  ард түмний дунд тарах вэ дээ. Улаанбаатар-Мандалговийн хатуу хучилттай замын ажил 2010 онд эхэлсэн ч дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр Хятадын нэг компани барьж  байгаа ч 2011 онд нэг алхам ч урагшилсангүй. Эхний 104 км дуусах яагаа ч үгүй ч дараагийн 107 км-ийн яриа гарч байна. Энэ зам хэдэн сонгууль дамжих юм бол доо. Чойр-Мандалговийн 200 км төмөр зам бол зөвхөн зүүдэнд юмуу үлгэрт гарах зөгнөл  гэдэг нь бүхэнд ил боллоо. Дундговьд хүрэн нүүрсний их нөөц бий нь үнэн.  Монголын хүрэн нүүрсний нөөцийн ихэнхийг бурхан Дундговьчуудад хайрлажээ. Харин түүнээс хямдхан бензин  гаргах үйлдвэр бариад аймгаа, бүс нутгаа шатахуунаар хангана. Орлогоор нь цөлжилттэй тэмцэх сан байгуулна. Сангийн хөрөнгөөр усжуулалтын аян өрнүүлнэ гэсэн эрхэм гишүүдийн амлалтыг хар даа. .  Нэгэн  хошин ярианд "Харганын ноос түүж эсгий хийнэ. Эсгийгээ арилжиж гүү аваад айраг исгэж ууна гэхээр "Би тэр гүүг чинь унана” гэсэн хүүгээ "Аан чи гүү унаж сувайруулах нь уу” гэж зодсон тухай байдаг.  Эрхэм гишүүдийн амлалттай эгээ адил сонсогдов уу. Орон сууц хаа хаа барина гэлээ. Сум бүрд 40 айлын, аймагт 400 айлын… Ааяа, ямар сайхан мөрөөдөл вэ. Мандалговьд гэхэд хэдэн жилийн өмнө сууриа цутгасан хорин айлын сууц одоо сэрийсэн төмөр төдий л байгаа. Хэзээ дөрвөн зуун айл сууцанд орно доо. Сум бүрд дөчин айл гэдэг бол бас л үлгэр. Энэ талаар аймагт ямар ч бодлого хэрэгжүүлсэнгүй. Харин хоёр гишүүний өрсөлдөгч намаас нэр дэвшигчийн сонгуулийн үед шав тавьсан гучин айлын сууц л саяхан ашиглалтад орсноос өөр нэрлэх юм алга.
Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын барилгад их засвар хийнэ гэж  хоёр гишүүн амласан ч одоо болтол төсөвт тусгагдаагүйгээс Засаг дарга нь арга барахдаа засварын хөрөнгө биш, барилгаа дээрээс нурж  ажилтнууд бэртэлд орохоос сэргийлэн 200 каск авах гурван сая төгрөг  аймгаас  нэхэж явна. Өндөр хүчдэлээс нам хүчдэл буулгах замаар малчны 100 хот айлыг эрчим хүчинд холбоно гэсэн амлалт бас бий. Тус аймгаас УИХ-д гурван удаа сонгогдсон, эрдэмтэн Н.Тогтохын  сэдсэн энэ технологийн хүрээнд түүний хөөцөлдөж эрчим хүчинд холбосон хэдэн хот айлаас хойш бараг нэмэгдсэнгүй.  Харин ч холбосон  арваадхан хот айл нь ч байнгын гэрэлтэй байж чадахгүй л сууна.
Аймгийн музей, театрын шинэ барилга барих амлалт одоогоор цаасан дээрх зураг төдий. Малчдыг малын хөлийн татвараас чөлөөлнө,  ажилгүйдэлгүй аймаг болгоно,  сумдын  багийн төвүүдийг төвлөрсөн эрчим хүчний системд холбоно гэж цагаан дээр хараар бичсэн нь үлджээ. Уул нь эхлээд багуудаа төвтэй болгох тухай, дараа нь эрчим хүчний тухай яримаар. Энд эрхэм гишүүдийн амлалтаас цаасан дээр үлдсэн  хэдхэнийг иш татлаа. Энд тэнд хийсэн уулзалт, цуглаан дээр хэлсэн, ярьсан амлалтыг энд авсангүй. Мөн тус аймагт ажил идэвхитэй эрж яваа хүний тоо мянга даван эргэлдэж байгаа. Ажилгүйдэлгүй аймаг болоход  тэр мянгаад хүн "шавар хаах” уу.
Хоёр сайд сонгуульд нэр дэвшиж явахдаа "Дундговь бол сайдын одтой аймаг юм. Хэрвээ сонгуульд ялвал дөрвөн сайдтай ч болж мэднэ.  Жишээ нь, Н.Болормаа гээд сайд болчих, урд нь ч сайд байсан хүн байна гэж сурталдав. Харамсалтай нь сонгуулийн дараа Дундговиос сайдын тоо нэмэгдэлгүй, нэг ч үгүй болов. Сонгуульд нам  нь ялсан ч сайдын тоо нэмэх байтугай өмнөх хоёр сайдыг маань "мулзлав”  "Их санасан газар есөн шөнө хоосон”  гэгч Дундговьд  болжээ. Сонгогдсон хоёр гишүүний амлалт юү болов,
Үнэхээр хоёр сайдын амлалтаас хийгдсэн зүйл алга гэхэд маргах хүн .Дундговьд гарах болов уу.
Үлгэрт юү гэдэг билээ. "Царцаа Намжил нэгдэхээ баригдсангүй. Царцаа Намжил хоёр дахь дээрээ баригдах шахлаа” гэдэг шиг Дундговьчууд  нэгдэхээ хууртлаа. Хоёрдахиа хууртчихсан бололтой. Гурав дахиа… яадаг бол  гэлцэж байх шив.  Хоёр сайд маань нутгийхнаа  хослон хуурчихлаа даа
"Эрчүүлийн үг”-ийг Дундговьчууд одоо нэг сонсохсон. Сонсохгүй ч гэсэн сонгуулиар нэг дүн тавих биз.   /2012 он/

                            С.ПҮРЭВСҮРЭН

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!