ТЕАТРЫН БАРИЛГЫН СУУРЬ ТАВЬСАН "СУУРЬ" КОМПАНИ СУРАГ ТАСРААД 6 ЖИЛ...

🕔 2018/10/04 11:40
Дундговийн театрын 40 баганат ордныг хоёр жилд багтаан барихаар суурийг тавьсан "Суурь" компани сураг тасраад зургаан жил болжээ. Тэр үеийн хэвлэлийн мэдээнээс иш татвал: "Мандалговьд Төв халхын дуулалт жүжгийн театрын шав тавих ёслол боллоо.  Хоёр жилд багтаан, 6,5 тэр бум төгрөгийн төсвөөр  барих энэ театр нь  ер гаруй метр урт, тавиад метр өргөн талбайг эзлэх бөгөөд өндрөөшөө орон сууцны найман давхар барилгатай дүйхүйц аварга том байгууламж  юм. Дөчин баганатай, барилгын нүүрэн тал нилдээ шил, дотроо дөч гаруй танхим, өрөө тасалгаа бүхий энэ барилгын их танхим гэхэд 850 хүний суудалтай.  Мэргэжлийн урлагийн байгууллагын зориулалтаар ийм том барилга Соёлын төв өргөөг эс тооцвол манай улсад өнөө хэр баригдаагүй байгааг уул барилгыг барих тендрт шалгарсан Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн "Суурь” компаны захирал Хорлоо энд үг хэлсэн үгэндээ  онцолж байлаа." хэмээсэн байх юм.  
Гэтэл суурийг тавьсан Хорлоо захиралтай "Суурь" компани сураг тасраад зургаан жил болох хооронд улс төрийн хоёр ч том сонгууль өнгөрч УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эрхмүүд "Театрын барилгын ажлыг өнөө маргаагүй эхлүүлнэ. Төд өдөн онд театрын шинэ барилгад та бүхэнтэйгээ баяртай уулзана" хэмээн амласаар, нэг ёсондоо энэ барилгаар улс төр хийж, өөрийн ахиж дэвших гишгүүр болгосоор өнөө хүрчээ. Дараагийн сонгууль болоход энэ барилгын сэрийж сарайсан суурь байх тусмаа нэр дэвшигч нарын амлалтын "Олз" болдог аж. Энэ барилгын суурийг тавьснаас  хойш Дундговь аймаг дөрөв дэх Засаг даргын нүүр үзээд байна. Нэгэнт сууринд цутгаад олон жилийн цас бороонд зэвэрч муудсан төмөр, бетон хийц тэр хэвээр ашиглах боломжгүйгээс дахин шинээр эхлэхээс өөр аргагүй гэнэ. Гэтэл анхны төсвийн нэлээд хувь энэ суурийн газар шорооны ажилд зарагдчихсан, зургаан жилд барилгын материалын үнэ ханш нэмэгдсэн... шийдэхэд хэцүү энэ барилгын асуудалд аймаг орон байтугай үе үеийн Засгийн газар ч хүчин мөхөсддөг бололтой. Яагаад гэхээр үе үеийн Засаг төрийн тэргүүн ирэхээрээ "Театрын барилгын ажлыг эхлүүлнэ" гэж алга ташуулаад буцдаг ч ажил хэрэг болохгүй, олон нийт хүлээсээр л... Энд анхны суурь тавих ёслол ямар их баяр хөөртэй, сүр дуулиантай эхэлсэн болон одоо зургаан жил "Хэвтэж" байгаа сууриын балгастай зэрэгцүүлэн фото баримтыг мөн харуулав.
С.ПҮРЭВСҮРЭН

 

 

 

 

ТЕАТРЫН БАРИЛГЫН СУУРЬ ТАВЬСАН "СУУРЬ" КОМПАНИ СУРАГ ТАСРААД 6 ЖИЛ...

 



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!