Хүүхдээр зугаа хийж болохгүй

🕔 2019/02/13 19:14

 

Морио дээдэлдэг, дэлхийд Монгол адуугаараа алдартай ард түмэн билээ, бид. Тиймдээ ч эрийн гурван наадмын нэгд хурдан морины уралдаан зүй ёсоор багтдаг. Эрт үеэс морио уралдуулж ирсэн түүхтэй ч сүүлийн жилүүдэд өвлийн морин уралдаан гээчийг зохион байгуулж, өч төчнөөн халуун амь эрсдэж, тахир дутуу болж буй өр өвдөм мэдээ сонсогдох боллоо.

Уг нь хүйтний улиралд буюу газар, зам харгуй хөлдүү, цас мөс, халтиргаа гулгаатай жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сарыг хүртэл хурдан морины уралдааныг зохион байгуулдаггүй байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд энэ шийдвэрээс давж эрх мэдэлтнүүд өөрсдөдөө зориулж уралдаан хийх болоод удлаа. Уршиг нь хүүхдүүдэд тусч, амь насаа алдах, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж байна.

Засгийн газраас өвлийн саруудад хурдан морины уралдаан зохион байгуулахгүй шийдвэр гаргасан. Гэвч хоёрдугаар сард хаврын эхэн сар гарчихлаа хэмээн морь уралдуулж эхэлдэг. Хөдөөд бараг дүн өвлөөрөө шахуу байхад талхны асуудлаа шийдчихсэн хэсэг бүлэг хүмүүс хүүхдээр зугаа хийж байх. Хэлсээр ярьсаар байтал гүйцэтгэх засаглалынхаа шийдвэрийг уландаа гишгэж сонирхол, хоббидоо хөтлөгдөн хөхөө өвлийн хүйтэнд хүүхэд, амьтдыг туйлдуулж буй нь жирийн иргэдийн зугаа цэнгэл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийн хэлснээр сүүлийн 20 шахам жилийн хугацаанд 30 гаруй хүүхэд хурдан мориноос унаж нас баржээ. 2017 онд л гэхэд 2200 орчим хүүхэд мориноос унаж бэртсэн байна. Тэгсээр байтал өвлийн морин уралдаан зохион байгуулсаар, хүүхдийн болоод хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийг үл хайхарч иржээ. Дээрээс нь хурдан морь унадаг хүүхдүүдийн ар гэр амьдралын боломж муутай учраас хэд гурван төгрөг аваад амаа таглуулах нь түгээмэл. Хэн ч хэл ам хийдэггүй юм чинь хэдэн төгрөгөөр аргалчихъя гэх үзэл хавтгайрч буй нь хүний мөс чанар асар их муудаж байгааг илтгэх мэт. Иймээс л хариуцлагыг чангатгаж бүр хуульчилж өгмөөр байна. Цаашлаад хүүхдийн амь насаар "зугаацсан” этгээдэд эрүүгийн хариуцлага тооцдог болъё

Сүүлийн 2-3-хон жилд хурдан морины уралдаанаас болж амь нас, бие махбодиороо хохирсон тохиолдлууд:

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монголын морин спорт уяачдын холбооноос 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан Төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны явцад нийт 16 хүүхэд мориноос унаж 2 хүүхдийн зүүн хөлний шилбэний хэсэг хугарч гэмтсэн;

"Дүнжингарав-2017” төвийн бүсийн хаврын уралдааныг хүйтний улиралд буюу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унаснаас 1 хүүхдийн гарны шуу хэсэг, 1 хүүхдийн хөлний шилбэ хэсэг хугарсан; 

Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан хаврын бүсийн уралдааныг "Засагт ханы хурд -2017” уралдааны үеэр нийт 10 орчим аймгийн уяачид оролцож их нас, азрага, соёолон, эрлийз 4 насны нийтдээ 460 орчим хурдан морьдыг давхардсан тоогоор нийт 153 унаач хүүхэд унаж оролцсоноос 3 хүүхэд мориноос унасан;

Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан "Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хурдан морины уралдаанд нийт 13 хүүхэд морьноос унаж, 3 хүүхэд толгойдоо хүнд, 2 хүүхэд хөнгөн гэмтэл авсан бол 1 хүүхдийн хацрын яс цуурсан; 

Дорноговь аймгийн Засаг даргын А/159 захирамжийн дагуу Сайншанд суманд "Хутагтын хурд-2017” хурдан морины уралдааныг 2017 оны 03 дугаар сарын 12 ны өдөр зохион байгуулсан азарга, их нас, соёолон 3 насны морь уралдаанд 2 хүүхэд морьноос унасан;

Ховд аймгийн Дөргөн суманд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж толгойдоо хүнд гэмт авсан байх ба эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байгаад 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу 16 хоногийн дараа нас барсан;  

Сүхбаатар аймагт 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн "Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан хурдан морины уралдааныг зохион байгуулах үеэр нийт 14 хүүхэд мориноос унасан тохиолдол гарсан байна.

С.Бүжин

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!