Хүүхдийн амь насаар дэнчин тавьдаг уяач нэртэй нөхдөд төр төмөр нүүрээ харуулах цаг болжээ

🕔 2018/03/20 14:47

 

"Дүнжингарав-2018” хаврын бүсийн хурдан морины уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Баянтал гэх газарт хоёр хоногийн өмнө болж өнгөрсөн. Энн үеэр соёолон насны морьдын уралдаан харанхуй шөнө болсноос улбаалан унаач хүүхдүүд унаж, бэртсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэгвэл албан ёсны эх сурвалжаас энэхүү уралдаанд нийт 307 хүүхэд хурдан морь унаж уралдахаар бүртгүүлсэн тухай мэдээллээ. Түүнчлэн насны ангиллаар авч үзвэл, 12 настай 85 хүүхэд, 13 настай 62 хүүхэд, 14 настай 49 хүүхэд,18-аас дээш настай гурван настай хүүхэд уралдсан байна. 
Тэгвэл уралдааны үеэр нийтдээ 16 хүүхэд морьноос унаснаас гурав нь ноцтой гэмтсэн аж. Хоёр хүүхэд ухаан алдсан байдалтай олдсон бөгөөд нэг хүүхэд Чойроос Улаанбаатар хотод хүргэгдэн ирж ГССҮТ-д эмчлүүлж, эрүүл мэндийн байдал харьцангуй сайжирч байгаа гэнэ. Мөн нэг хүүхдийн шилбэний яс хугарсан, өөр нэг хүүхэд ухаан алдан унаж, аймгийн төвд эмчилгээ хийлгэн биеийн байдал харьцангуй сайжирсан тул эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн хэмээн эх сурвалж мэдээллээ.
Ийнхүү шөнөөр морь уралдуулж, хүүхдийн амь насаар дэнчин тавих шийдвэрийг ММСУХ гаргасан бөгөөд уралдааныг зогсоох тухай хүсэлтийг Гэр бүл, хүүхэд, залуучууын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газраас гаргаж,  газар дээр нь хуралдуулсан ч ММСУХ-ныхон авч хэлэлцэлгүйгээр уралдааныг явуулжээ. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучууын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар "ММСУХ-ноос тухайн наадамд оролцож байсан уяачдыг цуглуулж байгаад тайзан дээрээс "Уралдаж байгаа морьдын тоотой, дагаж яваа машины тоо дүйцэхгүйц хэмжээтэй байна. Улмаар уралдаанч хүүхэд өмнөө яваа автомашиныг харалгүй очиж мөргөөд ухаан алдаж байна. Энэ мэтчилэн хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нэг биш тохиолдол гарлаа гэдгийг тайлбарлаж соёолонгийн уралдааныг зогсоохыг зарлаж, уяачдад хандсан. Гэтэл соёолонгийн уралдаан болсон” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Ингэхээр албаны хүмүүс хориглосоор байтал ММСУХ болон уяачид том толгойлон уралдааныг явуулсан аж. Тиймдээ ч хүүхдийн амь насаар дэнчин тавьдаг дээрх уяач нэртэй нөхдөд төр төмөр нүүрээ харуулах цаг болсныг олон нийт хэлж байгаа юм. Ямартай ч  шөнийн цагаар морь уралдуулж олон хүүхдийн амь насыг эрсдэлд оруулсан "Дүнжингарав 2018” уралдаантай холбогдуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг өгсөн байна. 
Тодруулбал, 'Дүнжингарав 2018' морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэг болгосон бөгөөд бэртэж гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийхийг даалгасан байна.
Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!