ЖДҮ-ийн сангийн хулгайч нараа! баярлалаа, та нарт
Хэрвээ би УИХ-ын гишүүн, эсвэл нөлөө бүхий сайд, төрийн дээд албан тушаалтан байсан бол миний эргэн тойрноос, бүр хол хөндий байсан хүмүүс ч хамаарал үүсгээд, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болоод бусад сангуудаас зээл авч өгөхийг, хэлж бүтээж өгөхийн надаас гуйх л байсан байх. Нийгэм ийм чиглэлд тогтчихсон учраас. Аягүй л бол ичсэн нүүрэндээ би ЖДҮ-ийн санлуу залгаад, "УИХ-ын гишүүн Отгонбаатар байна. Манай нэг ийм хүн зээл хөөцөлдөөд наадруу чинь очно, тэрийг нь бүтээгээд өгөөрэй. Тэгж байгаад хоёулаа уулзана аа” гэдэг ч юм уу. Ийм байдлаар аалзын торон сүлжээнд нэгдэж, авлигын механизмыг бугшуулах байсан. Тийм төрлийн түмэн санал хүсэлт, буман гуйлт гувшилтаас, өөртөө хамгийн чухал хүний ажлыг өртэй юм шиг бүтээж өгөх байсан.
Тариалан эрхэлж байна, ийм тийм үйлдвэрлэл хийж байгаа, одоо ийм тоног төхөөрөмж, тийм л ажиллах хүчин, яг түүн шиг гүйцэтгэл хийхэд санхүүгийн хөшүүрэг хэрэгтэй байна. Тэр ажлыг дэмжих сангаас танилгүй бол зээл бүтэхгүй нь, эсвэл чи л хэлж өгөхгүй бол зээл өгөхгүй нь. Санхүүжилт байхгүй гээд байна, нэг хэлээд өгөөч гэдэг ч юм уу,... Тэгэнгүүт, тэр ажлыг нь бүтээх нь миний үүрэг мэт болж, эс чадваас хүний ад болж хэлэгдэнэ. Муучлагдана. Бид ийм л зантай.
Энэ бол УИХ-н гишүүн ч гэлтгүй, ердөөсөө Монголын зовлон. "Улс төрд байгаа хүнийг авлига битгий ав гэж байгаа нь усанд байгаа загасыг ус битгий залги гэж байгаатай агаар нэг” гэсэн үзэл байдаг тухай ч багш маань ярьж байв.
Манай нийгэмд жирийн иргэдийн дунд ч аливаа ажлыг бүтээхийн тулд ямар нэг төрийн албан хаагчид авлига заавал өгч байх ёстой юм шиг хэвшсэн бугшмал хүлцэл оршсоор байгаа. Хэн нэгэн танил нь албан тушаалд хүрэх юм бол түүнийг нь заавал ямар нэг байдлаар ашиглах ёстой гэсэн шуналын тачаал бат оршиж байгаа. Үгүй шүү дээ, энэ улс орон чинь хууль дүрэмтэй, түүнийг нь хэрэгжүүлдэг гүйцэтгэх засаглалтай, дагаж мөрддөг иргэдтэй. Энэ нийгэмд хууль дагаж мөрддөг хүн байгаа шүү дээ. Хүн чинь бас ярьж хэлэхэд ойлгоно, заавал хууль бус зүйл гуйгаад байхгүй байлгүй дээ гэж итгэж, өөрөө ч хэн нэгнээс хууль бус зүйл шаардахгүй, бусдад гай болохгүй амьдрахыг зорьсоор байна.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийн ихээхэн хэсэг нь ингэж үүссэн л гэж таамаглаж байна. Улайм цайм бизнестээ мөнгө оруулаад угаачихсан улс төрчид бол ярих ч юм биш л дээ. Гарцаагүй гэмт хэрэгтнүүд.
Харин та бүхэнд талархах нэгэн шалтгаан байна аа. Одоо та нарынхаа буянаар авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажил хийх боломжтой боллоо. Та нарын бодит кэйс дээр жишээ татаж, "авлига албан тушаалын гэмт хэрэг гэдэг ийм юм. Үр дагаварт нь улс төрч өөрөө гэмт хэрэгтэн болж ял эдэлдэг юм. Тиймээс битгий хууль бус үйлдэл, нөлөөлөл, давуу тал гуйгаачээ” гэдэг ийм л энгийн соён гэгээрлийн ажил хийх боломж бүрдлээ. Төрийн ажлыг угаасаа хийж гүйцэтгэх ёстой юм гэдгийг хүмүүс ойлгох цаг болсон. Нийгэм тэр аяараа та нарыг эсэргүүцэж байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан зүй зохистой ажиллаж, зорилтот зээлдэгчиддээ хүрч байсан бол хичнээн бизнес цэцэглэж, хэдэн ажлын байр бий болж, тенхологийн хөгжил солонгорч, олон олон үйлдвэрлэл хөгжих байсныг таашгүй.
Энэ сангаас зээл авах гэсэн боловч, эрх мэдэлтнүүд шавхаад авчихснаас болж, эсвэл авлига шаардлагатай болсноос, хүнд суртал нь дийлдээгүйгээс ч юм уу авч чадаагүй хүмүүс олон бий. Зарим нь зорилго мөрөөдлөө хаяж байгаа. Мөн зарим нь мөрөөдөл, зорилгынхоо төлөө Банкнаас, банк бус санхүүгийн байгууллагаас хэт өндөр хүүтэй зээл авч, бизнес нь бүтэлгүйтсэн, түүнээсээ болж барьцаалсан хөрөнгөөрөө хохирсон хүмүүс бий. Ажил нь бүтсэн байлаа ч өндөр хүүтэй зээлээсээ болж түүнийгээ бүтээгдэхүүнийхээ үнэнд шиншээхэд хүрч байгаа газрууд ч бий.Үүний нийгмийн хор хохирол, хөнөөлт үр дагаварыг хүмүүс ойлгоно.
Тиймээс та нарыг уучлахгүй гээд байгаа юм. Энэ бүхнийг ухаж бодох ч үгүй, албан тушаалаа урвуулж байгааг чинь хараад л хүмүүс эсэргүүцэж байгаа шүү дээ. Нийгэм та нарыг төрийн ажлыг жолоодох арга зам дээр мэтгэлцэж байна гэж огт харахгүй, гэмт хэргийн бүлэглэлүүдийн хоорондох зөрчил, ашиг сонирхлын төлөөх тэмцэл хийгчид л гэж харж байна. Энэ явдлаас болж дэлхий даяар Монголчууд нүүрээ улалзуулж, ичгэвтэр байдалд орж байна.
Ийм хавтгайрсан авлига албан тушаалын гэмт хэргийн үйлдэл, нөлөө бүхий албан тушаалтнууд холбогдсон хэрэг илэрч, нийгэмд бүхэлд нь тарж байсан явдал манай оронд одоогоор байхгүй. Ийм цаг үеийн тохироо, далд эдийн засгийн хөөсийг хагалж, нийгмийг соён гэгээрүүлэх боломж ховор.Ашгүй, энэ л цаг үед хууль шүүхийн байгууллага хариуцлагатай ажиллаж, авлига албан тушаалтай холбоотой гэмт хэргүүдийг бүгдийг нь хуулийн дагуу шийдвэрлэх шаардлагатай.
Албан тушаалаа урвуулан ашиглах, албан тушаалтай танилаа ашиглах нь ямар хор хохиролтой болохыг ойлгуулж, зөв зүйтэй арга замыг сурталчлах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилж, таниулах маш сайхан боломж юм. Авлигажсан тогтолцооны хөөсийг одоо л хагалж, төрд ассан улаан гэрэл, гацаа, мухардал бүрээс гаргах хэрэгтэй. Энэ бол боломж. Тиймээс, улс орныхоо төлөө ухамсартай байж, хуулийн дагуух аливаа шийдвэрийг хүндэтгэн хүлээж аваарай. Нэг зогтусч хараад, эх орныхоо ирээдүйг бодоорой. Баярлалаа, та нарт!
С. Отгонбаатар