Л.Оюун-Эрдэнэ: Маргааш УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхгүй бол таван гишүүн өлсгөлөнд нэгдэнэ

🕔 2019/01/28 16:04

УИХ-ын гишүүн Ж.БатзанданЛ.БолдХ.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар өнөөдөр "Баялагтаа эзэн Монгол” бүлэг байгуулж байгаа талаараа мэдээллээ.

Уг бүлэгт УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Энх-Амгалан нар нэгдэхээ албан ёсоор илэрхийлсэн бол УИХ-ын С.Жавхланд бүлэгтээ орох урилга илгээсэн байна.

Мөн УИХ-ын гишүүн М.Энхболдыг огцрохыг шаардаж өнгөрсөн баасан гаригаас эхлэн 11 иргэн өлсгөлөн зарлаад байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд "Бид маргааш тэмцлээ ялалтад хүргэнэ. Бидний тэмцэл ганц хүнийг албан тушаалаас огцруулах биш. Хэрвээ маргааш ямар нэгэн шалтаг шалтгаан гаргаад УИХ-ын даргыг огцруулах асуудалд саад учруулвал бид ч улс төрийн хурцын хурц тэмцлийн хэлбэрт шилжинэ. Гэхдээ ийм байдалд оруулахгүй байх. Өлсгөлөн зарласан 11 гишүүн өргөх бичгүүдээ бичиж өгсөн. Үүнийг нь УИХ-ын даргад гардуулна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Баялагтаа эзэн болохын тулд хамгийн түрүүнд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, дараа нь хууль шүүхийн байгууллагад шударга ёс тогтоохын төлөө ажиллана” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "400 орчим сая ам.доллароор худалдаалсан гэх "Эрдэнэт”-ийн 49 хувийг 40 сая ам.доллар болгоод Номуундарь гэх бүсгүйд Сингапурын бүртгэлтэй компанид шилжүүлсэн. Ингэхээр Монгол Улсын хуулиас гараад явчихаж байгаа юм. Ямар нэгэн асуудал үүсвэл Арбитрын шүүх дээр очно. Арбитрын шүүх дээр ялагдах магадлалтай байгаа, ийм чиглэл Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асан өгсөн талаар мэдээлэл байгаа. Хэрвээ "Эрдэнэт”-ийн 49 хувь Монголоос гараад явчихвал яг Оюутолгой шиг нөхцөл байдалд орно. Өөрөө хэлбэл, Монгол Улсын бүх  шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр биш болно. Дараа нь 40-хөн сая төгрөгөөр худалдаж болно. Номуундарь гэдэг хүн 1995 онд төрсөн Батхан овогтой Номуундарьд Пүрэвтүвшин гэдэг залуугаас шилжсэн байгаа юм. "Эрдэнэт”-ийн 49 хувь яахаараа хоёр залуугийн гарт ороод яваад байдаг юм бэ. Энэ бүлэглэл яг ийм зүйл хийдэг. Худалдаа хөгжлийн банк хууль зүйн салбар дээр очихоор "бид мэдэхгүй ээ, бид хамаарал бүхий этгээд биш” гэдэг. Тэгсэн хэрнэ энэ хоёр залууг эцсийн мөчид золиослоно.  Хэрвээ маргааш УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхгүй бол таван гишүүн өлсгөлөнд нэгдэнэ ” гэсэн юм.

 

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!