Ерөнхийлөгч өө, одоо л УИХ-ыг тараая

🕔 2019/01/05 14:56

УИХ-ын үйл ажиллагаа бүрэн зогсоод гурав дахь сартайгаа золголоо. Өчигдөр 2019 оны УИХ-ын эхний чуулган хуралдах байсан ч МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэн намын бүлгээ хуралдуулна гэж завсарлага аваад гишүүдээ тараачихав. Гэвч МАН-ын бүлэг хуралдаагүй төдийгүй УИХ-ын нэгдсэн чуулган ч болсонгүй. Үнэндээ бол, чуулганыг хуралдуулахгүйн тулд худал хэлж арга саам хийсэн болж таарав.

Харин үдээс хойш ажил тарахын өмнөхөн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад "УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг огцруулах” тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 40 гишүүний өргөн барьсан хууль бус шаардлагыг хууль ёсны болгохын тулд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "зэвсэг” болов. Уг хуулийн төслийг нэн яаралтай батлуулахын тулд "Нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх”, "Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх” заалтуудыг төсөлд тусгажээ. Ерөнхийлөгч өргөн барьсан боловч үнэн хэрэгтээ Засгийн газрын боловсруулсан төсөл л дөө. Харин У.Хүрэлсүх илт "ашиг сонирхлын зөрчилтэй” харагдахгүйн тулд мань хүнийг зарсан бололтой.

Гэвч өмнөх парламентын үед баталсан Хууль тогтоомжийн тухай хуулиар УИХ-аар батлан гаргаж байгаа хуулийн хэлэлцүүлэг "иргэдэд ил тод, нээлттэй, олон нийтийн оролцоог хангасан, судалгаа шинжилгээнд суурилсан байх ёстой” гээд хууль боловсруулах, өргөн барих үе шат, шаардлагыг тодорхой тусгаж өгсөн байгаа. Тухайлбал,

-Засгийн газар тухайн бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлах хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгана(7.1)

-Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагын саналыг авч, нэгтгэн судалсны үндсэн дээр Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна (7.2).

-Үндсэн чиглэлийн төсөлд санал өгөх байгууллага нь нийгмийн тухайн харилцааг зохицуулж байгаа хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр уг асуудлаар шинээр хууль гаргах, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлно (7.3)

-Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэн батална (7.4)

-УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслийн жагсаалт, дэс дарааллыг тогтоохдоо Үндсэн чиглэлд тусгагдсан хууль тогтоомжийн төслийг тэргүүн ээлжид хэлэлцэх зарчим баримтална (7.5)

-Үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч хууль тогтоомжоор зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Засгийн газар холбогдох хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж болно(7.6) гэсэн байна.

Товчоор хэлбэл, тухайн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаандаа боловсруулан батлах хууль тогтоомжийн Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барьж батлуулсны дараа энэ Үндсэн чиглэлд багтсан хуулийн тогтоомжийн төслийг дарааллын дагуу УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ гэсэн үг. Онцгой тохиолдлоор Үндсэн чиглэлд багтаагүй хуулийн төсөл өргөн барихаар бол УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч биш, харин Засгийн газар өөрөө боловсруулж өргөн барихаар хуульд заасан байна.

Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг "хуулийн шаардлдага хангаагүй” гэж үзээд хүлээж авахаас татгалзсанд гайхах зүйл алга. Харин Ерөнхийлөгч маань ямар учраас Засгийн газрын өмнөөс хууль өргөн барьсан нь илүү анхаарал татаж байна.  

Уг нь "олонхиороо огцруулдаг хууль батлуулах" санааг анх У.Хүрэлсүх ч гаргасан юм биш, манай соошлынхан л шоглосон хэрэг. Гэтэл "арай ч тэгж тэнэгтэхгүй байлгүй дээ" гэсэн болгоныг манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гүйцээж байна

Үндсэндээ өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-ын нэгдсэн чуулган хамгийн сүүлд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээс хойш бүтэн хоёр сар гаруйн хугацаанд УИХ-ын үйл ажиллагаа бүрэн зогсоод байгаа. Ингэхэд "ЖДҮ”-ийн асуудал анх задрахад л "УИХ-ыг тараана” гэж амласан Ерөнхийлөгч маань одоо хүртэл яагаад энэ үгээ мартчихав? 60 тэрбумыг асуудал Ерөнхийлөгчийн санааг чилээж байгаа нь хэрэв үнэн бол М.Энхболд гэдэг ганц хүнтэй ноцолдохын оронд энэ сүлжээгээр байгуулагдсан УИХ-ыг бүхэлд нь тарааж байж шударга ёсыг тогтоох хэрэгтэй биз дээ. Хувьсгалын тохироо гэж үүнийг л хэлдэг байх.

Тэгэхгүй хуулийн байгууллага нь шалгаж тогтоогоогүй байхад "60 тэрбумынх нь цаашаа”, "60 тэрбумынх биш нь наашаа” гэж нэг хэсгийг яллаад, нөгөө хэсгийг нь хаацайлах эрх Ерөнхийлөгчид байх уу? Эсвэл ЖДҮ-чин Засгийн газрын хаацайлахын тулд 60 тэрбумын гэх хэрэг анх яагаад гарсныг ч мартчихсан уу?

Б.Заяа

 

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!