С.Жавхланг өмөөрч тойргийн сонгогчид нь морьтой жагсана

🕔 2016/07/21 13:47

С.Жавхланг өмөөрч тойргийн сонгогчид нь морьтой жагсана

 

УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн  54-р тойрогт бие даан нэр дэвшиж  "ганц дайчин ганцаарддаггүй” гэдгийг яруу тод харуулж  үнэмлэхүй ялалт байгуулсан  нэр дэвшигч яах аргагүй С.Жавхлан байлаа.  Тэрээр хоёр ч байнгын хорооны гишүүнээр  ажиллахаар болсон. Гэвч сайн явахад садаа мундахгүй гэхчээр Баянзүрхчүүдийн итгэлээр сонгогдсон түүнийг УИХ-ын суудлаас огцруулах гэсэн  оролдлого өчигдрөөс цахим орчинд  идэвхжиж эхэллээ. Тодруулбал,  МУГЖ С.Жавхланг Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1.1, 70.1.4-д заасан заалтуудыг зөрчиж, ард иргэдийн сонгох эрхэд санаатайгаар нөлөөлж, хууль бус аргаар гишүүн болсон хэмээн  УИХ-ын гишүүнээс огцруулах үндэслэлтэй гэж үзэж байгаа аж.

Тэрээр МУГЖ Т.Баясгалантай хамтран "Илгээлтийн эзэд” хандивын тоглолт хийж, малчдад хандив тараасан нь хуульд заасан сонгуулийн жил буюу 2016.01.01-ний өдрөөс 2016.06.29-ний 22:00 хүртэл хугацаанд мөнгө эд зүйлс тараасан, мөн нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа тул холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж буй гэсэн мэдээлэл байна.

"Илгээлтийн эзэд” хамтарсан тоглолтын орлогоо хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад тусламж болгон өгсөн нь С.Жавхлангийн анхны буяны ажил биш юм. Тэрээр мөн 2014 онд "Монгол өлсөх учиргүй" хувьсгалт тэмцлийн тоглолтынхоо орлогоос 12-р сарын 29-ний өдөр буюу Монголчууд Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсаны 103 жилийн тэмдэглэлт өдрөөр Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж байгаа 300 гаруй иргэд,  хүүхдүүдэд Монгол үхрийн сүү бэлэглэж  байсан удаатай. Энэ мэт С.Жавхлан Монголоо гэсэн сэтгэлээр үргэлжид омогшин  хүмүүнлэгийн ажлууд хэдэнтээ зохион байгуулж байсныг түүх мартаагүй түмэн олон ч мартаагүй ээ.

Тэгвэл С.Жавхлан энэ удаагийн сонгуульд бор зүрхээрээ иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээн Их хуралд орж ирээд 20 ч хоноогүй байхад нь  хов живээр хооллогсод түүний суудлыг булаан авахын тулд энэ мэт увайгүй үйлдэл, атаач зан гарган төрд зүтгэх хоёргүй сэтгэл өвөртлөн буй түүний замд "гай” болохоор шийдсэн бололтой.

Гэвч ганц бие даагч маань хэзээд ганцаардахгүй ээ. Түүний ард Баянзүрхчүүд байна цаашлаад Монголчууд байна.  Энэ мэт бусдын хийсэн буяны ажлыг мушгин гуйвуулахаа зогсоохгүй бол С.Жавхланг өмөөрч тойргийн сонгогчид нь морьтой жагсах сурагтай.

 Замын ноход хуцаж, жингийн цуваа явж л байдаг хойно  хов живээр хооллогсдын хорон муу үг, үйлдэлд  тэр мохох Монгол эр биш ээ.

 

Б.АЛТЖИН

Эх сурвалж:Breakingnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!