Хятадын шийдвэр нүүрс экспортлогч орнуудад хүндрэл авчирлаа

🕔 2018/11/29 12:06

Монгол Улсын нийт экспортын 41 хувийг дангаар бүрдүүлж байгаа нүүрсний ирээдүйн орлого 2019 оны төсөвт тусгасан хэмжээнд хүрэх эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ. Энэ нь цаашдаа төсвийг тодотгох, улмаар хөрөнгө оруулалтын зардлаа Засгийн газар танахад хүргэж мэдэхээр байна. Ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтын зардлыг сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа өндөр тавьж өгсөн. Энэ нь биеллээ олохгүй байх эрсдэл оны өмнөөс үүсэж байна. Төсөвт нэг тонн нүүрсний үнийг 75.9 ам.доллараар тооцоолж, нүүрснээс олох орлогоо ирэх онд бүх цаг үеийн дээд цэгт хүргэнэ гэж зурагласан. Уул уурхайгаас олох орлогоо гурван их наяд төгрөгт хүргэнэ гэсэн өөдрөг төсөөллийн суурь нь нүүрс болж байна. Гурван их наяд нь төсвийн нийт орлогын 27 хувийг бүрдүүлж байгаа юм.

 

Уул уурхайгаас олох ирэх оны төсвийн нийт орлогын 86 хувийг зөвхөн зэс, нүүрснээс бүрдүүлнэ. Тодруулбал, 42 сая тонн нүүрс экспортолж байж манай улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн орлоготой болох юм. Боомтын одоогийн хүчин чадлаа сайжруулах замаар энэ хэмжээний нүүрсийг 2019 онд торохгүй экспортолно гэж Сангийн сайд итгэл төгс хэлсэн. Гэвч худалдан авагч талаас ирсэн гэнэтийн "бэлэг” төсөвт хүндрэл дагууллаа. Эдгээр эерэг тооцооллыг орвонгоор нь эргүүлэх ээдрээтэй нөхцөл байдал үүслээ. Нүүрсний зах зээлийн гол худалдан авагч БНХАУ агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч эхэлснээр нүүрсний хэрэглээ хумигдах эрсдэл бий боллоо.

 

Өмнөд хөрш эрчим хүчний бүтцээ өөрчилж, аль болох бохирдол багатай, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглахаар зорьж байна. Үүний нөлөөгөөр нүүрс түшиглэсэн цахилгаан станцын төсөл хөрөнгө оруулагчгүй гацаж, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд үүнд гараа сунгахаас татгалзах боллоо. Тэрчлэн Хятадын Засгийн газар ган үйлдвэрлэгч томоохон мужуудынхаа гангийн үйлдвэрлэлийг бууруулах шийдвэрт хүрч байна. Тухайлбал, Хятадын ган үйлдвэрлэлийн 11 хувийг эзэлж байгаа Хэбэй муж гангийн 64 үйлдвэртэй. Үүнийг 2020 он гэхэд 30, 2025 онд 25 болгож бууруулна хэмээн мэдэгдсэн. Ингэснээр тус мужийн гангийн үйлдвэрлэл 40 сая тонноор, нүүрс олборлолтын хүчин чадал 30 сая тонноор буурахаар байна.

 

БНХАУ-ын хүлээн авч буй импортын нүүрсний хэмжээ энэ оны долоодугаар сараас хойш тогтмол буурч, эсрэгээрээ дотоодын үйлдвэрлэл нь нэмэгдэж байна. Импортоор авах нүүрсээ ийнхүү Хятад танах болсныг агаарын бохирдлоос гадна АНУ-тай хийж буй худалдааны дайнтай холбон зарим эдийн засагч тайлбарлаж байна. Манай улсын нүүрсний өнгөрсөн нэг жилийн хугацаанд биет хэмжээгээр 10 хувиар өссөн ч энэ сараас экспорт буурч эхэллээ. Хятадын нүүрсний хамгийн том нийлүүлэгч австрали хүртэл үүнд өртөж байна. Эрчим хүчний нүүрсний эсрэг импортоо хумих өмнөд хөршийн шийдвэр гангийн нүүрсний зах зээлд ч сүүдрээ тусгаж амжлаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тогтмол өссөн коксжих нүүрсний зах зээл ирэх жилүүдэд агших магадлалтай байна. 2040 он гэхэд япон болон Солонгосын нүүрсний хэрэглээ 50-57 хувиар буурахаар байгааг эдийн засагч Н.Энхбаяр хэлсэн юм. Зах зээлийн хандлага өөрчлөгдөж, эрчим хүчний нүүрсний зах зээлд Энэтхэг шинэ зах зээл болон гарч ирж байна.

 

•Агаарын бохирдлыг бууруулах нэмэлт арга хэмжээний төлөвлөгөөгөө таван сарын өмнө шинэчилсэн нь нүүрсний зах зээлийн тоглогчид үймэлдэхэд хүргэж байна.

•Худалдан авагч талаас ирсэн гэнэтийн "бэлэг” төсөвт хүндрэл дагууллаа. •Өмнөд хөрш эрчим хүчний бүтцээ өөрчилж, аль болох бохирдол багатай, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглахаар зорьж байна.

 

Азид коксжих нүүрс импортлогч гурав дахь том улс болсон Энэтхэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай гангийн үйлдвэр олноор барьж байгаа нь тус улсын импорт жил бүр тогтмол өсөхөд нөлөөлж буй.

 

BI-ийн судлаачид Энэтхэгийн коксжих нүүрсний импорт 2020 он гэхэд 64 сая тонн болж, 2017 оныхоос 15 хувиар өснө хэмээн таамаглажээ. Харин өмнөд хөршийн хувьд нүүрсний хэрэглээгээ бууруулах алхмыг зоригтой авч эхэллээ. Агаарын бохирдлыг бууруулах нэмэлт арга хэмжээний төлөвлөгөөгөө таван сарын өмнө шинэчилсэн нь нүүрсний зах зээлийн тоглогчид үймэлдэхэд хүргэж байна.

 

"Хятадын талаас гаргасан коксжих болон эрчим хүчний нүүрсний импортоо огцом бууруулж, царцаах шийдвэр хамгийн багадаа ирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх магадлалтай” хэмээн эдийн засагч Л.Наранбаатар мэдэгдсэн юм. Манай улсын хувьд энэ оны эхний арван сарын хугацаанд 31.3 сая тонн нүүрс экспортолж, 2.4 тэрбум ам.долларын орлого олсныг үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Үлдсэн хоёр сарын хугацаанд дөрвөн сая тонныг экспортлох, үгүй нь хил дээр үүссэн гацаанаас болж хүндэрч мэдэхээр байна.

 

Монголын нүүрсний экспортын 50 орчим хувийг гаргадаг Гашуунсухайт-Ганцмодны боомтын тээвэр есдүгээр сартай харьцуулахад гурав дахин буураад байгаа. Тус боомтоор пүрэв гарагт гэхэд нүүрс тээврийн 250 машин гарсан нь хил дээрх саатал хэр гүнзгийрсэн гэдгийг илтгэх аж. Хятадын гангийн үйлдвэрлэл аажмаар буурч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр баримталж буй хатуу бодлогын дагуу өмнөд хөршийн зах зээл дотогшоо тэлж байна. Дотоодын нүүрсний компаниудаа ажилтай, орлоготой байлгах үүднээс технологийн шинэчлэл эрчимтэй явуулж, импортоо царцаах болсон нь манай улсын төсөвт тодотгол хийхэд хүргэж мэдэхээр байна. Нүүрсний экспортын хэмжээ болон орлогоо хэт өөдрөг тооцолсон нь эдийн засагт ч ярвигтай байдал үүсгэх эрсдэлтэй.

 

Ubinfo.mn

 

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!