“Нарлаг Монгол” гэдэг гүүр

🕔 2016/07/18 11:46

АСЕМ гэдгийг энгийн танилынхаа нэр шиг хэлдэг болоод үлдлээ миний ард түмэн. Америкийн амбицгүй, арабын мөчөөрхөлгүй хоёр том тивийн зааг дээр товойх Монгол Улс тэрбум хүний анхааралд хэд хонолоо. Уяа дүүрэн онгоцтой, хоймор дүүрэн зочинтой, тэнгэр дүүрэн магтаалтай гурав хоногийг үдлээ. Франц дахь халдлага, Туркийн цэргийн эргэлтийн дуулианд дэлхийн улс гүрнүүд хэрхэн хандаж буй мэдэгдлийг Азийн Монголоор хаяглан дэлхийн тэрбум хүн сонсов. 

 

Европын холбоог ахалдаг нэг эрхэм "улсаа сайн удирддаг шигээ АСЕМ-ийг сайн хөтөлж явууллаа” гэж айлын хоймор, төрийн тэргүүнийг магтав. Эвээ нэгтгэж, нэрээ хичээж дэлхийн гэр бүлүүдийн өмнө Монгол маадгар үлдэж чадав.

 

Бээжин Москватай барьцаж өөрийн төв талбайд цэргийн парад алхуулж Бээжингийн "День победи” хийж байлаа. Хятадын төрийн тэргүүн дэлхийд зөвшөөрөгдсөн төрийн тэргүүнүүдээр хүрээлүүлж өөрийгөө "рекламдаж” чадсан бол Монголын Ц.Элбэгдорж баруун зүүнгүй томчуудтай нь гар барьж найрсаг ард түмнээ дэлхийд тодруулж чадав. Манай Ерөнхийлөгч Ази-Европ хоёр тивтэй зэрэг гар барьж, зочломтгой цогтой ард түмнийхээ хийморыг сэргээлээ.

 

Ц.Элбэгдорж "Good” гэж нөхөрсгөөр ярьсан зочдын ард Монгол "ОК” юм байна гэсэн хөрөнгө оруулагч бизнесүүд нэг эгнээнд орлоо.

 

Монголд улс төрийн зөрчил, эрх мэдлийн будилаан арилж, төр нь тогтворжиж, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болж байгааг зочин тэргүүнүүд нүдээр харж мэдрээд буцлаа. Олон орны удирдагч төрийн түшээ сайд нар Монголд хийх хөрөнгө оруулалтыг дэмжих, батлан даах сэтгэл зүйн нэгдэлтэй болоод буцлаа.

 

Зочдыг ирэхэд сэтгэл тэнэгэр угтан авч, хөл хөнгөн, мэрийлт дүүрэн гүйсэн Ерөнхийлөгчөө ард түмэн нь ойлгож хүрээллээ. АСЕМ амжилттай боллоо. Ази Европыг гурав хоног даргалсан Ерөнхийлөгчид ард түмэн нь маш "онц” гэсэн дүнг өглөө.  Ийм дуу нэгтэй 100 хувийн үнэлгээ улстөрч бүхэнд тохиогоод байхгүй.

 

Боинг хүлэглэн дэлхийгээр нэг тойрч Монголоо  магтахын наана дэлхийн талыг хөх тэнгэрийнхээ дор авчирч чадсан урмыг хэдэн тэрбумаар үнэлэхгүй. Ард түмэн ийм нэр төрийн царыг мэднэ. Монголчууд омогшсон, нэгдсэн. Энэ бүхний оройд итгэл төгс байж тэргүүн тугийг гартаа атгасан хүн нь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж байлаа. Баргийн сайн юмыг таллаад шуугидаг сошиалынхан гар атгалцсан мэт АСЕМ- ийг магтлаа.

 

Ази Европын бие биесийн зүг хийх алхамд Нарлаг Монгол гэдэг гүүр байгааг харуулж чадлаа.

 

Өвөг дээдсийн гаргасан тив холбосон Торгоны замыг дахин нээж шинэ зуунд туузыг нь хайчилсантай дүйцэх хурлыг Ерөнхийлөгч даргалаа. АСЕМ-аар Монголчууд "Good” байлаа. Дэлхий Монголыг дахин нээж хамтдаа хөгжье гэлээ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!