Сумдын тоог цөөлж, төсвийн нурууг тэнийлгэе

🕔 2018/10/16 17:56

 

Сумдын тоог цөөлж, төсвийн нурууг тэнийлгэе

 

Орон нутгийн хөрөнгө оруулалт их наядаар тоологдох хэмжээнд хүрлээ. Хүн амын тархмал байдлаас болж татвар төлөгчдийн хөрөнгө жил ирэх тусам үр ашиггүй зүйлд улам их зарцуулагдах болсон нь эндээс шууд харагдана. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээллээр 1996 онд Монгол улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдарч байсан бол нийслэлийг чиглэсэн шилжих хөдөлгөөнөөр сумдад амьдрах хүн амын тоо эрс буурсан. Орон нутгийн хүн амын тоо 2000 онд нийт хүн амын 44 хувь байсан бол 2013 гэхэд 31 хувь болтлоо эрс буурчээ. Сүүлийн 10 жилд гэхэд нийслэлд албан ёсоор шилжин ирэгсдийн тоо 490 мянгаар нэмэгдэж, 2.14 саяд хүрлээ. Үүн дээр сумдаас ажил хайж, амьдрал бараадаж ирэгсдийг тооцвол нийт хүн амын 25 хүрэхгүй хувь нь орон нутагт амьдарч буй. Ийм байхад төсвийн дийлэнхийг орон нутаг, тэр тусмаа сумыг сөнөөчихгүйн тулд хуваарилж буйг шог гэхээс өөрөөр яаж тайлбарлах билээ. Монгол улсын 330 сумын ихэнхийг үнэндээ оросууд л түүхий эдийн бааз сууриа бэхжүүлэхийн тулд байгуулсан. Түүнээс бус нүүдэлчдийн түүхтэй холбоотой суурин газар цөөхөн юм. Харин жалга довны үзэлд "Тархиа базуулсан” бид ЗХУ-ын үеийн хүлээсийг тайлж чадалгүй өдий хүрсэн.

Одоо үүнийг залруулахгүй бол олон зуун тэрбум төгрөг үр дүнгүй зүйлд зарцуулагдаж, хөгжлийн чөдөр тушаа болсоор байна. Хэдэн жишээ дурдахад л татвар төлөгчдийн мөнгө тойрог нэртэй УИХ-ын гишүүдийн "Усалгааны талбай”, сум нэртэй хэдхэн хүний хэрэгцээнд зарцуулагдаж байгаа нь тодорхой харагдана. Тухайлбал, Завхан аймгийн Асгат гэж сум байх. тэнд Статистикийн хорооны 2017 оны тооллогоор 969 хүн амьдарч байгаа аж. Мянга хүрэхгүй хүн амтай сумын захиргаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн үйл ажиллагааг "гал алдуулахгүй” барьж байхын тулд 10 мянга гаруй оршин суугч бүхий сумтай ижил зардал гаргаж буй. Дээр нь нэмээд жилийн жилд хэрэгтэй, хэрэггүй зүйлд ч төсвийн мөнгийг цацсаар байгаа. 2019 онд дээрх Асгат суманд нийтийн спортын талбай байгуулахаар 92 сая төгрөг төсөвлөжээ. Мөн 1397 хүнтэй өмнөговь аймгийн Ноён суманд эмнэлгийн барилга барихаар нэг тэрбум төгрөг зарцуулахаар болсон.үүнээс гадна төсвийн хөрөнгийг судалгаагүй зарцуулдаг байдал ч хаа сайгүй хэвшил болж эхэллээ. 1985 хүн амтай хэнтийн Цэнхэрмандал суманд цэцэрлэгийн барилгыг 1,9 тэрбум төгрөгөөр барихаар болжээ. Гэтэл Цэнхэрмандал сумын хүн амын төрөлтийн ерөнхий коэффициент ҮСХ-ны судалгаагаар сүүлийн таван жилд огцом буурч, 17 хувьд хүрчихээд байхад шинээр цэцэрлэг барих ёстой гэсэн сэтгэлгээгээр мөнгө үрж байна.

Хүн ам багатай сумдын захиргаа, сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн шинэ барилга хийгээд урсгал зардалд энэ мэтчилэн мөнгө цацдагийг нэг бүрчлэн дүгнэвэл сонины хэдэн хуудас дүүрэхээр байна. Монгол улсын хэмжээнд хоёр мянга хүрэхгүй хүн амтай 45 сум байгаа бол гурван мянга хүрэхгүй хүн амтай 100 сум бий. Хүн амхарьцангуй бага эдгээр засаг захиргааны нэгжийг тэжээхийн тулд УИХ-ын гишүүд төсвийг "хорлож” байгаа нь шударга бус. Цаад утгаараа татвар төлөгчдийг хорлож байгаа хэлбэр юм. Тиймээс гурван мянган хүнтэй суурин газарт сумын статус олгодог болчихвол 145 сум хасагдаж тэр хэрээр төсвийн хөрөнгө хэмнэгдэх боломж нээгдэхээр байгааг эрхэм түшээд эртхэн ухамсарлах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, эдгээр суманд зарцуулж байсан төсвийн хөрөнгийг үлдсэн 158 суманд зарцуулсан шиг зарцуулж, тохижуулсан шиг тохижуулаад үйлдвэрлэл, үйлчилгээг сайжируулчих юм бол хүссэн, хүсээгүй хасагдсан сумын иргэд татагдан очно шүү дээ. Төр өдий хүртэл зоригтой алхам хийж чадахгүй байгаагаас томоохон суурингууд хөгжлийн гацаанаас гарахгүй байна. Төр ч юу байхав улсын хөгжилд ташуур өгөх ёстой үе үеийн УИХ-ын гишүүдийн аминчхан бодол, довоо шарлуулдаг шунал чөдөр тушаа болсоор. Үндсэн хуулиар засаг захиргааны нэгжийн шинэ хуваарилалт хийх эрхийг УИХ-д олгосон.

• Уул уурхай хөгжиж буй Ханбогд, Цогтцэций сумын хүн ам гурав дахин нэмэгджээ.

• УИХ-ын гишүүд улсаа хөгжүүлэхийн тулд амь бие хайрлахгүй зүтгэх тангарагтай болохоос тойргоо тойглоно гэж ам гараагүй байх.

• Монгол Улсын хэмжээнд хоёр мянга хүрэхгүй хүн амтай сум 45, гурван мянга хүрээгүй хүн амтай сум 100 байна.

УИХ-ын гишүүдийн 39 нь л үүнийг зориглоод хийчих юм бол ирээдүйд үнэлэгдэх гавъяа байгууллаа гэсэн үг. Энэ парламентад ийм боломж ч бий. Нийслэлээс сонгогдсон 28 гишүүн дээр 11 хүн иргэний зориг гаргачихвал улсын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр болох санж. УИХ-ын гишүүд улсаа хөгжүүлэхийн тулд амь бие хайрлахгүй зүтгэх тангарагтай болохоос биш тойргоо тойглоно гэж ам гараагүй байх. Нүдэн дээр нь сум орон нь эзгүйрч, хүн амьдрах хүсэлгүй байгааг илтгэсээр байтал өнөө маргаашийн будаг, шавраар өөрсдийгөө хуурч байгааг гишүүд мэдэрч л байгаа. Ирээдүй тэдний өмнөөс харамсаад барахгүй гэдгийг ч бас мэддэг байх. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дүүргүүдийн хүн ам өсч, аймгийн статустай болгох нөхцөл, шаардлага тулгарсан гэж үздэг. Яг үүний адил сумдыг хүн амын тоогоор нь статус тогтоож, хүрэхгүйг нь татан буулгаж яагаад болохгүй гэж. Дургүйд хүчгүйн үлгэр л энд үйлчилж байна. Орон нутаг дахь хүн амын шилжилт хөдөлгөөнд хийсэн судалгаагаар уул уурхай түшиглэсэн, ажлын байр бий болгосон сумдын хүн амын тоо огцом өссөн үзүүлэлт бий. Арван жилийн өмнө гурван мянга хүрэхгүй оршин суугчтай байсан Өмнөговийн Ханбогдод 6.9 мянга, Цогтцэций суманд 7.4 мянган хүн албан ёсоор бүртгүүлжээ. Түүнийг дагаад хүнс, бараа бүтээгдэхүүний жижиг, дунд үйлдвэрлэл ч эрчимтэй хөгжсөн. Энэ нь сумдын хүн ам өсөхөөр тухайн орон нутгийн өрсөлдөх чадвар нэмэгдэж байгааг тодорхой харуулж байгаа юм. Үнэхээр л бид хөгжихийг хүсч байгаа бол төсөв хөрөнгөө зөв, оновчтой зарцуулдаг болох учиртай. Суурин, баг болгоны тоогоор мөнгө төсөвлөөд байх аваас энэхүү "хөрөнгө оруулалт” ямар ч үр дүнгүй, элс рүү асгасан ус лугаа ор, мөргүй болно гэдгийг эрхэм гишүүд ойлгодог баймаар юм.

П.Батбөх

Засгийн газрын мэдээ



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!