ОЮУТОЛГОЙН "НЭВТЭРХИЙ ТОЛЬ" С.САНЖДОРЖ ГАВЬЯАТ

🕔 2018/10/13 22:31

Оюутолгойд дахин ирлээ. Хуучин танил Санждорж инженер танилцуулгаа хийгээд л зогсч байна. "Оюутолгойн "Нэвтэрхий толь" гэж хэлж болох  энэ эрхэм түрүү уулзсанаас хойно   Аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэсэн эрхэм дээд цол хүртсэн юм. Түүний тухай таван жилийн өмнө бичсэн тэмдэглэлийн хэсгээс дахин нийтэллээ

...Зүүхэн өмнө нь Галбын уул зээглэн Ханбогд хайрхан сүүхийх бол баруун урагшаа Жавхлант хайрхан говь нутгийн тэнгэр өргөн дүнсийх энэ элчилгүй их ухаа шаргал талыг Оюу толгойн их бүтээн байгуулалтын барилгууд номин цэнхэр өнгөөр чимэглэх нь говийн мяндсан зэрэглээнээ торолзоод бүр ч үзэсгэлэнтэй.

             Манай хөтөч Санжаа инженер.Биднийг Оюу толгой төслийн дэд ерөнхийлөгч Самандын Санждорж гэж яриа хөөрөөтэй, наргианч эр угтан энэ хоёр өдөр хамт ажиллахаа мэдэгдлээ. Хуучнаар Зөвлөлтийн Эрхүү хотод политехникийн дээд сургуулийг далаад оны эхээр геофизикч мэргэжлээр дүүргэснээс хойш өмнийн говийн бүс нутагт дөч дэх хавраа угтаж үдэж яваа энэ эрхэм өргөн уудам нутгийнхаа хаана нь ямар эрдэнэс нуугдаж альхан хэсэгт нь ус ундны нөөц халгиж цалгиж байгааг арван хуруу шигээ мэднэ гэхэд хэтрүүлэг болохгүй. Түүний итгэл төрүүлэхүйц барин тавин яриа, онож хэлсэн адилтгал зүйрлэл, асар өргөн мэдлэг, геологийн арвин туршлагыг ажиглахуйяа энд нэг номерийн илтгэгч нь Санжаа юм. Олон түмнийг эргэлзүүлсэн Оюутолгойг үнэн бодитоор нь ойлгоёо гэвэл Санждорж инженерийн яриаг сонсохгүйгээр бүтэх ажил биш санагдана. Түүний утас байн байн дуугарах авч англиар товч хариулан таслах юм. Ер нь биднээс бусадтай дандаа л англиар яриад байх шиг. Хаа тэртээ Завхан нутгийн хүүд ийнхүү их говийн сая сая жилээр нууцлагдсан их үүцийг задлалцах хувь тохиосон ажгуу.

Таваас долоон мянган жилийн тэртээ энд зэсийн хүдэр хайлуулж хүрэл зэвсэг үйлдвэрлэж байсан ул мөр энд бий. Тэр ч бүү хэл эртний булшнаас хайлсан хүдрээс ялгарсан ногоон зэс олддог нь талийгаачдыг оршуулахдаа өргөл барьц өргөн их гал түлж байсны үлдэц ором аж. Энд ямар нэг эрдэнэс байна гэдгийг хүмүүс их эрт мэдсэн нь Оюу толгой гэсэн нэрнээс ч илт. Харин тэрхүү оюутай толгой нь аль вэ гэвэл хараанд өртөөд байх тогтоц алга. Баруунтаагаасаа бараг ажиглагдамгүй, говийн нүцгэн тал төдий, зүүн талаасаа хаа ч таарах ухаа толгодын л нэг. Гэлээ ч энд нөөцөөрөө болоод хүдрийн агуулгаараа дэлхийд эхний аравт орох их орд нээгдэн хоёр мянган дамжсан их бүтээн байгуулалт өрнөж байна. Одоогийн тогтоогоод байгаа нөөц, агуулгаар нь "Уралдуулвал” Оюу толгой дэлхий дээрх ордуудаас гуравт яваа. Одоо ч хийгдсээр байгаа хайгуулын шинэ үр дүн гарах бүрд энэ байр урагшлахыг, бүр түрүүлэхийг ч байх гэх газаргүй.

Түүх сөхье. 1958 онд Оросын геологич Ю.Я.Петрович Оюу толгойг "Шаварлаг занар, зэсийн хүдэржилттэй” гэж тодорхойлсон бол манай нэрт геологич Д.Гарамжав гуай 1983 онд Ханбогдын ууланд ажиллах явцдаа "Исэлдсэн хүдэр байна. Нарийвчилсан судалгаа хийх нь зөв” хэмээн дүгнэснээс үзвэл энэ бүс нутаг эртнээс геологичдын анхаарлыг татсаар иржээ. Харин энд 1997 оны дөрөвдүгээр сарын 22-нд С.Санждорж даргатай анхны хайгуулын анги гурван гэртэй ирж бууснаар Оюу толгойн шинэ түүх эхэлсэн гэж болно. "Баруун талын гэр нь миний сууц. Нутгийн малчин Намсрай илүү гэрээ өгсөн нь энэ. Өглөө нар мандахад диско баарны гэрэл шиг энд тэндгүй цацран туяарч гэрэлтдэг бүрээстэй ч Оюу толгойн эзгүй тал дахь миний анхны гэр орон болохоор ер мартагддаггүй юм” гэж өнөө Санждорж дурссан. Хайгуулын арав гаруй жилийн адал явдал, баяр жаргал, зовлон бэрхшээл, үүх түүхийн талаар Санжаагаас маш өргөн мэдээлэл авсан ч сонины нэгхэн нүүрт багтаах боломжгүй юм даа. Зөвхөн энэ талбайд 2004 он гэхэд өрмийн 22 машин нүргэлж байсан, газрын гүнээс өрөмдлөгөөр авсан дээж /керн/ гэхэд нэг сая, хоёр зуун мянгаар тоологдон одоо ч ирийтэл өрөөстэй харагдана. Өвлийн тэсгим хүйтэнд автомат хөрөөгөө усаар норгон дээжээ хөрөөдөж байгаа залуу геологич Наранхүүгийн гарынх нь арьсны шар үс өрвийтөл босчихдогсон. Хэцүү байсан шүү гэж Санжаа өнөө дурсах юм. Өмнөд оюу орд бүхэлдээ ил уурхайн 2,7км:1,5км талбай. Эндээс хүдрийг ил аргаар олзорлож байгаа. Нөгөө нэг орд нь Херуга. Энэ нэрийг хамба лам Чойжамц гуай айлдахдаа "Амар амгалан” гэсэн санскрит үг хэмээн тайлбарлажээ. Говийн Догшин ноён хутагт Данзанравжаа өөрийн байгуулсан Галбын гурван хийдийн нэгийг Дэмчог гэж нэрлэсэн нь ийм утгыг агуулдаг аж.

Өөр нэг нь Хьюго Даммитын орд. Оюу толгойн ордыг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн, нэрт геологичийн нэрээр нэрлэгдсэн. Хьюго Даммит 1996 онд Канадын хойт хэсэгт бүлэг алмазын орд нээсэн гавьяагаараа алдаршсан, дэлхий нийтийн геологичдын нэр хүндтэй сэтгүүлийн редактороор ажиллаж байсан эрхэм юм.

С.ПҮРЭВСҮРЭН

ОЮУТОЛГОЙН "НЭВТЭРХИЙ ТОЛЬ" С.САНЖДОРЖ ГАВЬЯАТ

 


 

 

ОЮУТОЛГОЙН "НЭВТЭРХИЙ ТОЛЬ" С.САНЖДОРЖ ГАВЬЯАТ

 

ОЮУТОЛГОЙН "НЭВТЭРХИЙ ТОЛЬ" С.САНЖДОРЖ ГАВЬЯАТ

ОЮУТОЛГОЙН "НЭВТЭРХИЙ ТОЛЬ" С.САНЖДОРЖ ГАВЬЯАТ

 


 


 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!