Мандалговийн гэр хорооллын нэрийн учир

🕔 2018/09/19 08:50

 

Мандалговийн гэр хорооллын нэрийн учир

 

Мандалговийн гэр хорооллын нэрийн учрыг  олон нийтийн сүлжээнд янз бүрээр тайлбарласан, асууж сурагласан байх юм.  Энэ тухай ерээд оны эхээр миний бие аймгийн сонинд сонирхуулан бичиж байсныг  аймгийн "Нэвтэрхий толь”-д оруулсан харагдсан. Эл асуултад өөрийн мэдэх зарим тайлбар өгье.

 Айраг.  Одоогийн Айраг багийн хороолол байгаагийн хойт дээр  жараад оны үед "Айргийн эмнэлэг” гэж хэдэн цагаан гэр бариад тэнд сүрьеэ өвчтэй хүмүүсийг айргаар эмчилдэг байсан.  Одоогийн  "Айраг” хороолол байгаа газар зундаа  айлууд лагерлан зусдаг,  түүний хамгийн хойно тусгайдуу аймгийн дарга нар \Товчоо, захиргааны гишүүд\ лагерт гардаг байв. Сүүлд айргийн эмнэлэг ямар шалтгаанаар татан буугдсаныг  мэдэхгүй. Тэр үед ажиллаж байсан Хандсүрэн эмчээс асууж болох юм.

Мандал.  Энэ мэдээж, Мандалын говийг захалсан гэдэг утгаар өгсөн нэр байж таарна.

Төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтав "Дамдины Сүхбаатар” найраглалдаа:

 "Мандалын говьд очвол ховоо болмоор толгой байна

Манай чавганцын дэргэд бол шанага болмоор толгой байна” хэмээн шүлэглэсэн байдаг бол Төрийн шагналт , Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа "Мандах нарыг дагуулсаар Мандалын говиос ирлээ би” гэж,  Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров:

 "Мандалын говиор бороотой гэж радиогоор зарлахад

Манай нутагт сайхан зун болох нь ээ гэж

Магнайн атираа тэнийнэ” гэж шүлэглэсэн бий.

  Арвижих: \Ингэж бичихээр журамласан\  Энэ бол Улаанбаатарын зам гардаг хөтлийн цаад жижигхэн жалгыг "Арвижихын гол” гэдэг. Энэ жалга зунтай жил сайхан нууртай, өвөлдөө толин цэнхэр мөстэй, дунд сургуулийн сурагчид хичээл тараад  тэшүүр авч очин гулгадаг, бүр жараад оны дундуур тэшүүрийн тэмцээн болж байсан юм. Жар,  далаад  онд манай аймагт өвлийн спорт их хөгжиж цана, тэшүүрийн уралдаан их болдог, ахмад багш Д.Аюур агсан цанын спортын нэгдүгээр зэрэгтэй, Хүний их эмч Д.Отгонбаатар цанын спортын мастер болсныг мэдэх юм.

 Боржгин. \Энэ нэрийг ингэж бичихээр журамласан\ Аймгийн төв Мандалын говийн хойт Зоогийн Харын энгэрт төвлөснөөс хойш аймгийн төвийн зүүн дэнжид  хуучин Боржгин цэцэн вангийн хошуунд харъяалж байсан Цагаандэлгэр, Говь-Угтаал,  Баянжаргалан сумаас ирсэн айлууд бууж эхэлсэн тул "Боржгин дэнж” хэмээн нэрлэжээ. Энэ тухай сэтгүүлч Б.Аасүрэнгийн ирүүлсэн "Боржгин дэнжээс болж буруудсан дарга” гэсэн өгүүллийг дор нийтлэв.

     Гүрбазарын Батсангас Угтаал нутагт төрж өссөн. Улс төрийн өндөр боловсролтой, нутгийн ууган сэхээтний нэг ажээ. Тэрээр 1940-өөд оны дундуур жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит намын шинэ хүчний дээд сургуулийг дүүргэж, Дундговь аймгийн МАХН-ын хорооны суртал ухуулгын ажил эрхэлсэн нарийн бичгийн дарга, аймгийн "Чойбалсанч” сонины эрхлэгчээр 20 гаруй жил үр бүтээлчээр ажиллажээ. Г.Батсангас зарчимч, дутагдалтай эвлэрдэггүй хүн байсан нь түүний хэвлэлд нийтлүүлсэн материалууд, аймгийн яам, намын бага хурал дээр хэлсэн үгэнд гүнээ тусгагддаг байж.

     Тухайн үед хөдөөнөөс аймгийн төвд ирж суурьших айл өрхийн тоо аажмаар нэмэгдэхэд тэдгээрийг эмх цэгцтэй буулгаж, тусгай хороолол буй болгох тухай яригдахад Г. Батсангас гуай аймгийн зүүн хэсэгт ихэвчлэн Цагаандэлгэр, ГовьУгтаал, Баянжаргалан сумаас ирсэн Боржгин нутгийн хүмүүс байгааг харгалзан тэднийг нэг дор байршуулан "Боржгин” хороолол гэж нэрлэх санал гаргасан нь "Үндэсний үзэл”-ийн хэрэг болж, аймгийн намын хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаасаа өөрчлөгдөх шалтаг болжээ. Хэдийгээр тэр хүн буруудсан ч зүүн сумдын иргэд уг газар ирж суурьшсаар хожим ”Боржгин дэнж” ,” Боржгин баг” болжээ.

                                                                        Фото зургийг Э.БАТ-АМЬДРАЛ              С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!